"NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноо сагсан бөмбөгийн спортоос онцолж байна. Монгол улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ од.
Тэрбээр Улаанбаатар хотын төв талбайд зургадугаар сарын 3-наас эхлэн 7-ны өдрүүдэд 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн билээ. Уншигч танаа Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Одтой ярилцсанаа хүргэе.
ШАРАВЖАМЦ ЭНХИЙН-ОД: 2002.08.27
Төгссөн сургууль:
“Kings kids” бүрэн дунд сургууль
Нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургууль
Нийслэлийн 50 дугаар бүрэн дунд сургууль
“Legacy Christian academy” /2018-2019 он/
Одоо тоглож буй баг:
АНУ-ын “SCF”сагсан бөмбөгийн багийн тамирчин
Биеийн өндөр, жин:
201 см өндөр, 75 кг жинтэй
Сошиал хуудас:
Enkhiin-Od Sharavjamts /фэйсбүүк/
САГСАН БӨМБӨГИЙН НЭРТЭЙ ТАМИРЧНЫ ХҮҮД САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ ИХ ОЙР БАЙСАН БАЙХ. ХЭДЭН НАСТАЙГААСАА ЭНЭ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН БЭ?
-Аав маань сагсан бөмбөгийн тамирчин байсан учраас би багаасаа л сагсан бөмбөгийн спортод дурласан. Нэг зун нагац эгчийндээ амралтаа өнгөрүүлж, тэдний хүүтэй хамт компьютерээр сагсан бөмбөг тоглож, гадна сагсан бөмбөгийн талбайд тоглоомны хөдөлгөөнийг нь дуурайдаг байлаа. Миний хувьд тэр зун, найман настайдаа сагсан бөмбөгийн спортыг илүү их сонирхож, эхэлсэн гэж боддог. Ер нь би багын хожигдох дургүй, их шартай хүү байсан. Ах маань хамаатны дүүтэй нэг баг болж, хөлбөмбөг тоглоно. Би ганцаараа хожиж чадахгүй болохоороо эмээгээ хамгаалагч хийлгээд, уйлаад тоглодог байсан гэсэн.
Биеийн өндрийн хувьд би хоёрдугаар ангиасаа шууд дөрөвдүгээр анги руу, тавдугаар ангиасаа шууд долдугаар анги руу үсэрчихсэн. Тийм болохоор өөрөөсөө хоёр, гурван насаар ах хүүхдүүдтэй найзалдаг байлаа. Эхэндээ найзуудаасаа ялгагдахааргүй өндөртэй байсан ч сүүлдээ өссөн л дөө.
АНХНЫ АМЖИЛТ
-Би бага ангиа хувийн сургуульд суралцаж, төгссөн. Дунд ангиасаа 23 дугаар дунд сургуульд урилгаар суралцаж, сагс тоглож эхэлсэн. Тэр жил нь ЕБС-ийн Сурагчдын лигт гурван нас нэмж оролцоод, сагсан бөмбөгийн спортоор анхны амжилтаа үзүүлэн “Дүүргийн аварга” болж, “Шилдэг тоглогч”-оор шалгарч байлаа. Тухайн үед есөн настай л байсан. Дүүргээсээ шалгараад Хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хожигдоод уйлж байж билээ.
АНУ-Д ОДОО ЯМАР СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БАЙНА ВЭ?
-Би NBA тамирчин болох том зорилго өвөртлөн АНУ-д сагсан бөмбөгийн чиглэлээр суралцахаар шийдсэн. Тэнд сагсан бөмбөгийн спортынхоо чиглэлээр суралцвал ирээдүйн зорилгодоо хүрэхэд бага ч гэсэн дөхнө гэж бодсон юм. Өнгөрсөн жил АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” гээд хувийн сургуульд тэтгэлгээр суралцаж суралцангаа ур чадвараа дээшлүүлж, туршлага хуримтлуулсан. Энэ жил надад олон сургуулиас суралцах санал ирчихсэн. Яг одоогоор аль сургуульд суралцахаа шийдээгүй байна. Одоо АНУ-д очихоороо суралцах сургуулиа сонгоно.
САЯХАН БОЛСОН 18 ХҮРТЭЛХ НАСНЫ САГСАН БӨМБӨГИЙН 3х3 ТӨРЛИЙН ДАШТ-Д МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО. ӨӨРИЙН ЧИНЬ ХУВЬД ӨНДӨР ОНООТОЙ ТОГЛОГЧДЫН НЭГ БАЙЛАА?
-ДАШТ-ий үеэр багаараа тусгай байранд байрлаж, гар утсаа хураалган зөвхөн тэмцээндээ анхаарч байсан. Тийм учраас миний хувьд өндөр оноо авсан гэдгээ ч мэдээгүй. Зөвхөн тэмцээндээ анхаарч, бэлтгэлээ л хийгээд явж байлаа. Тэмцээний дараа сошиалд нийтлэгдсэн мэдээ мэдээллүүдийг хараад их гайхсан. Монголын багаа маш сайхан дэмжсэн байсан. Манай гурвын хувьд ч бэлтгэлээ маш сайн хангасан. Эх орондоо байгаа болохоор сандрал, айдас байсангүй.
Бид эхний гурван тоглолтоос гарч ирээд, тайвширсан байх л даа. Турк улсын багтай тоглоход онооны харьцаа 18:18 байхад манай баг хоёр удаа шүгэл үлээлгэсэн. Тэрэнд их гутарч, сэтгэлээр унасан. Манай багийн хувьд медаль авах боломж байсан гэж бодож байна. Гэхдээ бид дөрвийн хувьд анхны ДАШТ учраас цаашдаа илүү амжилт гаргах боломж бий. Тун удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Миний хувьд оролцох эсэхээ сайн хэлж мэдэхгүй байна. Мэдээж тэмцээндээ амжилттай оролцож, Монголынхоо нэрийг гаргахыг хүсэж байгаа.
САГСАН БӨМБӨГИЙН -3Х3 ДАШТ-ИЙ ҮЕЭР СПОРТЫН НЭРТЭЙ ТАМИРЧДЫН ХҮҮ ГЭДГЭЭР НЬ Г.ӨСӨХБАЯР АВАРГЫН ХҮҮ Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ ТА ХОЁРЫГ ОНЦОЛЖ БАЙЛАА. ТА ХОЁР НАЙЗУУД УУ?
-Бид хоёр чинь багаасаа сагсан бөмбөг тоглож өссөн хүүхдүүд л дээ. Би анх Пэрэнлэйтэйгээ 2016 онд сагсан бөмбөгийн тэмцээнд таарч, хожигдоод уйлж байсан. Дараа нь жил нь Улсын аварга шалгаруулах тэмцээн болж, Пэрэнлэйгээс хариугаа авч хожиж байлаа. Сүүлд “Монгол Туургатан-2017” олон улсын хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэг баг болж, “Этүгэн” их сургууль дээр байрласнаар бүр илүү дотно найзууд болсон. Бид хоёр өнгөрсөн 2018 онд сагсан бөмбөгийн ихэнх тэмцээнд хамт оролцсон. Бид хоёр яг нас чацуу. Миний хувьд найзаараа их бахархдаг.
-ААВЫНХАА ҮҮСГЭН БАЙГУУЛСАН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АХ, ДҮҮ ХОЁР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВЧ ЯВДАГ ГЭСЭН ҮҮ?
-Аав маань анх сагсан бөмбөгийн “Stars” клубыг 2014 онд байгуулсан юм. Тухайн үедээ аав “Би сагсан бөмбөгийн клуб байгуулж магадгүй. Ямар нэр өгвөл зүгээр вэ” гэхээр нь би Энхийн-Од, Мөнхийн-Од гэдэг нэртэйгээ холбоотойгоор “Stars” гэж нэр өгч байлаа. Одоо энэ клуб маань байгуулагдаад таван жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нэг, хоёр жил үйл ажиллагаа нь тасалдсан ч одоо хэвийн сургалтаа явуулж байгаа. Сагсан бөмбөгийн клубт 8-12 насныхан болон насанд хүрэгчид хамрагддаг бөгөөд ойролцоогоор 30 гаруй хүүхэд, залуус хичээллэдэг.
Ахыг маань Шаравжамцын Мөнхийн-Од гэдэг. Одоо 20 настай. “Этүгэн” их сургуулийн татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн хоёрдугаар курсийн оюутан. Их сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч. Сая Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцож, алтан медаль хүртсэн.
ААВ НЬ ЧАМАЙГ БАГААС НЬ ХОЛБОГЧИЙН БАЙРЛАЛД БЭЛТГЭДЭГ БАЙСАН ГЭЖ СОНССОН. БЭЛТГЭЛИЙН ҮЕЭР ААВДАА ХЭР ЗАГНУУЛДАГ БАЙВ?
-Аав маань Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын даргаар ажилладаг байхад би бэлтгэл хийх боломжтой болсон. Өглөө хичээлдээ явахын өмнө сагсан бөмбөгийн бэлтгэлээ хийгээд хичээлээ тараад бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Аав маань надад маш их зүйлийг зааж сургасан. Намайг маш их дэмждэг. Заримдаа бэлтгэлийн үеэр аавдаа амбаардуулна /инээв.сурв/. Аав минь надад “Сунгалтаа сайн хийж, хоолоо сайн ид” гээд бэртээхгүйн тулд их хэлж, зөвлөдөг.
ЧАМАЙГ МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН НЭРТЭЙ ТАМИРЧНЫ ХҮҮ ГЭДГЭЭР НЬ САЙН МЭДНЭ. ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүтэй. Аавыг маань Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ. Харин ээж маань залуудаа волейболын тамирчин байсан.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Надад чөлөөт цаг бараг гардаггүй юм. Монголдоо өнгөрөгч гуравдугаар сард ирж, Хүүхдийн лигт оролцохоор бэлтгэлээ хийсэн. Ер нь тэмцээний бэлтгэл хийх спорт заал олддоггүй. Тийм болохоор ихэвчлэн оройн цагаар багийнхантайгаа заал авч, шөнийн гурав, дөрвөн цагт тарна.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Би удахгүй АНУ руу буцна. /2019.06.12/ Гэхдээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголдоо буцаад ирж магадгүй. Ойрын төлөвлөгөө гэвэл АНУ-д очоод хувийн бэлтгэлээ л сайн хийхээр төлөвлөж байна даа.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?
-Би Монголынхоо нэрийг дуурсгасан NBA-гийн алдартай сагсан бөмбөгийн тоглогч болох мөрөөдөлтэй. Хэрвээ мөрөөдлөө биелүүлбэл эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг хүсдэг.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Хүмүүс надаас “Энэ дасгалыг хийвэл өндөр болох уу”, “Өндөр болгодог дасгал зааж өгөөч” гэж их асуудаг. Миний бодлоор ямар ч төрлийн дасгал хөдөлгөөн нь хүний биеийг хөгжүүлэх зорилготой учраас өөрийн сонирхсон дасгалаа тууштай хийгээрэй гэж хэлье. Нэг дасгал байсан ч гэсэн уйгагүй хийгээд байвал үр дүнгээ заавал өгөх болно. Миний хувьд маш сайн унтаж амардаг. Бас аавын маань өндөр нуруулаг ген нөлөөлсөн байх. Аавын талын ургийн овгийг Гозгор гэдэг.
Холбоотой мэдээ