Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнийг дагаад орон нутаг дахь зам тээврийн осол нэмэгддэг билээ. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд үйлдэгддэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тоон мэдээллээс харахад, Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч, 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгадаг байна. Зөрчилд холбогдогсдын 75 хувь нь жолооны буруу хүрдтэй, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлж байгаа ажээ.
Өнгөрсөн онд гэхэд зам тээврийн осолд 5323 хүн өртөж, 4761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан нь дэндүү харамсалтай. Хамгийн ноцтой нь амиа алдсан 562 иргэний 422 нь орон нутагт осолджээ. Ослоор амиа алдсан иргэдийн 45 хүүхэд байсан аж.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулахад доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгддэг байна. Үүнд:
- Нэгж хугацаанд хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км цагаар хэтрүүлдэг.
- Хөдөлгөөнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг.
- Хөдөлгөөнд оролцогчдын 78% нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог, зогсолт, зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар явдаг гэх мэт.
Иймд хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ