“Ажилдаа явлаа” гээд эхнэр хүүхдээ үнсээд гарсан хүн маргааш нь ирэхгүй үүрд явсан байж болох тийм л эрсдэлтэй ажил, албыг Онцгой байдлын аврагч, гал сөнөөгчид гүйцэтгэдэг. Тэд халуун нурам, дүрэлзсэн улаан галыг унтраан, аюул ослоос бусдыг авран хамгаалаад буцах зам хамгийн сайхан гэж ярина. Бусдын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэх тангарагтай, эгэл хүмүүсийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн Салааны захирагчийн туслах, ахлах ахлагч У.Мөнх-Эрдэнэ юм. Тэрбээр Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргээд, 18 настайдаа байгууллагынхаа босгыг давснаас хойш өдгөө 21 жил өнгөрчээ. Энэ хугацаанд объектын болон ой, хээрийн хэд хэдэн томоохон гал түймрийг унтрааж аюул осол гамшгийн нөхцөл байдлаас олон хүний амь нас, эд хөрөнгийг аварсан “Нэргүй” баатар түүнтэй ярилцлаа.
-Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой удахгүй болно. Ойн баяраараа дүрэмт хувцсаараа гоёод, мэргэжлээрээ бахархдаг хамгийн сайхан өдөр байдаг болов уу. Таны хувьд хамт олныхоо юугаар нь илүү бахархдаг вэ?
-Онцгой байдлын байгууллагын алба хаагч гэсэн мэргэжил, ажлын нөхцөл нь хүнд хэцүү ч олон хүний амь нас, эд хөрөнгийг авардаг сайн үйлс учраас мэргэжлээрээ, бас хамт олноороо их бахархаж явдаг. Олон залуусын дунд мөр зэрэгцэн алхаж явах сайхан шүү дээ. Ялангуяа баяр ёслолын үеэр Төрийн далбааныхаа дор ёслолын хувцсаараа ижилсээд жагсаж явах шиг бахархалтай зүйл үгүй санагддаг.
–Ажил мэргэжлийн хувьд сэтгэл гонсойж, харамсаж, халаглаж байсан үе бий юү?
-Гал түймрийн дуудлагаар биднийг очиход нөхцөл байдал ямраар ч эргэж болно. Галын дуудлагаар цаг, минуттай уралдсаар очиход уур бухимдалтай хүмүүс, өнчрөл хагацал, гэр нь үнс нурам болсон, нэг гэр бүлийн хүмүүс амь насаа алдсан гээд л олон хүнд нөхцөл байдалтай нүүр тулдаг. Мөн аливаа аюул ослоос өөрийгөө авч гарах чадваргүй бяцхан хүүхдүүд амь насаа алдсан байхад хамгийн их харамсаж, элэг эмтэрдэг. Ийм харамсалтай зүйлс олон тохиолддог. Иргэд галын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг мэдээлэл хомс, эсвэл хэнэггүй, тоомжиргүй зангаасаа болж бага насны хүүхдүүдийг аюултай байдалд оруулдаг. Ялангуяа гэр хорооллын нөхцөлд хүүхдүүдээ гэрт нь гаднаас нь цоожлоод явчихдаг. Үүнээс болоод хүүхэд нь амь насаа алдах тохиолдол гардаг. Нэгдүгээр хорооллын орчимд эцэг, эх нь бага насны хүүхдүүдээ эзгүй орхисон хойно гэр нь шатаж хоёр, дөрөв, зургаан настай гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.
Хүүхдүүдийн аав түр хугацаанд гадуур гарахдаа гэртээ хүйтэн оруулахгүй гэж гаднаас нь том цоожоор цоожлоод явчихсан байгаа юм. Гэрт нь гал гарах үед хүүхдүүд гарч чадалгүй байсаар хамгийн бага дүүгээ тэвэрч, нэгийгээ хамгаалсаар галд нас барсан харамсалтай явдалд сэтгэл минь их өвддөг. Бас ээж, аав нь хүүхдийнхээ амь насыг авраад өөрсдөө галаас гарч чадалгүй нас барчихсан, хүүхэд өнчирч хоцрох харамсмаар зүйлс их бий. Тийм болохоор эд хөрөнгөөс илүү нэг, хоёр ч байсан хамаагүй хүний амь насыг аврах нь бидэнд хамгаас чухал байдаг.
-Хүний амь насыг аварна гэдэг маш том буян. Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүний амь насыг авран хамгаалсан бэ?
-Би аварч байсан хүмүүсээ огт тоолж байгаагүй. Хүний амь аварна гэдэг ганц хүний хийх ажил биш, баг хамт олны л ажил үүрэг байдаг. Тухайн хүнд нөхцөл байдлаас нэг ч гэсэн хүнийг эсэн мэнд цаг алдалгүй аварч, аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж дууссан нөхцөлд бүгд сэтгэл тэнүүн болж, багийнхаа залуусаар бахархах сэтгэл их төрдөг. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Хилчин хотхоны хоёр давхрын айлд гал түймэр гарахад нэгээс зургаан давхар, мөн коридор хүртэл гал түймэр тархаж, оршин суугчид нь гарч чадахгүйд хүрсэн байсан ч манай ангийн албан хаагчид шуурхай ажиллаж, тэнд байсан 57 орчим хүний амь насыг авран хамгаалахад их сайхан санагдаж байсан. Энэ бол их сайхан мэдрэмж.
-Хүмүүсээс талархлын үг хэр их сонсдог вэ?
-Бид ихэвчлэн амь насыг нь аварсан хүмүүсээс баярлалаа гэдэг үгийг сонсч байгаагүй. Яагаад гэвэл аварч байгаа хүмүүс маань их, бага хэмжээгээр угаартаж, ухаан алдсан, эсвэл хэт их сандарч цочирдсон байдаг учраас шууд л яаралтай тусламж руу ханддаг. Тиймээс тэр бүрийд баярласан, талархсанаа илэрхийлэх боломжгүй. Харин сүүлийн үед цахим орчинд талархлаа илэрхийлдэг болсон байна билээ.
-Гал сөнөөгч болохоор шийдсэн тань их сонирхолтой байна?
-Багадаа зуныхаа амралтаар Баянхошуунд эмээгийндээ очно. Тэр үед эмээгийн хажууханд /Баянхошуу/ морин тойруулга нэртэй сургалтын полигонд тамирчид бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Тэнд үе үе галын тэмцээн болно. Тэмцээний үеэр гал унтрааж буй ах нарыг хараад гал сөнөөгч болно гэж шийдсэн. Тухайн үедээ надад их гоё санагддаг байлаа. Одоо ч гэсэн мэргэжилдээ хайртай. Залуу байхад шантрах үе зөндөө. Олон хоног нойр хоолгүй ажиллаад, гэрийн бараа харахгүй ядарна. Тухайн үедээ ажлаасаа гарна, гэртээ харина амарна гээд олон зүйл бодогдох ч аврах ажиллагаа дуусахад мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж, зориг тэвчээр хатуужилтай болж, илүү их урамшдаг. Ер нь бид чинь гэрийн бараа хардаггүй хүмүүс шүү дээ /инээв/. Анх эхнэр ойлгохгүй уурлана. Дараа нь ажил мэргэжлийн маань онцлогийг ойлгодог болсон доо. Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
-Галын дуудлагад очиход тулгамдаж буй асуудал бэрхшээл саад нь юу байдаг вэ. Замын түгжрэлээс болоод ч юм уу хугацаа алдах тохиолдол байдаг уу?
-Гадны орнуудын жишгээр 5 км тутамд нэг Гал унтраах, аврах анги байдаг. Энэ жишгээр Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах гурван анги байдгийн нэг нь манайх. Нийт 63 хүний бүрэлдэхүүнтэй. Тухайн нөхцөл байдалд тохируулан газар нутгийнхаа хэмжээнд захирагддаг тул үйлчлэх хүрээндээ аль болох цаг хугацаа алдахгүй байхаар тооцож ажилладаг. Замын түгжрэлийн тухай мэдээллийг урьдчилан Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөсөө авч, аль болох түгжрэлгүй богино хугацаанд очих замаар л шуурхайлан нөхцөл байдал дээр очдог. Шаардлагатай үед замын хөдөлгөөний дүрэм зөрчих ч тохиолдол гарна. Түүнээс гадна орон сууц, явган хүний зам, орц, гарц таглаж хайс хашлага барьдаг нь аврах ажиллагаанд ихээхэн саад учруулдаг. Орон сууцанд гал гарч, хүмүүс гарч чадахгүй нөхцөлд хүрсэн байхад цонхны эсрэг талаас аврах ажиллагаа явуулъя гэхэд том төмөр хашаа барьсан байдаг. Шат хүрэх боломжгүй нөхцөлд олсоор л хүмүүсээ аврахаас өөр аргагүй байдалд хүргэдэг. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүд хашаагаа сунгаж, нарийн гудамж үүсгэсэн байдаг нь машин орох боломжгүй болж, орон зай хүрдэггүй. Тиймээс өөр гудамж юм уу, нөгөө талаас нь тойрч очих шаардлага гарна. Бас тодорхой хаяг байхгүй, задгай, уул руу буусан айлуудыг олоход харьцангуй хүндрэлтэй. Энэ хугацаанд гал түймэр, хүний амь нас, эд хөрөнгө секунд долиор хэмжигдэж байдаг.
-Гал сөнөөгчийн хувцас хэрэгсэл 21 жилийн өмнөхөөс өөр болсон байх. Одоо өмсч буй хувцас хэрэгсэл таны аюулгүй байдлыг хангахаар хамгаалагдсан байж чаддаг уу?
-Өмнөх үетэй харьцуулахад техник хэрэгслийн хангамж, хувцас хэрэгсэл илүү сайжирсан. Гал сөнөөгчөөр 21 жил ажиллах хугацаанд хувцас хэрэгсэл, техник хэрэгслийн хангамж шат дараатайгаар сайжирч, чанартай болгох талаас нь дээд шатны байгууллагын удирдлагуудын зүгээс анхаарч ирсэн гэж боддог. Одоо өмсч буй хувцсыг өмнөхтэй харьцуулшгүй. Дээх нь үед өмд, цамц нь гэрийн брезинтийн материалаар хийгдсэн, аврах бүс дуулга малгай, бакалтай л байсан шүү дээ. Одоо бол ТК8 буюу мөнгөлөг материалаар хийгдсэн цельсийн 800 градуст 16 секунд тэсэх зориулалттай хамгаалах хувцас, хэрэгсэл нь боломжийн санагддаг.
Онцгой байдлын байгууллагын аврагч залуус ажлын хүнд нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэдэг. Томоохон хэмжээний гал түймрийн дуудлганд Нефть бааз, агуулах шатах зэрэг тохиолдолд техник хэрэгслийн хүчин чадал маань тодорхой хэмжээгээр хүрэлцэхгүй байх асуудал гардаг л даа.
–Тухайн үеийн 18 настай хүү анх галын дуудлагад явахдаа галын өөдөөс сөрж орно гэхээс айж байв уу?
-Бид үргэлж бэлтгэл хийдэг болохоор сандарч, тэвдэх тохиолдол бага л даа. Жирийн хүмүүстэй харьцуулахад сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй бас тухайн үеийн туршлагатай ахмад ажилчид, багш болсон хүмүүс маань үргэлж ар талд минь байсан болохоор түгших зүйл байгаагүй ч бага зэргийн айдас бол байсан.
Ер нь гал түймрийн нөхцөл байдал дээр үргэлж нэгийгээ хамгаалах тактиктай ажилладаг болохоор гал сөнөөгчдийн амь нэг байдаг гэж хэлж болно. Хүний амь насыг аврахад ч бас ганцаараа гэсэн ойлголт байхгүй. Үргэлж баг хамт олноороо маш шуурхай нөхцөл байдалд ажиллаж хүний амь нас, эд хөрөнгийг аварч хамгаалахыг эрмэлздэг.
-Таныг харахад шаггүй олон медалиар энгэрээ мялаажээ. Медаль бүхний цаана өөр өөр үүх түүх байгаа байх. Хамгийн хүндтэй медаль тань юу байв?
–Сайн ажилласан гэж хамт олноос минь намайг үнэлж оны тэргүүнээр шагнаж байлаа. Өөр бусад олон түүх бий л дээ. Үүнээс хүний амь нас авраад төрдөө үнэлүүлсэн хамгийн хүндтэй шагнал минь “Шударга журам” медаль. Энэхүү төрийн дээд одон, медалийг одоогоос гурван жилийн өмнө 2016 онд I дүгээр хороолол орчмын нэг айлд гал гарч, гурван хүний амь насыг аварсныг минь үнэлсэн хэрэг л дээ. Хэн ч байсан хамаагүй хүний амь насыг аварна гэдэг л хамгийн сайхан мэдрэмж.
-Объектийн болон ой, хээрийн гал түймэр гээд том хэмжээний гал түймрийг унтраахад хамгийн багадаа хэр их хугацаа зарцуулдаг бол. Таны хувьд хамгийн урт хугацаанд унтрааж байсан томоохон хэмжээний ямар гал түймэр гарч байв?
-Гал түймрийг унтраахад хэр их цаг хугацаа зарцуулахыг урьдчилан тооцох боломжгүй л дээ. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа л шалтгаална. Объектын гал түймэр унтраах ажиллагаанд найм ба 12 түүнээс дээш 24 цагаар ажиллах тохиолдол гарна. Ой, хээрийн гал түймрийг унтраахад хуурайшилт ихтэй үед олон хоног цаашлаад сар хүртэлх хугацаанд ажиллах асуудал яригдана. 2002 онд байх гамшгийн нөхцөл байдалтай хуурайшилтын зэрэг өндөр байхад 34 хоног хээр гадаа түймрээс түймэр дамжин ажиллаж байсан санагдаж байна. Ер нь нөхцөл байдал хаашаа ч эргэх магадлалтай. Өмнө нь гэр хорооллын айлууд шавар байшин амбаар, гэртэй байсан бол одоо амьдрах орчин ч өөрчлөгдөж том хаус, амины орон сууцууд болж, түүнийгээ амархан шатаж, гал гарах магадлалтай барилгын материал ашиглан барих болсон нь гал түймэр гарах шалтгаан нөхцлийн нэг болдог болсон. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газ хэрэглэдэг болсон нь ч нөхцөл байдлыг хүндрүүлэх шалтгааны нэг болоод байгаа. Тиймээс аливаа тохиолдолд үргэлж, сонор сэрэмжтэй, анхааралтай байх хэрэгтэй юм.
-Эдгээрээс болоод гал түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна гэсэн үг үү?
–Хүн, ам хэт их нягтаршихын хэрээр гал түймрийн дуудлага, байгалийн гамшигт үзэгдлийн тоо нэмэгдсэн. Дээр дурьдсан галд тэсвэргүй, шатамхай материалаар барилга, байгууламж болон амины орон сууц барих, үнс нурмаа ил задгай хаях, цахилгааны аюулгүй байдлаа хангахгүй байгаа зэргээс шалтгаалсан гал түймрийн дуудлага тасардаггүй. Мөн үерийн аманд зөвшөөрөлгүй буусан айлууд үерт автаж, нөхцөл байдал хүндрэх, уулан дээр буусан айлууд өвөлдөө цасанд дарагдах, гэр нь нурах зэрэг тохиолдлууд олон гарна.
-Ярилцсанд баярлалаа.