АН: Гүжирдлэгээ зогсоохгүй бол хуулийн байгууллагад хандана

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

АН: Гүжирдлэгээ зогсоохгүй бол хуулийн байгууллагад хандана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Чингис бондын зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “МАН Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор муухай бүхнээ Ардчилсан намд үүрүүлж, идэж уусан гэж гүжирдэж таарахгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно” гэсэн юм.

Чингис бондын өгөөж МАН-ын гишүүдийн хэлээд байгаачлан огт үр дүнгүй зүйлд зарцуулагдаагүй. Эхнээсээ өгөөж нь мэдрэгдээд эхэлсэн. Зарим төслийн тухайд хоёр сарын дараа, хоёр жилийн дараа өгөөжөө өгнө гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа тодотголоо.

Өнгөрсөн хугацаанд аж үйлдвэрийн салбарыг дэмжихэд зориулж Чингис бондоос 948.9 тэрбум төгрөг, уул уурхайн салбарыг дэмжихэд зориулж 550 гаруй тэрбум төгрөгийг тус бүр зарцуулсан байна. Ингэснээр экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг болжээ. Тухайлбал, Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар 1 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн. Үр дүнд нь хөдөө аж ахуйн салбар дахь дамын наймаа зогсож, малын гаралтай түүхий эд үндэсний үйлдвэртээ тушаагдах нөхцөл бүрдсэн. Үнийн огцом өөрчлөлт байхгүй болсон. Дээр нь барилгын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой тооны үйлдвэрүүд бий болсон, арьс ширний үйлдвэрүүд технологио шинэчилж, зарим нэг нь бүтээгдэхүүнээ гадаад руу экспортод гаргаж байгаа гээд эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн байна. Гэтэл МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах гэж байна хэмээн ярих болсон нь бодит үнэнтэй нийцэхгүй.

МАН Засгийн эрхийг барьж байхдаа Оюутолгой, Тавантолгой төслөөс урьдчилгаа хэлбэрээр авсан их хэмжээний хөрөнгийг иргэдэд бэлнээр тараагаад дууссан. Түүнтэй харьцуулахад Чингис бондын өгөөж харьцуулшгүй аж.

Мөн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд агуулгыг нь дэмжсэн байна.

УИХ-аар хуулийн салбарт хийх өөрчлөлттэй холбоотой олон хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн, мөн цаашдаа хэлэлцэгдэнэ, иймээс эдгээр төслүүдийг хэлэлцэх шатанд Авлигатай тэмцэх газрын харьяанд байгаа Мөрдөх албыг хаана шилжүүлэх вэ гэдгийг шийдэх боломжтой хэмээн бүлгийн гишүүд санал нэгджээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газрын харьяанд байгаа Мөрдөх албыг Прокурорын байгууллагад харьяалуулахаар зааж өгсөн юм. Гэвч бүлгийн гишүүдийн хувьд “Прокурор хэрэгт хяналт тавих ёстой байгууллага. Үндсэн чиг үүрэг нь ийм байтал Мөрдөх алба харьяалуулах нь зөрчил үүсгэнэ” гэж үзжээ. Тиймээс хуулийн салбарын шинэчлэлтэй холбоотой төслүүдийг хэлэлцэх шатанд хаана харьяалуулах вэ гэдгээ шийдэх юм байна.

Энэ долоо хоногт УИХ Тавантолгойн төслийг хэлэлцэхээр болж, хуваариа гаргасан. Гэхдээ бүлгийн хуралдаанаар уг төслийг хэлэлцээгүй аж. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ талаар бүлэгтээ мэдээлэл хийгээгүй. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдана. Гацууртын ордын хувь эзэмшлийн тухайд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хэлбэрээр буюу төр 34 хүртэл хувь эзэмших боломжтой гэсэн хувилбарыг дэмжиж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудалтай холбогдуулж, өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусах учраас хэлэлцээд явах байх гэсэн тайлбарыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа өгсөн юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж