Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд түүнтэй хамт Ерөнхий зөвлөлийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм. Харин одоо зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох процесс өрнөж буй. Хуулийн дагуу Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдож байсан Э.Батбаяр, Монголын Хуульчдын холбооноос томилогдож байсан В.Оюумаа нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй учраас үүрэгт ажлаа үргэлжлүүлж буй.
Одоо Давж заалдах, анхан шатны шүүх болон Улсын дээд шүүхээс тус бүр нэг хүнийг сонгож, томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм. Давж заалдах шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулж, санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг дэмжсэн байна. Тиймээс Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлнэ.
Харин анхан шатны шүүхээс нэг шүүгчийн нэрийг дэвшүүлэх бөгөөд хоёр удаа санал хурааж, нийт шүүгчдийн олонх буюу 50+1 санал авсан нэр дэвшигч тодроогүй бөгөөд ирэх мягмар гаригт хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураах юм. Тодруулбал, шүүгчдээс МУИС-ийн багш Т.Мэндсайхан, шүүгч А.Насандэлгэр нар хамгийн өндөр санал авсан байна. Тиймээс ирэх мягмар гаригт тэдний дунд дахин санал хураалт явуулж, хамгийн өндөр буюу 50+1 санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч нарын зөвлөл одоогоор хуралдаагүй бөгөөд хуралдаанаар нэг нэр дэвшигчийг тодруулж, Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөл болон зөвлөлийн дарга нь хуулийн дагуу гурван жилийн хугацаанд сонгогддог бөгөөд нэг удаа улиран сонгогдох боломжтой.
Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүний гурав нь тодорсон бол Улсын дээд шүүх болон Анхан шатны шүүгчдийн бүрэлдэхүүнээс нэг нэг хүнийг нэр дэвшүүлснээр Ерөнхийлөгч баталгаажуулна. Харин түүний дараа Ерөнхий зөвлөлийн таван гишүүн бүрдэж, дотроосоо нэг хүнийг нэр дэвшүүлж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг Ерөнхий зөвлөлийн даргад санал болгох юм. Ерөнхий зөвлөлийн даргыг мөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ