Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/, Соёл урлагийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газраас жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр/2019.06.13/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Өдөрлөг 19.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр соёл, урлагийн байгууллагууд үйл ажиллагаагаа ард иргэдэд сурталчлан таниулж, иргэдээс соёл урлагийн салбарын үйлчилгээг сайжруулах талаарх санал хүсэлт хүлээн авч байна. Мөн соёл, урлагийн байгууллагуудын тоглолт, музей, номын сангийн ажиллах цагийн хуваарь, жуулчдад зориулсан тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож байгаа Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу “Театрын маань уран бүтээлчдийн шинээр хийх уран бүтээлийн 70-80 хувийг Монгол уран бүтээл эзэлж байна. Гэхдээ Монгол жүжиг тавья гэхэд жүжгийн зохиол хомс байна. Бид хоёр ч удаа жүжгийн зохиолын уралдаан зарласан. Гуравдугаар улиралд багтаан шалгарсан зохиолуудаараа уран бүтээл хийхээр ажиллана” хэмээн ярилаа.
Тус театрын уран бүтээлч, Монгол Улсын гавьяат жүжигчин Л. Дэмидбаатар “Иргэд тэр болгон театрт ирж, жүжиг үзээд байх нь ховор. Хийсэн бүтээснээ энэ өдөр ард олондоо танилцуулж илүү ойртож байна” гэж өдөрлөгийн ач холбогдлыг дүгнэлээ.
Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г. Эрдэнэбат “Засгийн газар соёл, урлагийн салбарт онцгой анхаарч, 40-өөд жил шинэчлэгдээгүй байсан Улсын филармоны хөгжмийг шинэчлэлээ. АСЕМ-ийн чуулганд явж байсан 45 хүний суудалтай автобусыг гурван том театртаа шилжүүллээ. Үндэсний төв номын сангийн барилгын ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн” гэсэн юм.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож буй байгууллагууд:
- Нийслэлийн соёл урлагийн газар
- Улсын драмын эрдмийн театр
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
- Үндэсний урлагийн их театр
- Улсын филармони
- Улсын хүүхэлдэйн театр
- Соёлын өвийн үндэсний төв
- Монголын үндэсний музей
- Дүрслэх урлагийн музей
- Байгалийн түүхийн музей
- Үлэг гүрвэлийн төв музей
- Чойжин ламын сүм музей
- Богд хааны ордон музей
- Театрын музей
- Уран зургийн галерей
- Үндэсний номын сан
- Хүүхдийн төв номын сан
СУИС, бүрэлдэхүүн сургуулиуд
- Монгол улсын консерватори
- Улаанбаатар хотын төв номын сан
- Улаанбаатар музей
- Улаанбаатар чуулга
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр
- Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн театр
- Нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон
Б. Номинчимэг
Холбоотой мэдээ