Хүүхэд, хөгшидгүй гадаа гарч нарлах цаг ирлээ. Зүлэг, цэцэг, мод бүхий ногоон орчин руу хүн бүр тэмүүлж байна. Гэвч Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр амарч, салхилах ногоон байгууламж бүхий томоохон талбай бараг алга.
Сүхбаатарын хөшөөний урд талын 2.5 га газрыг чөлөөлсний дараа тохижилт үйлчилгээг нийслэлийн хөрөнгөөр гүйцэтгэж, амарч зугаалахад тохиромжтой усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн барина гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн.
Тодруулбал, Сүхбаатарын талбайн урд хэсэгт 200 автомашины багтаамжтай авто зогсоолыг эзэмшдэг “Ю Би констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүчингүй болгосон юм.
Цаасан дээр гаргасан захирамж, тогтоолоор бол “Ю Би констракшн” ХХК нь “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилга баригдана" гэж тунхагласан ч бүтэн 13 жилийн дараа бөртийх ч бүтээн байгуулалт хийгээгүй тул тэрхүү талбайд “Төвшингүүд Констракшн” ХХК бүтээн байгуулалт хийхээр болсон билээ. Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас тодруулсан юм.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН УРД ХЭСЭГТ ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРЛЫН ОНЦЛОГТ ТОХИРСОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА
Тэрбээр “Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тавдугаар сарын 15-наас 29-ний өдрүүдэд зарласан. Уралдааны зорилго бол Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм. Оролцогчдын бүтээлийг таван гол үзүүлэлтээр шалгасан.
Бүтээлийн үзэл санааны шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх соёлын хэв шинжийг тусгах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хэр хангасан, эсэх, иргэд олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтүүдээр тус бүрт нь оноо өгсөн.
Бүтээл нь шалгарсан “Төвшингүүд Констракшн” ХХК-ийн зүгээс одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, жилийн дөрвөн улирлын онцлогт тохируулан нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон” гэлээ.
“Төвшингүүд Констракшн” ХХК Сүхбаатарын талбайн урд талын тохижилтын ажлыг нийслэлийн бэлгэдэл Хангардиас санаа авч хийсэн бөгөөд ногоон байгууламжийг 1.25 га талбайд хийж, доошоогоо хоёр давхар автомашины зогсоолтой байхаар шийдэж буй юм байна. Харин усан оргилуурт хурын усыг дахин ашиглахаараа ихээхэн онцлог болж байгаа аж.
Бүтээн байгуулалт хэзээ эхлэх болон хэдий хэр хэмжээний мөнгө шаардлагатай нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. Ямартай ч бүтээн байгуулалт эхлэх хүртэл талбайн урд хэсгийн автомашины зогсоолыг "Улаанбаатар АЗЗА" ХХК хуулийн дагуу хариуцахаар болсон бөгөөд зогсоолын үйлчилгээг иргэдийн эрх ашигт нийцүүлэн түр ажиллуулж, орлогоо нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тохиролцжээ.
Э.БУРАМ