Керчийн хоолой дээгүүр тавьсан гүүрийн төмөр замын хэсгийн эхний шугамыг барилгачид холбосон талаар Крымийн гүүрийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ.
Төмөр замыг Керчийн хоолойн хоёр эргээс тавьж эхэлсэн бөгөөд барилгачдын бригад төмөр замыг гүүрийн нуман хаалган дор холбосон байна.
Нийт 19 км урт замын энэ хэсгийг тавихад 5000 тонн зам төмөр, 38 мянган бетонон дэр ашиглажээ. Эдүгээ хөдөлгөөнийг эхлүүлэхэд шаардлагатай ажлууд хийгдэж буй аж.
Гүүр барих ажлыг гүйцэтгэж буй “Стройгазмонтаж” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Аркадий Ротенберг “Гүүрийн хоёр дахь замыг удахгүй тавьж дуусна” гэж мэдэгдсэн байна.
Крымийн гүүрээр явах галт тэрэгний хөдөлгөөн ирэх арванхоёрдугаар сарын 9, 10-нд эхлэх бололтой. “Крымийн төмөр зам” компанийн ерөнхий захирал Василий Назаряны мэдээлснээр, эхний хоёр галт тэрэг Севастополиос Санкт-Петербург болон Москвагийн чиглэлд тус тус явах аж.
ОХУ-ын Краснодарын хязгаарыг Крымийн хойгтой холбосон гүүрийн урт нь 19 км бөгөөд Оросын хамгийн урт гүүр юм. Уг гүүрийн автомашины хэсгийг 2018 оны тавдугаар сарын 15-нд нээсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: Most life
Холбоотой мэдээ