Олон улсын эрдэмтэд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Олон улсын эрдэмтэд чуулж байна

Олон улсын эрдэмтэд чуулж байна

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал өнөөдөр болж байна.

Уг хурлын үндсэн зорилго нь байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шинжлэх ухааны ололт амжилт, нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг сайжруулах юм.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн экосистемд эрсдэл учруулсаар байгаа өнөө үед байгалийн сөрөг хүчин зүйлсийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн гол арга зам нь байгалийн нөөцийг тогтвортойгоор ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, экологид халгүй дэвшилтэт технологийг ашиглах явдал юм.  Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсч буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь хамгийн үр дүнтэй байх боломжтой. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг хэлэлцэн, зөвлөлдөх боломжийг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST2019/ сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал олгож байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ жилийн салбар хуралдааныг байгалийн шинжлэх ухаанаас гадна нийгэм эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүлж байна. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм.

Тус хуралд оролцогчдын төлөөлөл ийн ярьж байна.

ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар:

Хувьсан өөрчлөгдөж байгаа хүрээлэн буй орчны өнөөгийн нөхцөлд “Ногоон хөгжил”, “Тогтвортой хөгжил” гэсэн үзэл баримтлал, ойлголтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын талаар өрнөж буй өргөн агуулгатай хэлэлцүүлгийн дотор   “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвээр зохион байгуулагддаг энэхүү олон улсын  эрдэм шинжилгээний бага хурал өөрийн гэсэн бодитой байр суурийг эзлэх болжээ. Эрдэмтэд бид бүхэн уур амьсгал, хүрээлэн буй орчны ихээхэн өөрчлөлттэй энэ эринд байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг хөгжүүлэх, түүнд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг түгээх үүрэгтэй. Энэ удаагийн  олон улсын эрдэм шинжилгээний хурал, түүний бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажил  болон хурлын үр дүнгээр  дараа нь зохион байгуулагдах арга  хэмжээнүүд шинжлэх ухааны мэдлэг түгээх үйл хэрэгт бага биш хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

БОАЖЯ-ын сайдын зөвлөх Ё.Нямдаваа:

Монгол орны хүрээлэн буй орчин байгалийн зүй тогтлоор өөрчлөгдөж байдаг учраас үүнийг бодлого болгож тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэлийг харгалзаж үзэх шаардлагатай. Иймээс энэхүү хурал нь хүрээлэн буй орчны асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлоход чухал нөлөөтэй юм. Монгол орны нийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилтөд автсан. Нийт бэлчээрийн 57 хувь нь доройтсон зэрэг тулгамдсан асуудлууд бидэнд байна.

 ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох:

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хэрхэн хамтрах тухай хуралд хэлэлцэж байна. Хурлын оролцооноос харахад үр дүн нь маш сайн гарна гэж харж байна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор Ван Тао:

“Миний бие элсний салхин нүүдлийг зогсоох, цөлжилттэй тэмцэх аргын талаар илтгэл тавилаа. Энэ чиглэлээр манай хоёр орон хамтран туршилт судалгааны төв байгуулсан. Хамтран ажиллахад шинэ санаа, мэдлэг ур чадварын хувьд асуудал гараагүй ч төслийг үргэлжлүүлэн хийхэд хөрөнгө оруулалт, дэмжлэг дутмаг байна.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын анхдугаар бага хурал 2017 онд зохион байгуулсан бөгөөд тус хурлаас 2 жил тутам уг хурлыг зохион байгуулахаар тогтсон. Иймээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурал 2019 онд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, Энэтхэг, Канад, Буриад, ӨМӨЗО болон Монгол улсын эрдэмтэн судлаач, багш нар оролцохоос гадна БСШУСЯ, БОАЖЯ, ШУА-ийн удирдлага, ажилтан ОУ-ын байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Мөн түүнчлэн тус бага хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох  БНХАУ-ын эрдэмтэн “Wang Tao”, “Dong Suocheng” Японы эрдэмтэн “Tsunekawa Atsushi”, БНСУ-ын эрдэмтэн “Sung Gyu Kim” болон Энэтхэг улсын эрдэмтэн, ОУ-ын зөвлөх “Mahesh Patanker” нар уригдан ирж түлхүүр илтгэлийг танилцуулж байна.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” (EST-2019) олон улсын бага хурал нь доорх үндсэн

сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Үүнд:

  • Байгалийн нөөц ба ашиглалт
  • Хүрээлэн буй орчны төлөв байдал ба загварчлал
  • Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчны нөлөөлөл
  • Экологи, хүрээлэн буй орчны судалгааны арга, аргачлал

Байгаль орчны бодлого ба тогтвортой байдал

  • Эдийн засгийн корридор ба интеграци
  • Улс хоорондын, салбар хоорондын судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа
  • Шинжлэх ухаан, бизнесийн салбарын үр ашигтай хамтын ажиллагаа ба кластер хөгжлийн зарчим
  • Нөхөн сэргээлт, хянах арга технологи
  • Хаягдал бохир усыг цэвэрлэх технологи ба менежмент

Эх сурвалж: ШУА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж