Коно Таро: Монголын ард түмэнд талархлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.16-нд нийтлэгдсэн

Коно Таро: Монголын ард түмэнд талархлаа

Коно Таро: Монголын ард түмэнд талархлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна. Коно Таро, гэргий Коно Каори нар энэ оны зургадугаар сарын 15-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ.

Гадаад хэргийн сайд Коно Таро, гэргий Коно Каори нарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон албаны бусад хүмүүс угтав.

Айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр Д.Цогтбаатар сайд “Монгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгыг хүлээн авч, манай улсад айлчилж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Тарод талархаж байна. Энэ нь Япон улсын Гадаад хэргийн сайдын Монголд хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Хоёр улсын Гадаад харилцааны сайдын энэ удаагийн уулзалтаар хоёр улс стратегийн түншлэлээ цаашид бэхжүүлэхдээ өндөр, дээд түвшний итгэлцсэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж явах чухал ач холбогдолтой. Хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн утга агуулгаар хөгжихдөө ардчиллын үнэт зүйлс дээрээ тулгуурлаж байна” хэмээн тодотгоод, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа илэрхийлэв.

Хэлэлцээрийн үеэр хоёр тал ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэлээ. Хоёрдугаар шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгох тал дээр яриа хэлэлцээ хийж буй бөгөөд Японы тал бусад түншүүдтэй яриа хэлэлцээг урагшлуулахаа мэдэгдэв.

Хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлж байгаа нэг зүйл нь эдийн засгийн түншлэл. Эдийн засгийн түншлэлийн хүрээнд худалдааны салбар нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Гэхдээ манай бизнес эрхлэгчдийн зүгээс экспортын бараагаа гаргахад тусламж, дэмжлэг хүсэж байгаа юм. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг хоёр тал концессын гэрээгээр амжилттай барьж байгуулсныг онцлоод, ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар ярилцав.

Түүнчлэн Японы буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж ашиглалтад оруулсан. Цаашид эмч, ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, суралцуулах талаар ярилцлаа. Иргэд хоорондын харилцаа жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Консулын анхдугаар уулзалтыг ирэх долдугаар сард хийхээр тохиров. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд болох гэж байгаатай холбогдуулан соёл урлаг, биеийн тамир, спортын чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо. Мөн олон талт хамтын ажиллагааны салбарт хэлэлцээгээ өрнүүлж ажиллахаар тохирчээ.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро хэлэхдээ “Япон Улсын Гадаад хэргийн сайдын хувьд есөн жилийн дараа Монгол Улсад айлчлал хийж байгаадаа баяртай байна. Намайг халуун дотноор хүлээж авсан ноён Д.Цогтбаатар, Монголын ард түмэнд талархлаа. Харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй асуудлаар чухал яриа хэлэлцээр өрнөсөн гэж дүгнэж байна. Нисэх онгоцны буудлын асуудал зөвхөн бүс нутгийн агаарын замыг холбоод зогсохгүй Монголын эдийн засагт хувь нэмэр оруулна гэж ойлгож байна. Ийм учраас шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахын тулд хоёр талаасаа хамтраад ажиллах сонирхолтой байна.

Япон улс 2012 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчинтэй энхийг сахиулах ажиллагаанд хамтарч, авто зам гүүр байгуулах ажилд оролцуулж ирсэн. Монголын 900 цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байдаг. Цаашид гуравдагч орныг хамруулсан хамтын ажиллагааг дэмжиж ажиллах сонирхолтой байна.

Өнөөдөр “Хааны эрэлд” хамтарсан ажиллагаа болж  байна. Японы талаас хуурай замын цэргийн албан хаагчид энэ ажиллагаанд оролцож байна. Салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ нь нэмэртэй юм. Монголын залуучуудын хүний нөөцийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Мөн бүс нутгийн асуудлаар Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө ямар арга хэмжээ авах талаар ярилцлаа.

Японы буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж ашиглалтад оруулж байна. Энэ төсөл Япон-Монголын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Япон Улс Монголын цаашдаа ч ард иргэдтэй хамт алхаж явах болно” гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж