Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2019.06.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Долоо хоногийн онцлох нийтлэл

"News" агентлаг энэ долоо хоногийн онцлох нийтлэлээ толилуулж байна.

ДИПЛОМАТ АЛБАНААС САВРАА ТАТ!

Монгол дипломатын үйлдсэн хар тамхины хэрэг улсыг нь дэлхийн шившиг болгон, нэр нүүргүй болгож байхад эрх баригчдад цочоо ч өгөөгүй бололтой, ураг төрөл дамжуулан дипломат томилгоог хийж амжжээ.

Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн даргаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр ажиллахаар болж, тус, тус шийдвэр нь гарчээ.  Шийдвэр гарахыг ч тэд урьдчилан сайтар мэдэж байсан бололтой. Хэзээний ачаа бараагаа бэлтгэн, аян замын бэлтгэл хангасан мэдээлэл байна.

Хэдэн сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Австрали улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилогдох чимээ дуулдахад олон нийт төрийн алба тойрсон ураг төрлийн томилгоо дипломат албанд халдварлалаа  гэдгийг шүүмжилж байв. Гэвч  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  “Мэргэжлийн, олон жил ажилласан хүнээ бид нэр дэвшүүлсэн. Яагаад болдоггүй юм” гэх утгатай тайлбар хийж суусны хариу нь нэгээр тогтохгүй томилгоо хийхээ зөвтгөж суусан хэрэг байж…

Уг нь эрх баригчдад ёс зүй, улстөрчийн наад захын жудаг, соёл байсан бол хар тамхины энэ том дуулиан дэгдчихээд байхад албан тушаалаасаа огцордоггүй юм аа гэхэд ядаж дипломат албыг ураг төрлөөс холдуулж болмоор. Учир нь танил тал, эрх мэдэл дагуулж хийсэн дипломат томилгоо ямар хор уршиг дагуулж байна вэ гэдгийг БНХАУ-ын Хөх хот дахь консул Д.Мөнх-Эрдэнийн мандаасан хэргээс эхлээд  ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан хүн Чехээс Герман руу мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж яваад баригдаж хоригдсон зэрэг шилээ дарсан олон хэрэгт томилсон дипломатууд нь орооцолдсоныг мэдсээр байж, өмнөх алдааг давтсан нь хамгийн харамсалтай.

Үнэндээ бол эрх баригчид алдаанаасаа сургамж авах ч үгүй юм байна. Харин ч зүрх зориг гаргаж тэмцсэний хүчинд зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүллээ гэх агуулгатай биесээ өмөөрсөн, албан тушаалаа хамгаалсан тайлбар хийж, тархи угаацгааж сууна.

Элчин сайд нарын томилгоонд саналаа өгдөг Ерөнхийлөгч ч бүлх залгисан мэт таг чимээгүй.

Хар тамхи дипломатуудынх нь үндсэн ажил болж хувирсан нь асуудал биш гэж үү, Ерөнхийлөгч өө.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хар тамхитай холбоотой хэргийн тоо нэмэгдэж, өсвөр үеийнхэн хамгийн их холбогдож, үндэс угсаагаараа сүйрч мэдэх аюултай нөхцөл байдал үүсээд буйг яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаараа хэлэлцдэггүй юм бэ.

Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой, улсынхаа эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой дипломатууд нь хилийн чандад хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл нэвтрүүлэхийг завдаад үйлдэл дээрээ баригдсан байхад УИХ-ын гишүүд Засгийн газраасаа хариуцлага нэхдэггүй юм бэ.

Ядаж дипломат албаа төрлийн албанаас салгах шаардлага тавьж болдоггүй юм уу.

Эрх барьж буй намын улстөрчдийн хүүхэд, дүү нарыг л зөвхөн дипломат албанд томилно гэдэг хууль Монголд хэрэгжээгүй биз дээ.

Монголыг хайрлах зүрх сэтгэл байгаа л бол эрх баригчид аа, ядаж дипломат албыг төрлийн алба болгохоос ангид байлгаж үз…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж