"Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь авардаг"

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

"Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь авардаг"

"Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь авардаг"

“Амьдралд дутуу хөтүү зүйл их ч тэр бол цаг хугацааны асуудал, зовлон биш юм. Зовлон гэвэл өвчинг л хэлдэг байна лээ. Үхлийн өмнө ирэхэд болохгүй, бүтэхгүй байна гэж бодсон бүхэн юу ч биш санагддаг. Хүн эрүүл, амьд байна гэдэг ямар их хувь тохиол билээ. Өглөөний нарыг үр хүүхэд, хань ижил, ижий аавтайгаа харах шиг жаргал энэ хорвоод үгүй” хэмээн 30 настай бүсгүй энх цагийн баатар болсон цусны доноруудад хандан бичжээ. Энэ мэтчилэн барааг нь хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй тэр хүмүүсийн буянаар дахин амьдардаг иргэдийн захидал хөвөрнө.

Монгол Улс элэгний эмгэгээр дэлхийд дээгүүрт ордог. Нэг хүнд элэг шилжүүлэн суулгахад ойролцоогоор 80 орчим нэгж цусан бүтээгдэхүүн ашигладаг аж. Цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж байгаа нөхцөлд цусны доноруудын хэрэгцээ мөн хэмжээгээр өснө. Тэр хүмүүсийн тусламжтай л бидэнд хагалгаа хийх нөхцөл бүрдэж байгаа юм. Хамгийн өндөр цусны хэрэгцээ гарсан өвчтөнд нийт 84 литр цус, цусан бүтээгдэхүүн юүлж байсан гэж мэргэжилтэн хэлж байв.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад донорын тоо нэмэгджээ. Цусаа өгсөн донорын тоо 2017 оны тавдугаар сард 2081 байсан бол 2019 оны тавдугаар сарын байдлаар 2415 болтол өсчээ. Мөн үзлэгт хамрагдсан нийт донор 2015 онд 2325 байсан бол энэ тоо 2798 болтлоо өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Өнөөдөр Монгол Улсад цус авч байгаа дөрвөн төв буюу Баянзүрх, Сүхбаатар /1-р эмнэлгийн дэргэд/, Дүнжингарав болон явуулын төв ажиллаж байна. Эдгээр дөрвөн төвд өдөрт дунджаар 130-160 иргэн цусаа өгдөг байна. Иргэдийн хамгийн их очдог Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өчигдрийн байдлаар 42 иргэн цусаа өгчээ. Уг төвд өдөрт ойролцоогоор 30-70 хүн цусаа өгдөг байна.

Жил бүрийн зургадугаар сарын 14-ий өдрийг "Цусны донорын Дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг. 2005 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Манай улс энэ жил 15 дахь удаагаа тэмдэглэж байна.

Цусны донорын Дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордонд “Цусны 1000 донор” Үндэсний чуулган болно. Уг чуулганд уригдсан Завхан аймгийн иргэн, Монгол Улсын хүрэл донор А.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр өдгөө Дархан-Уул аймагт амьдарч байгаа аж.

А.Дашням гуай анх 16 настайдаа цусаа өгчээ. 80, 90-ээд оны үед цус авах нь ховор байсан бөгөөд 2012 он хүртэл цус өгөөгүй байна. Түүнд гэнэт цус өгөх шаардлага гарсан учраас цусаа өгч, өдгөө Монгол Улсын "Хүндэт донор" болжээ. Манай зочин хэлэхдээ "Хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа тусалж, донор болон, олон сайхан буянтай үйл хийсэндээ баярлаж явдаг" гэлээ.

-Та анх хэдэн настайдаа цусаа өгч байсан бэ? Эндээс хоёулаа яриагаа эхэлье?

-Би Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат. Наймдугаар ангиа төгсөөд Төв аймгийн Эрдэнэ суманд трактор комбайны жолоочийн курст сурахаар явсан. Тэнд сурч байх үед анх цусаа өгсөн дөө. 21 аймгаас ирсэн залуус тэнд жолооч болохоор очиж байлаа. Би тэр үед 16, 17 настай байсан бөгөөд 4-5 удаа цусаа өгч байсан. Тэр үед хүний цус ямар их хэрэгтэйг ойлгож байлаа. Гэхдээ үргэлжлүүлж өгч чадаагүй. Би нутагтаа очиж жолоочоор ажиллаад, цус бэлэглэх асуудлыг мартсан. Тухайн үед цус авах нь ховор байсан. Биднийг залуу байх үед донор гэх ойлголт байдаггүй байлаа. Ер нь мэдээлэл бага байсан гэх үү дээ. Би 2012 онд том ахынхаа хүүхдэд цус өгөх болоод дахин цусаа өгч эхэлсэн. Энэ үеэс л дахин цус өгөх хүмүүнлэгийн ажилд орсон доо.

-Та бол бусдын амийг аварсан ачтан. Хэзээ "Хүндэт донор"-ын болзол хангав. Энэ болзлыг хангахад амаргүй шүү дээ.

-Би ер нь өөрийгөө хүндэт донор болно гэж бодож байсангүй. Энэ талаар ер бодсонгүй юмгүй байсан даа. 2012 онд анх цусаа өгснөөс хойш Завхан болон Улаанбаатарт ирж өгдөг болсон. 2015 онд "Хүндэт донор"-ын болзол хангаж, медалиар шагнуулж байсан. Үүний дараа 70-аас дээш удаа цусаа өгсөн хүн "Хүрэл донор" болдог болзлыг хангасан. Би оройтож өгсөн ч гэсэн хүмүүнлэгийн үйлсэд энэрэнгүй сэтгэлээ зориулж яваа хүний нэг болсондоо өнөөдөр баярлаж суудаг. Цусаа өгснөөр гурван хүний амийг аварч байгаа юм шүү дээ. Одоо цусны бүлгийг хувааж, улам нарийн өгдөг боллоо. Цусны том төвтэй болж, донорын тоо улам нэмэгдэж байгаад баярлаж явдаг.

Донор хүний сайхан нь юундаа байдаг вэ?

-Би олон жил нутагтаа амьдраад саяхнаас Дархан-Уул аймагт гэр бүлийн хамт ирсэн. 2010-аад он гарснаас хойш цусаа идэвхтэй өгч эхэлсэн болохоор надад олон сайхан үйл явдал тохиож байлаа. Донор хүний хамгийн гол гавъяа нь хүний амь насыг аврах сайн үйлс. Үүний төлөө явж байснаа хожуу ухаарч, цусаа дахин өгсөндөө баярладаг. Цусаа өгснөөр надад болон миний таньдаг хүмүүсийн биед сөрөг нөлөө илэрсэн зүйл байдаггүй. Миний ээж 103 нас хүрсэн. Би өнөөдөр 60 нас хүрч байгаа ч толгой, даралтны эм уудаггүй. Эрэгтэй хүн 60 нас хүрээд цусаа өгдөггүй болохоор одоо өгөхөө больсон. Гэхдээ үнэхээр буянтай үйлийн нэгийг хийсэндээ баяртай байдаг. Донор болсноор хүний амь насыг аварч, амьдрал бэлэглэнэ. Мэдээж тухайн хүн өөрийнхөө эрүүл мэндийг тогтмол хянах боломжтой. Донор болсноор зүрх судас болон хавдрын өвчлөлөөс сэргийлж, хөдөлмөрийн бүтээмж сайжирна шүү дээ. Ах нь ер зүгээр сууж чаддаггүй. Дархандаа нэгэн газарт жижүүрийн ажилд орчихоод ирлээ. Хамт олон маань донор гэхээр их сайхан хүлээж авсан. Ер нь хаана ч очсон донор хүний нэг гэхээр сайхан байдаг. Тиймээс донор хүн буянтай үйлтэй хүний нэг юм даа.

-Таны хүүхдүүдээс донор болсон хүн байгаа юу. Донор хүний хувьд залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Би олон хүний амийг аварсан энэ буянтай ажилд өөрийгөө зориулсандаа баяртай байдаг юм. Хүүхдүүдээс маань донор болсон хүн одоогоор байхгүй. Ач, зээгээс маань донор болох хүн гарах байх гэж бодож байна. Миний хувьд цусаа өгөх шаардлага гарах үед цусаа өгнө. Хүмүүнлэгийн буян хийж байгаа үед хэрэгтэй үед нь туслах болно. Завхан нутгаас "Хүрэл донор" болсон хүн ховор байдаг. Тэгэхээр нутгийнхаа нэрийг доноруудын дунд гаргасандаа баярладаг. Би залуучуудад хандаж хэлэхэд хүнд хэрэгтэй сайн үйлийг хийх хэрэгтэй. Мэдээж донор болох хүн хамгийн түрүүн эрүүл байх ёстой. Одоогийн залуучууд их ухаалаг болжээ. Ер нь донорын тоо нэмэгдэж байгаад баярлаж явдаг. Мөн цусны төв маань улам сайжирч байна. Тиймээс залуучуудаа цусаа өгч, хүмүүст амьдрал бэлэглээрэй гэж хэлмээр байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж