Хууль тогтоогчид өчигдөр /2019.06.13/ айдас хүйдэс дунд Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын гэмт хэрэгтэй тэмцэх гүйцэтгэх ажилтны орон тоог 60 -аар нэмэх шийдвэр гаргалаа. Бүрэн эрхийн хугацааныхаа дөрөвний гурвыг туулсан УИХ-ын хувьд авлигатай тэмцэх чиглэлээр гаргасан ганц зөв шийдвэр энэ болов.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс хамаарал бүхий компанидаа зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдэд ч энэхүү баталсан тогтоол нь үйлчлэх тул айдас хүйдэс дунд кноп дарахаас ч яалтай.
АТГ-ын орон тоог нэмэх шаардлага үүссэн хамгийн том шалтгаан нь цагаан захтнуудын нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргийн тоо эрс өссөнтэй холбоотой юм.
Статистик мэдээг сонирхуулбал, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлыг 2018 оны жилийн эцсийн ажлын үзүүлэлттэй харьцуулан үзэхэд шалгаж шийдвэрлэсэн гомдол мэдээлэл нь хоёр дахин, мөрдөн шалгах хэрэг 903-аар буюу 4.8 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 157-оор буюу 3.3 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 424-өөр буюу 10.8 дахин, үлдэгдэл хэрэг 266-аар буюу 6.8 дахин, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 59 нэгжээр буюу 3.4 дахин өсчээ.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 17.6 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6.2 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 16.9 дахин өссөн байна. Гэтэл уг хэрэг дээр ажилладаг бүтэц, бүрэлдэхүүн нь 2014 онд батлагдсан орон тоогоор байгаа нь авлига хээл хахууль, албан тушаалын хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай явуулахад хүндрэл учруулах болжээ. Тэр дундаа их хэмжээний хохирол учруулсан, том төсөл арга хэмжээтэй холбоотой хэргийг өргөн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад хүн хүч шаарддаг.
Мөн нийтийн албан тушаалтны томилгоо болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах гомдол мэдээллийн тоо эрс өссөн, нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлыг шинэ шатанд гаргах, далайцыг нэмэгдүүлэх, албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлага бий аж.
Орон нутгаас хувийн ашиг сонирхлын зөрчилтэй болон авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг иргэд, олон нийтээс олон тоогоор ирүүлдэг. Гэтэл орон нутагт салбар нэгж байхгүйгээс төвөөс орон нутагт албан хаагч очиж ажилладаг. Албан томилолтоор нэг газарт олон хоногоор ажиллах хүн хүчний бололцоо боломж тэр болгон гардаггүй учир цөөн хоногт хяналт шалгалтын болон мөрдөн шалгах ажиллагааг хийснээс асуудал бүрэн гүйцэт шалгагдахгүй, гэмт хэрэг зөрчил дутагдлыг бүрэн илрүүлэн, шалтгаан нөхцлийг тогтоох боломж бүрддэггүйгээс буруутай албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцогдохгүй орхигдох, ял завшуулах эрсдэл эрсдэл үүсэх.
Орон нутагт авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг албан томилолтоор очиж шалгахад тухайн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэгт хяналт тавих прокурор, байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой зөшөөрөл өгдөг шүүх нь аймагт байрладаг учир тухайн хэргийн шалгаж шийдвэрлэж дуустал орон нутаг руу олон удаа томилолтоор ажиллах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд Улаанбаатар хотод шалгагдаж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэхгүй цаг алдах эрсдэл үүсдэг байна. Учир нь нэг мөрдөн байцаагч дээд тал нь 25 хэрэг дээр ажиллах шаардлага тулгардаг.
Иймээс тус газрын гүйцэтгэх ажилтны орон тоог 60-аар нэмэгдүүлэх нь ажлын хэт ачааллыг бууруулж, хэрэг бүр дээр нэгбүрчлэн шуурхай ажиллах боломж бололцоог бүрдүүлж өгөх ач холбогдолтой юм.
АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдэн гарснаар хэрэгжиж эхэлнэ.
Г.ХОРОЛ