Хэнтийн нөхөн сонгууль: Чоно цатгалан, сүрэг бүтэн

Хуучирсан мэдээ: 2019.06.17-нд нийтлэгдсэн

Хэнтийн нөхөн сонгууль: Чоно цатгалан, сүрэг бүтэн

Хэнтийн нөхөн сонгууль: Чоно цатгалан, сүрэг бүтэн

Парламентын түүхэнд байгаагүй дуулианд нэр холбогдож, үүнээсээ болоод өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Д.Гантулгыг чөлөөлсөн нь зөв гэсэн ч Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахыг буруутгасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг  өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж гишүүдийн олонх үзсэн билээ. Өөрөөр хэлбэл, 42 дугаар тойрогт буюу Хэнтийд нөхөн  сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох болон зардлын хэмжээг батлах тухай  УИХ-ын  тогтоолын төслүүд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж УИХ-аас дүгнэсэн юм.

Ингэснээр УИХ, эрх баригчид нэр хүндээ аврах гэсэн оролдлого, гэхдээ цаанаа цаг хожих гэсэн тактик  болох нь тодорхой болов. Учир нь, УИХ хэдийгээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй ч нөхөн сонгууль болох эсэх нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэвзээ УИХ-аас  Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй тохиолдолд маргааныг дахин эхнээс нь  хэлэлцдэг журамтай.

Тэгэхээр процессын  хувьд тодорхой цаг  хугацаа шаардагдана.  Эхлээд УИХ тогтоолоо Үндсэн хуулийн цэцэд хүргүүлснээр Их суудлын хуралдааныг 30 хоногийн дотор зарлан хуралдуулж хэлэлцэх ёстой. 

Д.Гантулгыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх иргэн Д.Ганхуягаар дамжуулсан эрх мэдэлтнүүдийн "захиалга"-ыг Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн тавдугаар сард хэлэлцээд өөх ч биш булчирхай ч биш дүгнэлт гаргасан нь улс төрийн хүрээнд багагүй шүүмжлэл дагуулсан юм. Өөрөөр хэлбэл, Д.Гантулыг гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй болохыг тодотгоод харин  УИХ-аас нөхөн сонгуулийн товыг хуульд заасан 180 хоног бус 148 хоногийн өмнө тогтоосон нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн. Мөн Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан ч 42-р тойргийн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр санхүүжүүлэхээр тогтсон нь  хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гарсан юм.  Ийнхүү Цэц Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахыг хоёронтаа хойшлуулж байгаа бөгөөд Үндсэн хуулийн манаачдын дүгнэлтээр Хэнтийн 42 дугаар тойргийнхон Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй лав жил болох гэж байна.   Үүнийг улстөрчид, улс төрийн намууд эрх баригчдын захилга гэж хардаж буйгаа илэрхийлцгээсний нэг нь Ардчилсан намын дарга,  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ. Тэрбээр  “Эрх баригч нам нөхөн сонгуулийг хүчингүй болгуулах Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулах гэж зохион байгуулалттай үйлдэл хийж байгаа нь маш харамсалтай” хэмээн мэдэгдсэн юм. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийн араас Ардчилсан нам, МАХН мэдээлэл хийж, эрх баригч намын захиалгаар  Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргалаа гэж ил тод зарласныг МАН-ынхан үгүйсгэж “Манай намын зүгээс Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших байсан. Бид Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байна” хэмээн тайлбар өгсөнд үнэн хэрэгтээ итгэсэн нь тун цөөн.

Өнөөдрийн хувьд Үндсэн хуулийн Цэц эцэг хуульдаа үйлчилэхээс илүү эрх мэдэлтнүүдийн захиалгыг гүйцэлдүүлэгч болж хувирсан гэх нэг нэр хоёр хочтой үлдсэн нь бодит үнэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн хувьд хэн эрх мэдэлтэй байна, түүнд үйлчилдэг газар болж хувирсан худлаа биш.

Хэдийгээр УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй ч хаврын чуулганаас өмнө Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах товыг зарлах боломжгүй.  Хаврын чуулган сар хүрэхгүй хугацаа үлдсэний дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт дээр гол анхаарлаа хандуулах нь тодорхой. Нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуулиар  сонгуулийг  намар, хавар явуулах заалттай гэвэл Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг аравдугаар сараас нааш зарлах боломжгүй.  Одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулиар бол “Их хурлын сонгуулиасзургаан сарын  өмнө нөхөн  сонгууль хийхгүй” гэсэн заалттай.

Харин Сонгуулийн тухай хуулийн төсөлд " УИХ-ын сонгуулиас нэг жилийн өмнө нөхөн сонгуулийг товлон зарлах"-ыг хориглосон заалт оруулсан гэх. Эндээс харахад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан нь ёстой л "Чоно цатгалан, сүрэг бүтэн" болж харагдав.  

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж