Улаанбаатар хотын онцлох долоон музей

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын онцлох долоон музей

Улаанбаатар хотын онцлох долоон музей

Урин дулааны цаг ирж сурагчдын амралт, аялал жуулчлал, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулж нийслэлд байрлах хамгийн том музейнүүдийн товч мэдээлэл болон цагийн хуваарь, үнийн тарифын мэдээллийг хүргэж байна.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Засгийн газрын ордны баруун талд байрлах тус музей нь 1924 оноос үйл ажиллаагаа явуулж эхэлсэн, саг хөмрөг нь нэн эртний үеэс  өнөөг хүртэлх монголчуудын түүх, өв соёлын холбогдолтой 56000 орчим үзмэрээс бүрддэг, үндсэн есөн танхимтай.

Зуны цагийн хуваарь/05.15-09.15/ Өдөр бүр 09:00-19:00 цагийн хооронд  ажиллана. Том хүн 10000₮, хүүхэд 1000₮, оюутан 2500₮, 1-6 насны хүүхэд, 60 дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй, гар утас болон сонирхогчийн камераар зураг авах бол 10000₮ -ийн хураамжтай.

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ

Оросын буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжавын байшин юм.  1919-1931 оны хооронд гэр бүлийн хамт амьдарч байсан тухайн үедээ Их хүрээний бас ч үгүй ганган байшингуудын нэг болж байсан тус байшинд Монгол ардын намын төв хороо, Ардын засгийн түр хороо, Цэргийн төв штаб зэрэг байрлаж байв. 1956 онод “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагдаж байсан уг музейд нийслэлийн хөгжлийн түүх, соёлын холбогдолтой 3300 гаруй биет үзмэртэй.

Баянзүрх дүүрэгт тодруулбал Бөхийн өргөөний баруун талд байрладаг, ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд, амралын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажилладаг ба том хүн 1500₮, хүүхэд 500₮, оюутан 1000₮-өөр үзэх боломжтой. Хэрвээ та музейд зураг авахыг хүсвэл 15000₮-өөр зөвшөөрөл авна.

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

1966 онд байгуулагдсан нүүдэлчдийн 40000 жилийн түүхэн ул мөр, соёл уламжлал, ёс заншил, авьяас ур ухааныг дүрслэх 26000 үзмэр бүхий сан хөмрөгтэй. Өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд ажиллах ба Чингэлтэй дүүрэг, барилгачдын талбайн зүүн хэсэгт байрладаг юм. Үнийн хувьд том хүн 8000₮, оюутан 2500₮, хүүхэд 1000₮ ба зураг авахыг хүсвэл 45000₮ хураамж төлөх юм.

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ

Олон улсын театрын өдөр буюу 1991 оны гуравдугаар сарын 27-нд байгуулагдсан тус музей нь Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний байранд үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын шинэ үеийн театрын хөгжлийг харуулахаас гадна өнөөдөр тоглогдож байгаа жүжиг, дуурь, балет, дуу хөгжмийн талаар мэдээлэл бүрдүүлэн судалгаа хийж  үзмэрийн сангаа /9500гаруй/ бүрдүүлдгээрээ бусад музейгээс онцлогтой.

Ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажилладаг ба том хүн 2000₮, хүүхэд болон оюутан 1000₮, гэр бүлээрээ ирвэл 3000₮-өөр үзэх боломжтой юм.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ

2013 онд “Т.Батаар гэртээ ирлээ” анхны түр үзэсгэлэн хоёр сарын хугацаанд хагас сая гаруй үзэгчдийн хүртээл болж 120 сая төгрөгийн орлогыг улсын төсөв төвлөрүүлж чадсан уг музей нь ялалтын талбайд байрладаг.  Зуны цагийн хуваариар 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна. Том хүн 5000₮, хүүхэд  500₮, оюутан  1500₮, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  3000₮-өөр үйлчилдэг ба фото зураг авах бол 5000₮ төгрөгийн хураамж төлнө.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

1904-1908 оны хооронд Халхын бүх аймаг хошуудаас 300гаруй шилдэг урчууд цуглуулан, Хүрээний уран дархан Омбо ламын удирдлага дор сүмийг байгуулжээ. 1942 оноос тусгай зочид, гадаадын элч төлөөлөгч нарт үзүүлж байгаад 1962 оноос олон нийтэд үйлчилж эхэлжээ.  Таван сүмийн барилга, 6000 гаруй түүх соёлын үнэт өвөөс бүрддэг.

Уг музей нь Шангри ла төвийн ард байрлах  ба зуны цагийн хуваарьт өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд ажилладаг, том хүн 8000₮, хүүхэд 1500₮, оюутан болон өндөр настанд 3000₮-өөр үйлчилж байна. Мөн сонирхогчийн камераар 30минут зураг авахад 50000₮ хураамж төлөх юм байна.

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

VIII Богдыг жанч халсны дараа Ардын намын төв хороо болон засгийн газрын тогтоолоор байгуулсан уг музей нь хаан хатны шүтээн, титэм, хувцас хэрэглэл зэргийн ховор үзмэр 8000 гаруй төрлийн 30 мянга гаруй үзмэрийн сантай. Бидний нэрлэж заншсанаар 120 мянгат буюу Хан-уул дүүргийн 15-р хороонд байрлах тус музей нь зуны улиралд 09:00-19:00 цагийн хооронд ажиллана. Том хүн 8000₮, хүүхэд 1500₮, 30минут гэрэл зураг авахад 25000, дүрс бичлэг хийхэд 35000₮-ийн хураамж төлөх юм.

Б.НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж