Apple Inc компани АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн хэрээс хэтрэх нөхцөлд хэрэгжүүлэх онцгой төлөвлөгөө боловсруулж байна.
Калифорнийн Купертинод төвтэй компанийн үйлдвэрлэлийн гол түнш шаардлагатай тохиолдолд iPhone гар утсыг БНХАУ-аас гадна үйлдвэрлэх хангалттай хүчин чадалтай хэмээн Hon Hai Precision Industry Co-гийн гүйцэтгэх захирал мэдэгдлээ. Тайванийн гэрээт үйлдвэрлэгч өдгөө ухаалаг утасны үйлдвэрлэлийнхээ үндсэн хэсгийг эх газрын хятадад ажиллуулж байгаа.
Apple-ын бизнест амин чухал үүрэгтэй БНХАУ-д тус компанийн ихэнх iPhone, iPadыг угсардаг. Хятад нь эргээд Apple-ын олон улсын гол зах зээл болдог юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд шинэ тариф оноохоор заналхийлсэн. Энэхүү заналхийлэл хоёр улсын харилцааг улам хурцатгаад зогсохгүй Apple-ын гол орлоготой бүтээгдэхүүнд ч шийтгэлийн шинжтэй татвар тогтооход хүргэх аюултай.
Тайванийн Hon Hai Precision Industries Co Ltd буюу Foxconn нь АНУ-ын технологийн аваргын үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэдэг ажил хэргийн түнш юм. АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн гүнзгийрч, байдлыг тааварлах аргагүй болох аваас Apple-ыг дэмжин үйлдвэрлэлээ шинэчлэн зохицуулахад бэлэн гэдгээ Foxconn-ы хагас дамжуулагчийн үйлдвэрлэл хариуцсан тэргүүн Ян Лю мягмар гарагт тайбэйд хөрөнгө оруулагч нартаа тайлбарлав.
“Манай үйлдвэрлэлийн хүчин чадлын 25 хувь нь БНХАУ-ын гадна ажилладаг. Шаардлагатай гэж үзвэл АНУ-ын зах зээлд нийцүүлэн Apple-ыг дэмжихэд бид бэлэн” хэмээн Лю мэдэгдлээ. Apple-ын эрэлтэд нийцүүлэх хангалттай хүчин чадал компанид нь байгааг захирал онцлон дурдсан юм. Foxconn нь Энэтхэгт Apple-ын үйлдвэрлэлд зориулан хөрөнгө оруулж байгааг ноён Лю нэмж дурдлаа. Мягмар гарагийн байдлаар Apple-ын хувьцааны үнэ Ньюйоркт нэг хувиар үнэд орж, 194.99 ам.доллар болов.
Apple компани Hon Hai-д үйлдвэрлэлээ хятадаас гадагш нүүлгэх заавар өгөөгүй. Гэхдээ Тайванийн угсрагч үйлчлүүлэгчийнхээ шаардлагад захирагдан үйлдвэрлэлээ шилжүүлэх эрхтэй хэмээн Лю анхааруулсан юм. Худалдааны дайнаас шалтгаалан тус компани үйлдвэрлэлээ дэлхийн бусад бүс нутагт шуурхай шилжүүлэх болно гэдгийг тэрбээр тайлбарлахдаа хоёр жилийн өмнө АНУ-ын Висконсинд угсрах үйлдвэр байгуулахаар шийдсэнийг жишээ болгон татсан юм.
Шинээр үйлдвэрлэж буй дөрвөн iPhone тутмын нэг нь АНУ-ын зах зээлд зарагддаг учраас Foxconn БНхау-аас өөр улсад нэг юм уу хоёр том үйлдвэр байгуулах шаардлагатай хэмээн Strategy Analytics-ын шинжээч Нил Моустон үзэж байна. Тайванийн угсрагч хятадын гадна байрладаг үйлдвэрүүдээ iPhone-ын үйлдвэрлэлд зориулах тохиолдолд ухаалаг утасны бусад үйлдвэрлэгчийн захиалгыг түр хойшлуулахаас аргагүйг шинжээч анхааруулав. Асуудлыг шийдэхийн тулд Foxconn зарим үйлдвэрлэлээ БНХАУ-д шилжүүлэх бас нэг арга байж болно.
Бэрхшээлийн гол шалтгаан нь бэлэн бүтээгдэхүүний угсаргаа төдий бус. Худалдааны дайн БНХАУ, АНУ хоёроор тогтохгүй дэлхийн бусад улсыг хамран, дэлхийн ханган нийлүүлэх сүлжээг бүхэлд нь бусниуллаа. Цахим төхөөрөмжийн бүрдэл эд ангийн хийц дизайныг АНУ-д хөгжүүлж, үйлдвэрлэлийг нь өөр бусад улс орон хариуцдаг. Apple компани хөгжүүлсэн ухаалаг утасны чипийг тайвань дахь үйлдвэрт үйлдвэрлэж, хэлхээний бусад бүрдэлтэй нэгтгэх технологийн савлагааг дахиад өөр үйлдвэрт гүйцэтгэдэг. Хэлхээний сууринд нэгтгэж бэлэн болгосон чипийг iPhone-ын үйлдвэрлэлд зориулан БНХАУ руу тээвэрлэдэг.
“Apple iPhone-ын эцсийн угсаргааг Хятадаас гадагш шилжүүлэх харьцангуй хялбар. Харин бүрдэл, эд ангийн үйлдвэрлэлийг бүхэлд нь шилжүүлнэ гэдэг хэцүү” хэмээн Моустон тайлбарлав.
Энэтхэг улс Apple-ын ганган дивайсын үйлдвэрлэлийн үндсэн суурь бааз болж чадах эсэх нь тодорхой бус. Одоогоор Энэтхэгт iPhone XR цувралын загварын чанарын тест явуулж буй Foxconn Чэннай орчимд үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй. Арай хуучин загварыг Бангалор дахь Wistron-ы үйлдвэрт захиалгаар угсруулдаг.
Foxconn мөн АНУ-ын Засгийн газрын санаачилгын дагуу Висконсинд хэрэгжүүлэх 13 мянган ажилчинтай үйлдвэрийн төсөл нь цалин бага, анх дэвшүүлсэн зорилт өөрчлөгдсөн зэрэг олон шүүмжлэлтэй тулгараад байгаа. Уг төсөл хуваарийн дагуу хэрэгжиж, 2020 он гэхэд 2000 америк хүнийг ажлын байраар хангана хэмээн тайванийн компанийн захирал мягмар гарагт мэдэгдсэн юм.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ