Н.Цэдэнбал: Биднийг жинхэнэ том багууд хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Н.Цэдэнбал: Биднийг жинхэнэ том багууд хүлээж байна

Н.Цэдэнбал: Биднийг жинхэнэ том багууд хүлээж байна

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Бруней Даруссаламын багийг 3:2-оор хожиж, “Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглох эрхээ авсан билээ. Ази тивийн 40 баг найман хэсэгт хуваагдах бөгөөд сугалаа ирэх долдугаар сарын 17-нд Катарын Доха хотод болно.

Азийн бүсийн урьдчилсан шатыг давж, цааш тоглох эрхээ аваад байгаа Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг өчигдөр эх орондоо ирсэн юм. Шигшээ багийн ахлагч, хоёр тоглолтын гоолын эзэн Н.Цэдэнбалтай цөөн хором ярилцлаа.

-Юуны түрүүнд ДАШТ-ий урьдчилсан шатыг давж, дараагийн тойрогт тоглох болсонд баяр хүргэе. Багийн ахлагчийн хувьд Брунейтэй хийсэн хоёр дахь тоглолтод торгуулийн цохилт хийж, багтаа цааш тоглох гол боломжийг авчирлаа. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Сэтгэгдэл маш өндөр байна. ДАШТ-ий урьдчилсан шатыг анх удаа давж үзлээ. Брунейн талбай дээр хийсэн тоглолт үнэхээр хүнд болсон. Тоглолтын эхний хагаст 2:0-оор хожигдож явсан манай багийн хувьд үнэхээр хүнд байсан. Хоёрдугаар үед багаараа сэтгэл зүйгээр тайван байхыг хичээсэн. Тоглолт эхлээд удалгүй торгуулийн цохилтыг би хийсэн. Энэ гоол манай багийн хувьд том сэргэлт болж, багийн уур амьсгал сайхан болж ирсэн. Сэтгэл үнэхээр хангалуун байна.

-Брунейн шигшээ баг өөрийн талбайд илүү тоглолт үзүүлж байгаа нь харагдлаа?

-Тэгэлгүй яах вэ. Өөрийн талбайдаа тоглоно гэдэг бол сэтгэл зүй болон хөгжөөн дэмжигчдийн өмнө давуу талтай байдаг. Манайх  ч гэсэн өөрийн талбайдаа Брунейг 2:0-оор хожиж, давуу талтай болсон шүү дээ. Брунейн залуус талбайд сайн тоглолт хийсэн. Гэхдээ бидний хувьд нийлбэр дүнгээр /3:2/ ялж, цааш өрсөлдөх эрхээ авлаа.

-Тайландад хийсэн бэлтгэл нөлөөлжээ гэж үзэж болох уу?

-Тавдугаар сард 10 хоногийн хугацаатай Тайландад бэлтгэл хийсэн. Энэ маш үр дүнтэй боллоо. Цаг агаарын хувьд дөхөм байсан болохоор бидэнд үр дүнтэй байсан гэж бодож байна.

-Брунейтэй хийсэн хариу тоглолт Боромей аралд байрлах Султаны нэрэмжит талбайд болсон. Тоглолтын уур амьсгал ямар байсан бэ?

-25 мянган хүний цэнгэлдэх хүрээлэн байсан. Тоглолтыг үзсэн үзэгчийн тоо 7000 орчим байсан гэсэн. Хэцүү тоглолт байсан. Хөгжөөн дэмжигчдийн дуу их чанга, сайн дэмжлэгтэй байлаа. Хиймэл зүлэг нь тэс өөр. Бид Тайландад бэлтгэл хийсэн болохоор ер нь гайгүй байсан.

-Дараагийн чухал сугалаа долдугаар сарын 17-нд болно. Одоо Азийн том багуудтай тоглох боломж гарлаа. Бэлтгэлээ хэрхэн хийх вэ?

-Бид шинэ шатанд тоглох эрхтэй боллоо. Жинхэнэ том багуудтай тоглоно. Шигшээ багийн хувьд бэлтгэл хийсэн хэвээр байх болно. Харин дундуур нь лигийн тоглолт байгаа учраас тамирчид баг багтаа тоглоно. Бэлтгэлийн хувьд хангалттай хийнэ гэж бодож байна.

-Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглохын тулд 2016 оноос хойш бэлтгэсэн. Та бүхэн энэ хугацаанд зорилгоо биелүүлж чадлаа?

-Бидний хувьд үнэнийг хэлэхэд энэ тэмцээнээс хожил авч, цааш өрсөлдөхийн тулд сайн бэлтгэж чадсан. Хоёр жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтад анхаарч ажлаа хойш тавьсан нэгэн ч байна. Тийм болохоор бид зорьсон зорилгынхоо эхний давааг амжилттай давлаа.

-Багийн нэгдэлд хэрхэн анхаарсан бэ. Сэтгэл зүйн бэлтгэлийг хэрхэн хийж байна вэ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд залуу тамирчид ихээр дуудагдсан шүү дээ?

-Сэтгэл зүйн тал дээр багийн гишүүдэд хэлэх үгээ хэлээд явдаг. Манай залуучууд маш сайн байгаа. Олон улсын тоглолтууд хийж байгаа болохоор сэтгэл зүйн тал дээр сайн байна. Багийн тоглогчдын ихэнх нь туршлага хуримтлуулж яваа болохоор миний хувьд дажгүй гэж бодож байна.

https://www.youtube.com/watch?v=qfDdWHzifD8

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж