НЭМЭЛТ: 18.37
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, дэмжлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:
-Үндсэн хуульд порпорционал тогтоогоор сонгууль явуулах боломжийг олгож байгаа. Энэ заалтыг хэн дэмжсэн бэ. Ард түмнээс асуусан уу. Ард түмэн УИХ-ын гишүүнийг өөрөө сонгох эрхээсээ татгалзсан гэж ойлгож байна. Порпорционал гэдэг нь УИХ-ын гишүүдийн нэг хэсгийг ард түмэн, нэг хэсгийг нь нам сонгодог байдал руу орж байх шиг байна. Хуулиар тогтооно гэдэг нь ойлгомжтой, ард түмэн, нам хоёр сонгоно гэсэн үг.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Ард түмний санал асуулга бол тусдаа хуультай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмний санал асуулгаар зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг санал авах санал явж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:
-Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн заалт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар байхгүй. Харин тогтолцоог хуулиар тогтоох асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг олон нийтээр хэлэлцүүлсэн бөгөөд 210 мянган иргэн дэмжсэн учраас хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Улс төрийн намуудын хэлэлцүүлгийн үеэр ч дэмжигдсэн заалт.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж төсөлд тусгажээ. Мөн Шүүгч нар зургаан жил, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг есөн жилээр томилох асуудлуудыг оруулж иржээ. Эдгээр жилүүдийн тооцоо судалгааг хаанаас гаргасан бэ.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой, хоёр парламенттай байх ёстой гэсэн саналтай Үндсэн хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харж үзэхэд, хоёр Ерөнхий сайдтай юм шиг явж байгаа тогтолцооноос хэрхэн гаргах. Мөн өнгөрсөн 27 жилийн хугацаанд тухайн Ерөнхийлөгч, эрх баригч намын даргатай зөрчилдөж байсан нь судалгааны дүнд харагдсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон нь парламент илүү тогтвортой болох, ажлаа хийх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-Цэцийн гишүүн, шүүгч нарын бүрэн эрхийн хугацаа илүү урт болгож байгаа нь одоогийн нөхцөлд үүсээд байгаа томилсон, сонгосон хүнийхээ төлөө ажиллах, дахин сонгогдохын тулд тухайн томилсон субъектээ үйлчлэх эрсдэлүүд байхгүй болно гэж үзсэн учраас ийм заалтууд оруулж өгсөн.
Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт, тодруулга авсны дараа гишүүд үг хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаа парламент дотроо эвлэж, ойлголцсон түвшинд хэлэлцээд явах болов уу. Жишээлбэл, Дэгийн тухай хуультай холбоотой асуудалд зарим гишүүд санал гаргаж байна. Энэ асуудлыг бас нэг талдаа гарах, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэж зарим гишүүд хэлж байгаа нь үнэний ортой. Парламентын түвшинд нэгдмэл байр суурьтай байх нь цаашид гарах сөрөг зүйлсийг арилгах юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа бөгөөд бид өнөөдөр асуудлыг хэлэлцэж байгаа нь үр дүнд хүрч байгаагийн илрэл юм. 2016 онд байгуулагдсан энэ парламентад олгогдсон даалгавар бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Бид амласан, амлалтаа биелүүлэх, даалгавараа биелүүлэх ёстой, биелүүлэхийн тулд парламент дотроо нэгдмэл байх ёстой юм. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг, дэд хэсэг, санаачилсан УИХ-ын гишүүд, өмнөх парламентад байсан гишүүдэд талархал илэрхийлэх ёстой. Ялангуяа 2012-2016 оны хооронд ажилласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг маш сайн ажилласан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд реформын шинжтэй хэдэн хэдэн заалт орсон байна. Тухайлбал, сум, дүүргийн Засаг даргыг иргэд шууд сонгодог болох тухай заалт. Гэхдээ зарим болгоомжлох зүйл бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн 50 хувиас илүү нь уул уурхайн нэг компанийн ажилчид. Тэгэхээр энэ сумыг Засаг дарга хаанаас сонгогдох нь тодорхой болно. Тиймээс энэ заалтыг нухацтай хэлэлцэх шаардлагатай байна.
УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ:
-Ажлын хэсэгт орж ажиллаад тодорхой саналууд гаргасан боловч хуулийн төсөлд ороогүй байна. Тухайлбал, УИХ-ын ээлжит чуулган ажлын 75 өдөр чуулна гэсэн заалтыг бүр илүү тодорхой болгох хэрэгтэй. Хаврын чуулган жил бүрийн гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын өдөр эхэлдэг. Намрын чуулган долдугаар сарын 29 буюу анхны ардчилсан сонгууль явуулсан өдөр эхэлдэг болох гэх мэт саналууд гаргасан. Мөн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн нь УИХ-ын гишүүн байх ёстой. Ингэж байж Засгийн газар илүү хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, ард түмнээс мандат авсан хүн Ерөнхий сайдаар ажиллах ёстой. УИХ-ын бүрэн эрхийн хугацааны тухайд таван жил болгох нь зүйтэй. Дөрвөн жил бол бодлогоо хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцдэггүй. Гэхдээ ийм заалт орууллаа гэхэд одоогийн УИХ-д үйлчлэхээргүй байдлаар оруулах нь зөв.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын тухай хуульд хэд хэдэн “цоож” хийгдсэн байгаа. Нийгэм хөгжиж, дэвжихийн хэрээр суурь харилцааг зохицуулдаг хуулиа өөрлөх нь зайлшгүй зүйл юм. Энэ удаагийн парламентын хамгийн том түүхэн үйл явдал нь өнөөдөр гэж бодож байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байсан ч энэ удаад хэлэлцэж эхэлж, том алхам хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар эцэслэх ёстой. УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд баталж, гаргавал нийгмийн маш олон эсэргүүцэлтэй тулах байх. Тиймээс ард нийтийн санал асуулгаар энэ Үндсэн хуулийг батлах ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:
-2010 оноос хойш УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын долоон удаа идэвхийлж байсан ч хэлэлцэгдэж байгаагүй. Цаг үе, нийгмийн шаардлагаар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Цаашид нам эвслийн бүлгүүд, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц, Засгийн газар зэрэг байгууллагууд чуулганы хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлээд явах байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар нэг хууль зөрчихгүй, олон нийтийн санаа бодлыг тусгаж, санал асуулгаар батлагдах байх гэж бодож байна.
Ийнхүү гишүүд асуулт, асууж үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх асуудал ирц өндөртэй байх ёстой. Сүүлийн үед хурууны хээгээр санал өгөхөд зарим нэг асуудал үүсч байгаа учраас хэлэлцэх эсэх, батлах асуудал дээр санал хураалтуудыг гар өргөж шийдвэрлэсэн дээр болов уу” гэсэн горимын санал гаргаснаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх 86,7 хувийн саналаар дэмжсэн юм.
Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон 15 гишүүнээс 13 нь дэмжлээ. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан Ж.Мөнхбат, Ж.Батзандан, М.Энхболд О.Содбилэг, Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Г.Занданшатар, Я.Содбаатар, Д.Сумъяабазарын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг нь дэмжлээ.
Үүгээр байнын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
НЭМЭЛТ:17.00
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ:
-Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа. Би ажлын хэсэгт орж ажилласан. Саналаа бичгээр өгсөн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ ээлжит бус чуулган болгож ээлжит чуулганыг зогсоох гэх мэт санал гаргасан. Гэтэл саналыг маань оруулаагүй байна. Ажлыг хэсэгт орж ажилласны үр дүн юу байх вэ. Орхон аймгийг Эрдэнэт хот болгоно гэж байсан. Гэтэл хуулийн төсөлд ийм заалт алга байна. Эрдэнэтийнхэн хот болохыг хамгийн их хүсч байна. Орхон аймгийн Баян-Өндөр сум гэж явдаг. Тиймээс төсөв мөнгө нь хүрэлцдэггүй. Үүнийг яагаад төсөлд оруулаагүй юм бэ.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-О.Содбилэг гишүүн нэлээд чухал чухал санал гаргасан. Энэ бүхнийг ажлын хоёр дэд хэсэг хамтарч үзээд том ажлын хэсэг рүү оруулах боломж муу байна гэж үзсэн. Чуулган эхлэх тухай, намын бүлгийн асуудлыг УИХ-ын тухай хуульд оруулж болно. Ирсэн санал бүр дээр нэг нэггүй авч үзсэн. Хариуг нь дор бүрд нь өгсөн. Улсын хэмжээний хот гэдгийг Үндсэн хуульдаа оруулж өгсөн. Дараа нь УИХ-ын тогтоолоор баталж өгнө.Эрдэнэт хот, Дархан хот байна гэж. Хот өөрийн удирдлагатай байна. Зөвлөлтэй байх уу, мээртэй байх уу гэдгийг энэ хуулиараа тогтоож өгнө.
УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж байна. Манай үндсэн концевц юу вэ. Монгол Улс гэж юу юм. Монголчууд гэж хэн юм гэдэг дутмаг байна гэж бодогдоод байна.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэг амьсгаагаар бүх заалтыг оруулж өгч чадахгүй байна. 35 хувиас хэтрүүлж болохгүй байна. Энэ удаагийн төсөл ард иргэдээрээ хэлэлцүүлнэ. Ажилласан хүмүүс мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ. О.Содбилэг ажил хэрэгчээр хандаж, олон санал гаргасан. Ойлгож байна. Гэхдээ том ажлын хэсэг дээр яриад шийдсэн.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Хэлбэр төдий Үндсэн хуулийн өөрчлөлт болж байна. Арга буюу дэмжиж байна. Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаан сонгогдох юм байна. Энэ талаараа тайлбар өгөөч. Төрийн захиргааны нэгдмэл байх зарчмыг хөндөж байгаа юм биш үү. Энэ цаашдаа зөрчил үүсгэхгүй юу. Үндсэн хуулийн Цэцээс улстөрчийг холдуулж байгаа юм байна. Хот тосгонтой холбоотой заалтад хотод тосгон орох уу. Ажлын хэсгүүд гараад явах байх. Энэ чөтгөрийн тойрог Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болсон тохиолдолд арилна. Тавдугаар Үндсэн хуулийг батлахгүйн тулд додомдсон өөрчлөлт болж байх шиг байна. Мөн Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонговол УИХ-ын сонгуультай давхцахгүй юу.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:
-УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль давхцахгүй юм байна. Сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох ч батламжлах, огцруулах эрх нь дээд шатны Засаг даргад байгаа. Тиймээс нэгдмэл байдал хангагдаж явна гэж үзэж байгаа.
АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН О.МӨНХСАЙХАН:
-1992 оны Үндсэн хууль маш чухал хууль. Манай тусгаар тогтнол, ардчиллын баталгаа. Үндсэн хуулийн суурь бүтэц маш сайн. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр 1992 оны өөрчлөлтийг тодруулах маягаар хийх ёстой гэж судлаачийн хувьд үзэж байгаа. Энэ хүрээнд цөөн тооны өөрчлөлт оруулж болно гэж үзсэн. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналыг судлаачид тавьж байсан. Гэтэл иргэд болон зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдээгүй учраас том ажлын хэсэг дээр ороогүй гэж ойлгосон.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
-Үндсэн хуулийг нэгдүгээр, хоёрдугаар, тавдугаар гэж ярьж болдоггүй юм. Тоогоороо яривал шинэ Үндсэн хууль хийвэл зургадугаар Үндсэн хууль. Анхдугаар Үндсэн хууль байна. Шинэ Үндсэн хууль. Энэ Үндсэн хууль 30 жил болсон учраас зарим өөрчлөлтийг хийе гэсэн байр суурьтай байгаа юм байна.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байхаар санал тэнцвэл яах вэ. Миний хувьд ажлын хэсэг, хууль санаачлагчид хандаж 1992 оны Үндсэн хуулийн портколийг ард нийтэд ил болгомоор юм билээ. Тухайн үед С.Зоригийн хэлж байсан агуулга одоо ч яригдаж байна.
АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН Н.ХАТАНБААТАР:
-Шүүхийн ерөний зөвлөлд шүүгч болон шүүгч бус гишүүдийн харьцааг тэнцвэртэй байх зарчим барьсан. Ганц саналын зөрүүгээр бус даацтай саналыг зөрүүгээр асуудлыг шийднэ. Санал тэнцээд байвал дахин хэлэлцэнэ.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
-Үндэсний зөвшилцөл Цэц дээр очоод байна. Тэгэхээр унах гээд байгаа юм бишүү. Та нар Цэцийг худалдаад авчихаагүй бол. Дэгийн тухай хуулийг бас зөрчсөн. 100 хувь зөвшөөрч байгаа гуравхан зүйл байгаа. Тэгэхээр зөрчил рүү явах юм бишүү. Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр маш их хүмүүс бухимдаад байгаа. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг есөн жил болгосон. Яагаад нэмэгдүүлж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаар ч гэсэн. Онолын хувьд маш их зөрчилтэй зүйл байна. Гурваас бусад нь бөөн маргаан болох юм байналээ. Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа нь нийт ард түмний төлөөлөл зөвшөөрөхгүй байна гэж үзэж болох уу.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
-Монголчууд өөрсдөө асуудлаа шийдэж чадна гэж бодож байна. Тиймээс олон жил ярьсан энэ өөрчлөлт оруулж ирэхээс аргагүй байна. Засгийн газар, Хууль зүйн сайдад Шүүхийн ерөнхий зөвлөлийг харъяалуулж үзсэн. Дээд шүүхийн шүүгчийг 26 байсныг 22 жил болгосон. 12 жил нэг удаа ажиллана. Цэцийн гишүүн есөн жил нэг удаа ажиллаад дахиж ажиллахгүй. Дэгийн хуулийг бид баталсан. Ерөнхийлөгчийн хоригийн хугацааг хүлээж байгаа. Тэнд асуулт асуух, үг хэлэх хугацааг сунгасан. Дараагийн хэлэлцүүлэг шинэ Дэгээр явна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
-Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон. Ард нийтийн санал асуулгыг авах нь зөв. Ард түмэндээ таалагдахгүй хуулийг хэт улайран баталбал амьдралгүй болж хувирна. 1990 оны эхээр баталсан Үндсэн хууль хууль 30-аад жил болсон. Гэтэл бид энэ хуулийг өөрчлөхгүй гээд байвал 30 гаруй настай хүүхдээсээ нэг, хоёр настай хүүхдийн хийдгийг шаардаж байгаатай ялгаагүй. Төрийн дархлаагаа нэмэгдүүлэх, хариуцлага ёс суртахууныг өндөрт байлгах ёстой. Иймээс Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн байр сууриар хуулийн төслийг дэмжиж байгаа. Эцсийн дүндээ ард түмэн юу гэж шийднэ түүгээр явна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР:
-Зарчмын хувьд дэмжиж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ, Засгийн газрыг сайжруулах хэрэгтэй. Хот тосгон, хотын тухай заалтыг асуумаар байна. Эрдэнэт, Дарханы асуудлыг шийдэхгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. 20 мянган хүнтэй сум гэж манай Эрдэнэтэд байгаа. Төрийн үйлчилгээ иргэддээ хүрдэггүй. Дархан, Эрдэнэтийг тусгай статустай хот болгоод өг гэж гаргалгаа гаргасан. Гэтэл өөрчлөөд оруулаад ирж байна. Ингэж өөрчлөх байсан бол биднийг тэнд суулгах ямар хэрэг байгаа юм бэ. Хотын статусын асуудлыг ярихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй. Би энэ дээр зарчмын зөрүүтэй санал гаргана. Болохгүй бол би цөөн болно шүү.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалж хүндэтгэж, бүх ард түмний эрхийг хангах ёстой. Хот тосгоны соёл дээр үндэслээд ингэж хийх ёстой гэж үзсэн. Дан ганц Дархан, Эрдэнэт гээд өөр хот болох боломжийг хааж болохгүй. Тэгэхээр ямар ч аймаг хотын статусаар хөгжих боломжийг нээлттэй үлдээж байгаа. Нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны байдал гэдэг өөр.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА:
-Үндсэн хуульд газрын хэвлий, байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн заалт байдаг ч бусад хуулиар энэ зарчим нь алдагдсаар ирсэн бөгөөд энэ нь ард түмний бухимдуулдаг. Ард түмний засаглах эрхийг бүрэн гүйцэт хангах боломж байгаа юу. Төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зарлагыг нэмэхгүй гэдэг заалтыг заавал Үндсэн хуульд оруулах нь зөв үү. Ард түмний санал асуулга хэлэлэх үеэр УИХ-ын гишүүний насны асуудал байсан. Гишүүдийн насны хязгаарыг хуульд тавьсан нь дээр байсан юм биш үү.
АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР:
-Нийтийн өмчлөл, эрх ашигтай холбоотой асуудлыг иргэд их хөндөж байгаа. Үндсэн хуулийн байгалийн баялаг ард түмний өмч байна гэх заалтыг илүү тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс Цаашид улс орны эрх ашигт
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-Төсвийн асуудалд зардлыг нэмэгдүүлж, 76 Сангийн сайдтай болдог гэх шүүмжлэл байдаг. Парламентын засаглалтай бусад орны туршлагыг харахад төсвийн эрх мэдлийг хязгаарладаг зарчим байдаг. Тиймээс төсвийн хяналтаа УИХ хийж, Засгийн газар төсвөө баталж, хариуцлагаа хүлээдэг байх ёстой гэж үзсэн. Ингэснээр төсвийн алдагдал ихсэх, төсөв нэмэгдэх эрсдэлүүд байхгүй болно. УИХ-ын гишүүний настай холбоотой заалтыг хассан. Бусад байгууллага болон ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Үндсэн хуульд хэтэрхий жижиг асуудал оруулах нь буруу гэсэн санал гаргасан. Тиймээс энэ заалт хасагдсан.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.06.13/-ийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд 19 гишүүн оролцохоос 15 гишүүн буюу 78,9 хувьтайгаар хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэх боломжгүй учраас хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм. Үүнд байнгын хорооны дарга С.Бямбацогт 2017 онд байгуулагдсан ажлын хэсэг Ерөнхийлөгчөөс санал авсан бөгөөд түүнд нь таван санал бүхий хариу өгсөн. Үүнийг харгалзан, ажлын хэсгийн зүгээс 2017 оны есдүгээр сард мөн дахин санал авахаар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй гэдгийг онцолсон юм. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хууль зөрчөөгүй гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү " МАН 65-уулаа байгаа ч сөрөг хүчнээ сонсох ёстой. Үндсэн хуульд төлөөллийн ардчиллаар буюу гишүүдээр дамжуулж, үгээ хэлэх эрхтэй. Төслийг хэлэлцэх дэгийн хуулиа тодорхой болгох хэрэгтэй. Шинэ Дэгийн хууль баталчаад хуучин Дэгийн хуулиар хэлэлцэж байна. Хуульд нийцүүлэх шаардлага тавьж байна" гэсэн юм.
Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ