Б.Нацагдорж: "Яг түүн шиг" шоугаа дуусгаад цомгийн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.15-нд нийтлэгдсэн

Б.Нацагдорж: "Яг түүн шиг" шоугаа дуусгаад цомгийн нээлтээ хийнэ

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна.


Б.Нацагдорж: Уран бүтээлийн оргил үе ирчихээд байна

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг дуучин Б.Нацагдоржтой ярилцлаа. Хөгжмийн найруулагч хэмээх ховорхон мэргэжилтэй залуу уран бүтээлч чамгүй авьяаслаг нэгэн гэдгээ энэ шоугаар дамжуулан үзэгчдэд харуулаад буй. Тэрбээр тун удахгүй анхны бие даасан цомгоо гаргаж, тоглолт хүртэл хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгасан юм .Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


Зуны сайхан улирал эхэллээ. Дуучин Наки энэ зуныг хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Миний хувьд энэ зуныг нэлээд завгүй өнгөрүүлэхээр төлөвлөөд байна. Тэр ажлын маань нэг хэсэг нь яахын аргагүй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг. Одоо шоуны финалын шат дөхөж байна шүү дээ. Дараагаар нь өөрийн уран бүтээлийн шинэ цомгийн ажлаа дуусгана. “Яг түүн шиг” шоугаа дөнгөж дуусгаад л цомгийн нээлтээ хийх бодолтой байна.

-Анхны цомгийн нээлт бил үү?

-Тийм. Миний анхны “Mi Sentii” гэдэг нэртэй цомог. Шинэхэн цомог маань нийт есөн дуутай. Цомгийн дөрвөн уран бүтээл нь сонсогчдод хэдийнэ хүрээд эхэлсэн бүтээл байх болно. Харин үлдсэн уран бүтээл нь сонсогчдод огт хүрээгүй, цоо шинэхэн дуунууд багтаж байгаа. Шинэ дуунуудын маань бичлэг саяхан дуусч, одоо цомгийн хэвлэлтэд шилжих гэж байна.

Би анх студи байгуулахдаа өөрийнхөө дууг хийх гэж байгуулсан юм. Тэгсэн мөртлөө өнгөрсөн хугацаанд өөрийнхөө нэг ч дууг хийсэнгүй. Одооноос л дууныхаа бичлэг, аяыг өөрөө зохиогоод цомгоо гаргахад бэлэн болж байна.

Анхны цомгоор дамжуулан сонсогчдодоо хайр дурлалын үнэ цэнэ, мөн чанарыг олон талаас нь илэрхийлэхийг хичээсэн. Өөрөөр хэлбэл, миний хайр дурлалын тухай үнэлэмжийг анхны цомог маань илэрхийлнэ гэх юм уу. Энэ цомогтоо “Говийн домог” уран сайхны киноны гол дүрд тоглосон н.Замилан гэх бүсгүй болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболортай хамтран маш сайхан уянгын дууг дуулсан. Ер нь анхны цомгийнхоо араас бушуухан л дараагийн цомгийн ажилдаа ормоор байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2150787/ линкээр орж унших боломжтой.

Ч.Отгочулуу: Бидэнд баатар хэрэггүй, мөнгө хэрэгтэй

 Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг МАН-аас УИХ-д өргөн барьсан. Улс орны төсөв, мөнгөний бодлого, татвар, өр зээл, байгалийн баялагтай холбоотой эдийн засгийн гол асуудлыг шийдвэрлэх зарчим, зохицуулалтыг Үндсэн хуульд тусгах ёстой гэж эдийн засагчид ярьдаг. Эдийн засагчдын хэлдэг энэ асуудал Үндсэн хуулийн шинэ төсөлд хэр тусгагдсан байна?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй” гэсэн заалт оруулж өгсөн байна билээ. Ингэж төсвийн бодлогоо Үндсэн хуулиар хамгаалж өгч байгаа нь зөв. Нийтийн эрх ашгийн үүднээс улсын төсвийг тойргийн улстөрчдөөс хамгаалж байна гэж харж байна.

-Төсөв хэлэлцэх үеэр улстөрчид тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэж “алаан” болдог. Тиймээс Монгол Улсын төсвийг авлигажсан төсөв гэдэг?

-Улс орны макро эдийн засгийн гол бодлогууд төсөв, мөнгө, хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжиж илэрч байдаг. УИХ дээр энэ чиглэлийн шийдвэрүүд нь гардаг. Сүүлийн 15 жилд Монгол Улс дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Үүнээсээ болоод чөтгөрийн тойрогт орчихсон. Зарим хүмүүс авлигажсан төсөв ч гэж тодорхойлдог. УИХ дээр төсвийн бодлого орж ирэхээр гишүүд бүгд Ерөнхий сайд, Сангийн сайд болдог, тойрогтоо хийсэн ажилтай болохын тулд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах хөрөнгө оруулалтаар наймаалцдаг. Засгийн газар ч тойргоо гэсэн сэтгэлээр нь барьцаалаад УИХ-ын гишүүдээ эвтэйхэн “авлигаддаг”. Үүнээс болоод улсын төсөв бүхэлдээ алдагдал ордог, инфляци гаарч, эдийн засаг хямардаг байсан. Ер нь алдагдалтай төсөв батлаад, “шархаа” гадаад зах зээлээр нөхсөн улс хөгжсөн түүх дэлхийн түүхэнд байхгүй. Аль болохоор алдагдалгүй төсөв баталж байж, эдийн засгийн тогтвортой бодлогууд хэрэгждэг. Санаагаар болдог бол, аль болохоор алдагдалгүй төсөв батлах ёстой гээд Үндсэн хуульд бүр зоригтой суулгаад өгчих хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг  https://news.mn/r/2151133/ линкээр орж унших боломжтой.

 

Монголын сагсан бөмбөгийн шинэ од Энхийн-Од 

Уншигч танаа Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Одтой ярилцсанаа хүргэе.


ШАРАВЖАМЦ ЭНХИЙН-ОД: 2002.08.27
Төгссөн сургууль:
“Kings kids” бүрэн дунд сургууль
Нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургууль
Нийслэлийн 50 дугаар бүрэн дунд сургууль
“Legacy Christian academy” /2018-2019 он/
Одоо тоглож буй баг:
АНУ-ын “SCF”сагсан бөмбөгийн багийн тамирчин
Биеийн өндөр, жин:
201 см өндөр, 75 кг жинтэй
Сошиал хуудас:
Enkhiin-Od Sharavjamts /фэйсбүүк/

САГСАН БӨМБӨГИЙН НЭРТЭЙ ТАМИРЧНЫ ХҮҮД САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ ИХ ОЙР БАЙСАН БАЙХ. ХЭДЭН НАСТАЙГААСАА ЭНЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН БЭ?

-Аав маань сагсан бөмбөгийн тамирчин байсан учраас би багаасаа л сагсан бөмбөгийн спортод дурласан. Нэг зун нагац эгчийндээ амралтаа өнгөрүүлж, тэдний хүүтэй хамт компьютерээр сагсан бөмбөг тоглож, гадна сагсан бөмбөгийн талбайд тоглоомны хөдөлгөөнийг нь дуурайдаг байлаа. Миний хувьд тэр зун, найман настайдаа сагсан бөмбөгийн спортыг илүү их сонирхож, эхэлсэн гэж боддог. Ер нь би багын хожигдох дургүй, их шартай хүү байсан. Ах маань хамаатны дүүтэй нэг баг болж, хөлбөмбөг тоглоно. Би ганцаараа хожиж чадахгүй болохоороо эмээгээ хамгаалагч хийлгээд, уйлаад тоглодог байсан гэсэн.

Биеийн өндрийн хувьд би хоёрдугаар ангиасаа шууд дөрөвдүгээр анги руу, тавдугаар ангиасаа шууд долдугаар анги руу үсэрчихсэн. Тийм болохоор өөрөөсөө хоёр, гурван насаар ах хүүхдүүдтэй найзалдаг байлаа. Эхэндээ найзуудаасаа ялгагдахааргүй өндөртэй байсан ч сүүлдээ өссөн л дөө.

АНХНЫ АМЖИЛТ

-Би бага ангиа хувийн сургуульд суралцаж, төгссөн. Дунд ангиасаа 23 дугаар дунд сургуульд урилгаар суралцаж, сагс тоглож эхэлсэн. Тэр жил нь ЕБС-ийн Сурагчдын лигт гурван нас нэмж оролцоод, сагсан бөмбөгийн спортоор анхны амжилтаа үзүүлэн “Дүүргийн аварга” болж, “Шилдэг тоглогч”-оор шалгарч байлаа. Тухайн үед есөн настай л байсан. Дүүргээсээ шалгараад Хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хожигдоод уйлж байж билээ.

Дэлгэрэнгүйг  https://news.mn/r/2152853/ линкээр орж унших боломжтой.

“Аварсан хүмүүсээсээ баярлалаа гэдэг үг сонсож байгаагүй” 

Бусдын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэх тангарагтай, эгэл хүмүүсийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн Салааны захирагчийн туслах, ахлах ахлагч У.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргээд, 18 настайдаа байгууллагынхаа босгыг давснаас хойш өдгөө 21 жил өнгөрчээ. Энэ хугацаанд объектын болон ой, хээрийн хэд хэдэн томоохон гал түймрийг унтрааж аюул осол гамшгийн нөхцөл байдлаас олон хүний амь нас, эд хөрөнгийг аварсан “Нэргүй” баатар түүнтэй ярилцлаа.


-Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой удахгүй болно. Ойн баяраараа дүрэмт хувцсаараа гоёод, мэргэжлээрээ бахархдаг хамгийн сайхан өдөр байдаг болов уу. Таны хувьд хамт олныхоо юугаар нь илүү бахархдаг вэ?

-Онцгой байдлын байгууллагын алба хаагч гэсэн мэргэжил, ажлын нөхцөл нь хүнд хэцүү ч олон хүний амь нас, эд хөрөнгийг авардаг сайн үйлс учраас мэргэжлээрээ, бас хамт олноороо их бахархаж явдаг. Олон залуусын дунд мөр зэрэгцэн алхаж явах сайхан шүү дээ. Ялангуяа баяр ёслолын үеэр Төрийн далбааныхаа дор ёслолын хувцсаараа ижилсээд жагсаж явах шиг бахархалтай зүйл үгүй санагддаг.

Ажил мэргэжлийн хувьд сэтгэл гонсойж, харамсаж, халаглаж байсан үе бий юү?

-Гал түймрийн дуудлагаар биднийг очиход нөхцөл байдал ямраар ч эргэж болно. Галын дуудлагаар цаг, минуттай уралдсаар очиход  уур бухимдалтай хүмүүс, өнчрөл хагацал, гэр нь үнс нурам болсон, нэг гэр бүлийн хүмүүс амь насаа алдсан гээд л олон хүнд нөхцөл байдалтай нүүр тулдаг. Мөн аливаа аюул ослоос өөрийгөө авч гарах чадваргүй бяцхан хүүхдүүд амь насаа алдсан байхад хамгийн их харамсаж, элэг эмтэрдэг. Ийм харамсалтай зүйлс олон тохиолддог. Иргэд галын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг мэдээлэл хомс, эсвэл хэнэггүй, тоомжиргүй зангаасаа болж бага насны хүүхдүүдийг аюултай байдалд оруулдаг. Ялангуяа гэр хорооллын нөхцөлд хүүхдүүдээ гэрт нь гаднаас нь цоожлоод явчихдаг. Үүнээс болоод хүүхэд нь амь насаа алдах тохиолдол гардаг. Нэгдүгээр хорооллын орчимд эцэг, эх нь бага насны хүүхдүүдээ эзгүй орхисон хойно гэр нь шатаж хоёр, дөрөв, зургаан настай гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2152818/ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж