Н.Номтойбаяр: Түгжилдэнэ, гацаана

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Түгжилдэнэ, гацаана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад ямар байр суурь баримтлахаа ярилцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд Үндсэн хуулийг зөрчсөн заалт орсон байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд Иргэд өөрийн өмчлөлийн газраа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авахдаа үл маргах журмаар гэрээ байгуулах боломжтой гэсэн заалт оруулсан байна. Энэ нь иргэний аливаа хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэд барьцаанд тавьсан эд хөрөнгөө буцаан авах санхүүгийн боломжгүй байгаа. Гэтэл барьцаанд тавьсан хөрөнгийн тухай маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр банк бус санхүүгийн байгууллагд шууд шилжүүлэн өгөх нь иргэдийг хохирооно гэж үзсэн байна.

2006 онд Өнгөрсөн онд Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байсан. Уг хуулийн төсөлд газрыг гадаадын иргэнд 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх заалт оруулсан байсан. Энэ хууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул МАН-ын бүлэг эсэргүүцэж, хууль санаачлагчид нь буцаасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл энэ хуультай агаар нэг юм. Тиймээс МАН-ын бүлэг энэхүү хуулийн төслийг дэмжихгүй гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Тэрбээр, “Чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуульд Цэцийн гишүүн 70-аас доош настай байх, гишүүдийн цалинг Улсын дээд шүүхийн цалинтай адил хэмжээнд тогтоох, тэтгэврийн хэмжээг цалингийн 70 хувиар тогтоох зэрэг заалт оруулсан байна. Үндсэн хуулийн Цэц зөвхөн Засгийн газар, УИХ-ын үйл ажллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Тиймээс МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн Цэц нь иргэний эрхийг хамгаалах маргааныг хянан шийдвэрлэдэг болох санал оруулна. Мөн Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой маргааныг 60 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэж, УИХ-аар хянуулахад 60 хоног зарцуулдаг. Энэ хугацааг багасгаж, хариуцлагатай, шуурхай ажиллах ёстой” гэсэн юм.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд төр 34 хувийг эзэмшихээр заасан байна. Өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зөв гэж үзсэн. Ингэхдээ Монгол Улсын байгалийн баялагийг ашиглаж байгаа тул Гацууртын ордын 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, ордын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв 34 хувийг үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 6 хувьд хүргэх хэрэгтэй. Энэ болзлыг зөвшөөрсөн тохиолдолд Гацууртын ордыг ашиглахыг дэмжинэ. МАН-ын бүлэг уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь зөв гэсэн байрь суурьтай байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын үндсэн эрх ашигт нийцсэн гэрээ, хэлцэл хийх хэрэгтэй” гэв.

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Анх хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь татгалзсан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бол гишүүдийн олонх нь дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг санаачлагчид нь буцаах ёстой. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг горимын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр дахин санал хураалт явуулах горимын санал гаргасан. Тэгээд чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүдийг нэрсийн жагсаалтад оруулж, дахин санал хураалт явуулан, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлнэ. Мөн тухайн үед хуралдаан даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр тогтлоо.

Манай бүлэг цалин, тэтгэврийн зээл болон малчны зээлийн хүүг бууруулах санаачилга гаргасан. Гэвч энэ асуудал өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн 532 тэрбум төгрөгийг арилжааны банканд 10 хувийн хүүтэй байршуулдаг. Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс 3 хувь, арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс 6 хувь бага байна. Ингэснээр хүүгийн зөрүүнээс 32 тэрбум төгрөг алдаж байна. Тиймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг огцруулах асуудлыг хөндөх болно” гэлээ.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-МАН засаг барьж байх хугацаандаа хэрэглээг дэмжсэн бодлого явуулсан. Хоёр их наяд төгрөг тараасан, нүүрсийг нь барьцаалаад 350 сая ам.доллар иргэддээ тараасан. Харин АН үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулж байна гэдэг хоёр харьцуулалт байна?

-С.Бямбацогт: МАН-ын явуулж байсан бодлого зөв байсан гэдгийг ард иргэд хүлээн зөвшөөрдөг. Үүнийг бид мэдэрсэн. Та ч бас мэдэрч байгаа байх. Ганц жишээ хэлье. 1990-2012 он хүртэлх 22 жилийн хугацаанд авсан зээлээс илүү их зээлийг өнгөрсөн хоёр жилд авсан. Өөрөөр хэлбэл, их мөнгөтэй байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөөр үйлдвэрлэлийг дэмжсэн. Гэтэл өнөөдөр 2012 онд байсан эдийн засгийн өсөлт, ажлын байр хаана байна вэ. Бид хэрэглээг дэмжиж үүгээрээ эдийн засгийнхаа өсөлтийг бий болгож байсан. Хэрэглээгээр дамжиж аж ахуй нэгжийн орлого нэмэгдэж, энэ хэрээр ажлын байр бий болж, баялаг бүтээгддэг байсан. Тэр үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол өнөөдөр 4 хувь болтлоо 4 дахин буурсан. Энэ бодит байдлыг илэрхийлнэ гэж бодож байна.

-Төсвийг хумина, хөрөнгө оруулалтыг царцаана гэж ярьж байгаа ч бүтээн байгуулалтыг явуулахгүй, зогсоох гэсэн нь Түгжилдэж байгаа хэрэг биш үү?

-Н.Номтойбаяр: АН аргагүй байдалд орж МАН-ыг засагт хамтрахыг урьсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Хамтраад юу хийж бүтээх вэ гэдэг зарчмын асуудал хөндөж, таван зүйл заалт бүхий гэрээнд хоёр талаас гарын үсэг зурсан. Энэ гэрээнд тусгагдсанаар улс орондоо ээлтэй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажил явагдахгүй байна. Үүнд дүгнэлт хийхээр ирэх долоо хоногийн нэг дэхь өдрийн бүлгийн хурлын дараа Ажлын хэсэг хуралдана. Сүүлийн үед гацаах гэдэг үг их сонсогдох боллоо. Хамтарсан гэдэг нь аливаа хууль бус зүйлийг нүдээ аниад өнгөрөөхийн нэр биш. Буруу зүйлийг хэлж, засах нь бидний үүрэг. Буруу яваад байгаа зүйлийг гацаана, түгжилдэнэ. Үүнийг хатуухан хэлье.

-Д.Хаянхярваа: Ажил гацаана гэдэг хаанаас эхэлсэн асуудал вэ. Тавантолгой, Оюутголгойгоо эрх баригчид өөрсдөө зогсоосон. Эрх баригчдын хоорондын зөрчил Тавантолгойг явуулахгүй өдийг хүртэл бариад байна. Тэр байтугай Оюутолгойн гэрээг ямар ч тайлбаргүй Дубайд очиж зураад ирсэн. Бид юм хэлэхгүй л байгаа. Анхааралтай ажиглаж байгаа. Гэтэл өнөөдөр Гацууртын ордын асуудлыг шуурхай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. Эдийн засагт ач холбогдолтой ямар ямар ажлыг гацаасан бэ гэдгийг сэтгүүлчид та нар сурвалжлаад нэрээр нь жагсаачих хэрэгтэй. Яг нэрлээд олон түмэнд зарлая гэвэл та нарт тийм юм олдохгүй. Сайншандын төсөл, Төмөр замын төслийг явуулъя гэсэн. Хэн явуулахгүй байна. Эрх баригчид өөрсдөө. Өөрсдийнх нь зөрчил, нам доторх хагарал гай болж байна. Үүнийг олон түмэнд мэдээлэх үүрэгтэй.

-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг МАН ямар үндэслэлээр дэмжихгүй байгаа юм бэ?

-С.Бямбацогт: Хүн бүр эрх нь зөрчигдсөн асуудлаа шүүхээр шийдүүлэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл шүүхээр асуудлаа шийдүүлэх эрхийг нь иргэн хүн газраа барьцаалаад зээл авахдаа зээлийн гэрээндээ “Шүүхээр явахгүй” гээд тусгачихвал 100-200 сая төгрөгийн үнэтэй газраа 10-20 сая төгрөгөөр алдах эрсдэл үүснэ. Өөрөөр хэлбэл иргэн хүний шүүхээр асуудлаа шийдүүлэх эрхийг нь хязгаарласан заалт хуулийн төсөлд орсон. Э.Бат-Үүл даргын хэлснээр бол гэр хорооллын нэг айлын хашааны газар 200-300 сая төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгэхээр иргэн хүн амьдрахын эрхэнд газраа барьцаалж зээл авахаар болоход “Шүүхээр явахгүй” гэж гарын үсэг зурвал зээл өгнө гэнэ. Ингээд мөнгөө төлж чадахгүй болвол газраа шууд алдана. Ийм л төсөл явж байгаа учраас бид дэмжихгүй гэж байгаа юм.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж