ШЕЗ-ийн гишүүнийг сонгох санал хураалт 3 дахь удаа явагдана

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн гишүүнийг сонгох санал хураалт 3 дахь удаа явагдана

ШЕЗ-ийн гишүүнийг сонгох санал хураалт 3 дахь удаа явагдана

Анхан шатны шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалт  хоёр удаа болсон ч олонхи буюу 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тул гурав дахиа товлогдоод байна.

Эхний санал хураалт 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр болж 354 шүүгч  арван нэр дэвшигчийн төлөө санал өгснөөс хамгийн олон саналыг МУИС-ийн багш Т.Мэндсайхан (95), шүүгч А.Насандэлгэр (53), шүүгч А.Сарангэрэл (53) нар авчээ.

2019 оны зургадугаар сарын 10-ны өдөр дээрх гурван нэр дэвшигчдээс дахин санал хурааж, 339 шүүгч оролцсоноос 145 буюу 42.77 хувь нь Т.Мэндсайханд, 100 буюу 29.50 хувь нь А.Насандэлгэрт, 88 буюу 25.96 хувь нь А.Сарангэрэлд санал өгсөн тухай тооллогын комиссын тогтоол гарчээ. Энэ удаа мөн олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас хамгийн олон санал авсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нарын дунд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дахин санал хураалт явуулах товыг Тооллогын төв комисс гаргаад байна. Гурав дахь удаагийн санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэйгээс одоогоор анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс сонгогддог гурван гишүүний суудал эзгүй байгаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар шүүгч Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгосон. Анхан шатны шүүхийн шүүгчид энэ сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчид санал болгох нэр дэвшигчийг сонгоно. Харин Улсын Дээд шүүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр санал болгох ажиллагааг хараахан хийгээгүй байгаа билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж