Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид өчигдөр /2019.06.14/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын
- Анхдугаар уулзалт 2014 оны 9-р сарын 11-ний өдөр Тажикистаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр,
- Хоёрдугаар уулзалт 2015 оны 7-р сарын 9-ний өдөр ОХУ-ын Уфа хотноо,
- Гуравдугаар уулзалт 2016 оны 6-р сарын 23-ны өдөр Узбекистаны Ташкент хотноо,
- Дөрөвдүгээр уулзалт 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Чиндао хотноо тус тус болж байсан бол
- Тавдугаар уулзалт өнөөдөр буюу 2019 оны 6-р сарын 14-ний өдөр Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид боллоо.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс даргалж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг угтан, гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буйг онцлон тэмдэглэв.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд, нийгмийн харилцааны бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буйд миний бие сэтгэл хангалуун байдаг.
Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд миний бие өнгөрсөн 4 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал амжилттай хийж, Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд айлчлал амжилттай болж, Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойг хамтран тэмдэглэх ажиллагаа ёслол төгөлдөр болно гэдэгт миний бие итгэл төгс байна.
Манай улсын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагаа мөн идэвхтэй хөгжиж буйд монголчууд бид баяртай байдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний саяхан ОХУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд баяр хүргэе.
Гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа ийнхүү өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буй билээ.
Талуудын хамтын хүч чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж, зарим салбарт тодорхой ахиц гарч байна. Дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, Хятадаас Орос болон Европын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 оноос 2018 оны хооронд 500% гаруй хувиар нэмэгдсэн нь гурван талын зохицуулалтыг сайжруулснаас гарах хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм.
Гэхдээ гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойшхи 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай юм. Гурван талын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа нь бэлэн болсон төсөл ч байхгүй байна.
Тиймээс энэ удаагийн уулзалтаас гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн тодорхой хариуцах эзэн, биелэлтийн хугацаатай чиглэлийг гурван улсын холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай байна. Тухайлбал, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг хэрхэн түргэтгэх талаар Та бүхэнтэй бүтээлч санал солилцох хүсэлтэй байна.
Мөн гурван талын хооронд олон жил яригдаж ирсэн байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлах Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллан, тодорхой санал, дүгнэлт гаргуулах чиглэл өгөх саналтай байна.
Зүүн хойд Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналыг манай тал дэвшүүлж байна” гэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Ерөнхийлөгч В.В.Путин Улаанбаатар төмөр замыг шинэчилж, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэдгээ хэллээ. БНХАУ-ын хувьд ч гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь чухал гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлж, төмөр замын шинэчлэл нь тэргүүлэх чиглэлийн төсөл хэмээв.
Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлж, уулзалтыг ажил хэрэгч, бүтээлч боллоо хэмээн дүгнэлээ.
Эх сурвалж: PRESIDENT.MN