Цагаан ордны тэргүүн Дональд Трамп ирэх оны сонгуультай холбоотойгоор АНУ дахь гадаадын бүх тагнуул, нууц албаны ажилчид болон Нэгдсэн улсын дайснуудад хандан хачирхалтай санал тавьжээ. Тэрбээр улиран сонгогдоход нь туслах ямар нэгэн мэдээлэл тэдэнд байгаа бол авна хэмээн мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны и-мэйлүүдийг олж өгөхийг ОХУ-аас гуйх, эсвэл Цагаан ордны сонгуульд Москва хөндлөнгөөс нөлөөлсөн гэх тагнуулын ажилтнуудын мэдэгдлээс хэд дахин илүү ноцтой юм.
АНУ-ын Үндсэн хууль, ардчилал, барууны ертөнцийг хамгаалах үүрэг хүлээсэн хүн 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийнхөө талаарх мэдээллийг сөргөлдөгч ОХУ, Хятад зэрэг орны тагнуулын ажилчдаас хүлээн авна гэж мэдэгдэв. Дональд Трамп лхагва гаригт “АВС” телевизийн ярилцлагын үеэр өнгөрсөн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хардлагыг үгүйсгэж, “Энэ бол хөндлөнгөөс оролцсон явдал биш. Тэдэнд мэдээлэл байсан. Би түүнийг авах байх. Хэрэв би буруу гэж бодсон бол Холбооны мөрдөх товчоонд өгөх байсан. Гэхдээ хэрвээ шүү дээ” хэмээсэн байна.
ШҮҮМЖЛЭЛ
Уг ярилцлагын дараа Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулахын төлөө итгэл хүлээлгэх эсэх санал хураалт явуулахыг Ардчилсан намын зарим гишүүд шаардсан байна. Ардчилсан намын төлөөлөгч Брэнда Лоурэнс түүнийг гэмт хэрэгтэн хэмээн цоллож, “Бидэнд илүү итгэл даах Ерөнхийлөгч хэрэгтэй” хэмээжээ. Түүнчлэн Массачусеттс муж улсын сенат Элизабет Уоррен “Харь орноос манай 2016 оны сонгуульд хөндлөнгөөс оролцоход Трамп тусламжийг нь хүлээн аваад зогсохгүй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан” хэмээн мэдэгджээ.
Мөн Вермонтын сенат Берни Сандерс “Түүнийг ийм зүйл хэлсэнд гайхаад байх зүйлгүй. Трамп Үндсэн хуулийг хүндэлдэггүй. Парламентын доод танхимд түүнд итгэл хүлээлгэх санал хураалт явуулах хэрэгтэй” гэсэн байна. Калифорни муж улсын сенат Камала Харрис “Түүний үгийг Хятад, ОХУ, Хойд Солонгос сонсож байна. Үнэнийг хэлье. Энэ Ерөнхийлөгч бол үндэсний аюулгүй байдлын заналхийлэл” хэмээн жиргэжээ. Хэрэв энэ хэрэг илүү томорвол Дональд Трамп бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцорч магадгүй хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Трампын мэдэгдэл ирэх оны сонгуульд иргэдийг талцалд хүргэхээс гадна ямар ч аргаар хамаагүй ялах хүсэлтэй байгааг нь харуулж байна гэж шүүмжилжээ. Гэтэл ирэх 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны ямар нэгэн нөлөөлөл, хөндлөнгийн оролцооноос хамгаалахын тулд Нэгдсэн улсын тагнуул, аюулгүй байдлын алба, тэр ч бүү хэл Цагаан ордон чадах бүхнээ хийж байна. Трампын энэ мэдэгдэл нь АНУ-ын ардчилалд аюул учруулах маш ноцтой мэдэгдэлд тооцогдож байна.
Дональд Трамп энэ зургадугаар сарын 18-нд Флоридад болох уралдааны үеэр албан ёсоор ирэх сонгуульд улиран нэр дэвшихээ зарлахаар төлөвлөж буй. Флоридаг сонгосон шалтгаан нь тэрбээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус муж улсад үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Орландо хотноо болох оройн арга хэмжээнд тэрбээр эхнэр Мелания болон дэд ерөнхийлөгчийн гэр бүлийн хамт оролцох аж.
Дональд Трамп улиран нэр дэвших нь 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш л тодорхой байсан тул энэ нь бэлгэдлийн төдий үйл явдал аж. Түүнчлэн тэрбээр дэмжигчидтэйгээ ярихдаа үргэлж үлдсэн “зургаан жил”-ийн хугацаандаа хэмээн давтан хэлдэг байна. Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад 18 сар үлджээ. Тэрбээр өнгөрсөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд багагүй хөрөнгө зарцуулжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ