Хөрсөнд их хэмжээний химийн бодис алдагдсан уу

Хуучирсан мэдээ: 2019.06.16-нд нийтлэгдсэн

Хөрсөнд их хэмжээний химийн бодис алдагдсан уу

Хөрсөнд их хэмжээний химийн бодис алдагдсан уу

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагджээ.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж, МХЕГ-аас мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж буй юм байна.

Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийж байгаа аж. Компанийн олборлолтын үйл ажиллагааг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгчээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сард уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн байна.

Тус зөвлөмжийн 9 дүгээр заалтад “Хур тунадас ихтэй газрын уулын овоолгуудад зуны улиралд суулт гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, болзошгүй үер, усны аюул бүхий уурхайд хаалт, хамгаалалтын арга хэмжээг урьдчилан хийж, үерийн уснаас хамгаалах суваг, далан хаалт байгуулах, үерийн урсгалыг уурхайд нэвтрүүлэхгүй арга хэмжээг авах” тухай тодорхой заажээ.

Урьдчилсан байдлаар, тус компани нь ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан байгуулаагүйгээс тухайн нөхцөл байдал үүссэн. Улмаар нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсэж нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Завхан Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүд илрүүлж, Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян Айраг Эксплорэйшн” компаниас албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байна.

Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж буй бөгөөд Цианидын агуулахыг лацдаж, Зөрчлийн хуулийн дагуу аймгийн Прокурорын зөвшөөрлөөр Улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар уурхайн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатайг албаныхан анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж