Банкуудын хэргийг буцаалаа

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Банкуудын хэргийг буцаалаа

-Улсын дээд шүүхээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын талд шийдвэр гаргасан бол иргэд банкнаас зээл авахдаа суутгуулсан нэг хувийн шимтгэлийн тодорхой хувийг буцаан авах боломж бүрдэх байлаа-

Арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус болохыг хоёр шатны шүүхээс тогтоосон. Энэхүү шийдвэрийг арилжааны банкууд эсэргүүцэж хяналтын шатны шүүхэд хандсанаар өнөөдөр энэхүү маргааныг Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад хэрэгт хавсаргасан нотлох баримт хангалтгүй гэж үзэн анхан шатны шүүхэд буцаажээ. Ингэснээр хэргийг дахин анхан шатны шүүхээс эхлэн шүүж эхлэх юм. Шүүх хуралдааны талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй дотоод хяналтын хэлтсийн дарга Ж.Хичээнгүйгээс тодрууллаа.

-Ямар шалтгааны улмаас хэргийг ийнхүү анхан шатны шүүхэд буцаасан бэ?

-Шүүхээс хэргийн нотлох баримт хангалтгүй гэж үзээд анхан шатны шүүх рүү буцаалаа. ШӨХТГ-аас нотлох баримтыг хангалттай цуглуулж хавсаргасан гэж үзэж байгаа. Гэхдээ Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ. Гэхдээ гомдол бол байна. Учир нь хэргийг ийнхүү анхан шат руу буцааснаар энэ хэрэг дахин жил дамнан сунжрах нь тодорхой боллоо.

-Шүүх хуралд арилжааны банкууд чухам ямар гомдол буюу нэхэмжлэл гаргасан бэ?

-Манай газрын улсын байцаагч нар арилжааны банкуудад шалгалт явуулах үед “Иргэдэд зээл олгохдоо зардалтай огтхон ч уялдаагүйгээр шимтгэл суутгадаг, зээлийн шимтгэлийн талаар иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг” зэрэг зөрчлийг илрүүлсэн. Энэ дагуу иргэдэд зээл олгохдоо үйлчилгээний хураамж нэрийдлээр иргэдээс нэг хувийн шимтгэлийг суутгаж авдаг байсныг хууль бус гэж үзсэн юм. Үйлчилгээний хураамж авч болно гэхдээ үйлчилгээний хэлбэр, өгч буй зээлийн хэмжээ зэргээс шалтгаалж харилцан адилгүй шимтгэлийг иргэдээс авах учиртай гэж үзсэн. Хоёр шатны шүүхээс ч манай улсын байцаагчийн шийдвэрийг зөв гэсэн шийдвэрийг гаргасан. Улсын дээд шүүхээс өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл авсан иргэд суутгуулсан нэг хувийн шимтгэлийн тодорхой хувийг банкуудаас буцаан нэхэмжлэх боломж бүрдэх байсан.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж