Бүгд Найрамдах Армен Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Бүгд Найрамдах Армен Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Армен Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Армен Улсын Үндэсний Хурлын дэд дарга, Армений Үндэсний Хурал дахь Армен-Монголын парламентын бүлгийн дарга Микаел Мелкумян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ах дүү Армений анд нөхөдтэйгээ уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монголд оронд тавтай морилохыг хүсэв.

Ноён Микаел Мелкумян хоёр орны харилцаа олон жилийн түүхтэй, ах дүү ёсных гэдгийг онцлон тэмдэглээд, “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд худалдааны эргэлт тун бага байгаа. Тиймээс бид чухам ямар чиглэлээр хамтран ажиллах нь илүү үр өгөөжтэй болох, өргөтгөн тэлэх ямар арга зам байгааг олж тодорхойлох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Манай хоёр орон газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог. Тиймээс экспорт, импортын бараа бүтээгдэхүүний чиглэлийн хамтын ажиллагаа нэлээд өндөр зардалтай байх нь мэдээж. Гэхдээ үр ашигтай хамтран ажиллах боломжтой салбарууд цөөнгүй байна. Түүний нэг нь боловсролын салбар. Монгол залуусыг Арменд, армянчуудыг Монголд сургаж болно” гэлээ.

Тэрбээр Армен Улс Евразийн бүс нутгийн интеграцид ихээхэн идэвхтэй байр суурьтай байгааг дурдаад, энэ үйл явцад Монгол, Солонгос, Хятад зэрэг орнууд оролцох өргөн боломжтой. Тиймээс бүс нутгийн хүрээний олон улсын томоохон төслүүдэд хамтрах гарц бидэнд бий гэдгийг тэмдэглэлээ.

Энэ намар УИХ дахь Монгол-Армений парламентын төлөөлөгчид Ереванд айлчлах бөгөөд энэ үеэр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж ноён Микаел Мелкумян хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр дээд түвшний болон ажлын айлчлалууд чухал ач холбогдолтой. Армений парламентын төлөөллийн энэ удаагийн айлчлал зөвхөн хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хамтын ажиллагааны бүхий л салбар, түүний дотор худалдаа, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарын харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв

Тэрбээр Армений Үндэсний Хурлын дарга Арарат Мирзоянд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйг уламжилж өгөхийг ноён Микаел Мелкумянаас хүсээд, өнгөрсөн оны 12-р сард парламентын ээлжит бус сонгуулийг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргэв. Түүнчлэн Монгол, Армений хооронд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэл бидэнд дүүрэн байна. Ийм боломж ч их бий гэдгийг онцолсон юм.

Ноён Мушкарян Арменд өрнөсөн ардчиллын төлөөх үйл явц, төр болон эдийн засаг, шүүх эрх зүйн тогтолцоонд хийж буй шинэтгэлийн талаараа танилцууллаа. Тэрбээр “Манайд авлигын тогтолцоо байхгүй. Мөн дангаар ноёрхох буюу монополийн тогтолцоо байхгүй” гэж онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бидэнд нийтлэг зүйл олон. Бие биенийхээ туршлага, сургамжаас суралцах зүйл ч бий. Адилхан парламентын бүгд найрамдах засаглалтай орнууд. Тиймээс хамтын ажиллагаа, харилцаагаа цаашид улам бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэдэгт итгэж байна" гэлээ.

Бүгд Найрамдах Армен Улсын Үндэсний Хурлын дэд дарга Микаел Мелкумян УИХ-ын дарга Г.Занданшатарыг Армен Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

Уулзалтын төгсгөлд тэрбээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлж эхлэх нь чухал юм. Тухайлбал, бизнес форум зохион байгуулах, Монголын худалдааны төвийг Арменд байгуулах, дээр хэлсэнчлэн боловсролын салбарт оюутан харилцан сургах, Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайд нарыг харилцан айлчлуулах зэрэг ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байна гэлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, УИХ дахь Монгол-Армений парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Бүгд Найрамдах Армен Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манассарян, Армений Үндэсний Хурлын гишүүн Лилит Степанян, Рубик Степанян, Алексей Самбиков нарын зэрэг хүмүүс оролцлоо.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж