Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.15/ НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглуг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд хатагтай Сезин Синаноглу Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газартай хамтран Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл өндөр үр дүнтэй хэрэгжиж байгааг онцлов. Мөн тэрээр Монгол Улсад томилогдон ажилласан нь нэр төрийн хэрэг байсныг тэмдэглээд “Өнгөрсөн таван жил миний хувьд гайхамшигтай үр бүтээлтэй цаг хугацаа байлаа” гэсэн юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газартай хамтран Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд анх удаагаа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн хэрэгжилтэд хараат бус шинжээчдийн дүгнэлт зөвлөмж гаргасан ба нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор үндэсний сургалтын механизм бий болгосон нь онцгой ач холбогдолтой болсон гэв. Түүнчлэн Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн болон хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн хөгжлийн түнш болохыг тэмдэглэн хэллээ.
Улсын Их Хурлын дарга уулзалтын төгсгөлд хатагтай Сезин Синаноглуг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт, сайн сайхныг хүсэв.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ