Үндсэн хуулийн шинэчлэл ба хуульчдын тайлбар

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн шинэчлэл ба хуульчдын тайлбар

Хуульчдын форумаас өнөөдөр /2019.06.13/ “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ үеэр нийгмийн ѳмнѳ тулгамдсан тодорхой асуудлуудыг хэлэлцүүлж санал, санаачилга, зѳвлѳмж гаргалаа. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх хуульчдын байр суурийг сонссоноо тоймлон хүргэе.


ХОРЬ ГАРУЙ ЖИЛ ЯРИГДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХ АГУУЛГАТАЙ “ДАВГҮЙ” ТӨСӨЛ ӨРГӨН БАРИГДСАН

Хуульч О.Мөнхсайхан “2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан нэмэлт өөрчлөлт оруулах энэ төсөл сүүлийн хориод жил яригдсан асуудлуудыг шийдэх агуулгатай “давгүй” төсөл өргөн баригдсан гэж судлаач хүний үүднээс харж байна.

Тухайлбал, 1996-2000 оны хооронд УИХ, Ерөнхийлөгч хоёрын хооронд үүссэн хямралд парламент дах олонх хуралдаж шийдвэрээ гаргаж чаддаггүй байдлыг өөрчлөхийн тулд долоон өөрчлөлт оруулсан. Тэдгээр өөрчлөлтүүдийн зарим нь асуудлыг шийдсэн зөв зүйтэй болсон боловч нэг талаараа  Монголын онцлогийг харгалзаагүй давхар дээлийг зөвшөөрч, хорь гаруй хүн хууль батлах боломж олгосон асуудал дагуулсан.

Сүүлийн 20 гаруй жил шүүмж дагуулсны эцэст долоон өөрчлөлтийн зургааг нь сайжруулахаар болж байна. Хоёрдугаарт, Монголд нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэхдээ бодлого хэрэгжих нөхцөл байдаггүй хэмээн тодорхойлж болно. Яагаад гэхээр Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.8 жил бөгөөд Ерөнхий сайд төсөв, Засгийн газрыг “бужигнуулаад”, зардал нэмдэг юм байна. Ерөнхий сайд бодлогыг хэрэгжүүлэхдээ багаа бүрдүүлэхдээ өөрөө шийдвэрлэдэггүй УИХ-руу оруулдаг байдал нь Монголын төр бэхжихгүй байгаа, нийгэм эдийн засгийн асуудлаа шийдвэрлээд явахгүй байгаа гэдэг асуудал гурван парламент дамжиж харагдсан.

Тэгэхээр өргөн баригдсан төсөл сүүлийн 20 гаруй жилийн асуудлыг хөндсөн гол судлагдсан асуудлыг тусгасан. Үндсэн хуулийн нийт 70 зүйлийн 20-ийг буюу 28 хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.

Өнгөрсөн хугацааны явцад буюу 2011,2012,2015 онуудад баригдсан төсөл олон нийтийн харилцааг хангаагүй шууд өргөн баригдсан. Судлаачид биднийг байр суурь илэрхийлэх боломж олгоогүй. Энэ удаагийн онцлог нь парламент олонх болсон нам ард түмнээсээ Үндсэн хуулиа асууж өөрчлөн явдаг зүйлийг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн санаа бодлыг сонсох асуудал гурван үе шаттайгаар явна хэмээн төлөвлөгдөж байх шиг байна. Нэгдүгээрт, тохиолдлын журмаар 1500 хүнийг сонгон түүнийхээ тал хувийг ордонд авчраад зургаан сэдвээр хэлэлцүүлж иргэдийн санаа зовоосон асуудлыг ярилцсан.  Ингээд хэлэлцүүлгээс үндэслэн гарч ирсэн төслөө олон нийтэд танилцуулсан. 2017 онд Монгол Улсын 21 аймгаар төслөө танилцуулж, онлайнаар, шуудангаар маш олон санал ирүүлсэн. Энэ ажиллагаа хоёр дах шат нь юм. Зарим хүмүүс буруу ойлголттой байна" гэж тэрбээр тайлбарлав

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ ХУУЛЬЧДААС БҮРДҮҮЛЬЕ

Хуульч, доктор Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн тухайд 28 орчим хувьд нь өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн саналууд гарсан. Үүнд судлаачдын зүгээс миний бие ажлын хэсэгт ажилласан. Хувь судлаачийнхаа хувьд 70 орчим хувьд нь сэтгэл нийцэж зөв зүйтэй гэж үзэж байгаа. Харин үлдсэн хувьд нь эрсдэлтэй зүйл бий. Тухайлбал, 76 гишүүнтэй байгаа тохиолдолд давхар дээлийг тайлалгүйгээр Ерөнхий сайдыг оролцуулаад Засгийн газрын дөрөв, нийт таван гишүүнийг давхар дээлтэй байлгах огт шаардлагагүй.

1992 оны Үндсэн хуулийн анхны хувилбараар давхар дээл байх ёсгүй гэсэн ийм байдлыг гаргаж ирсэн. Ингээд 2000 онд “дордохын долоо” гэдэг өөрчлөлтийг болиулаад өөрчлөлт хийсэн. Жишээлбэл Ерөнхий сайдаас нь бусад УИХ-ын гишүүн давхар дээлтэй байгааг зохицуулсан. Тэгэхээр хэд хэдэн зүйлд анхаарах ёстой. Үүнийг хуульчид өнөөдрийн форумаар мөн ярилцах байх.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах процесс явагдаж байгаагийн хувьд хэрхэн яаж олон нийтэд хүргэх вэ гэвэл хуульчид өөр өөрийн байр сууринаас давуу тал сул талаа одоо ярилцана. Аливаа нэмэлт өөрчлөлт сайн, муутай байдаг.

Үндсэн хуулийн Цэц бол ерөнхийдөө хараат бусаар Монгол Улсын Үндсэн хуулийн “манаач” гэдэг утгаараа сайн ажиллаж байгаа. Гэхдээ өнгөрсөн туршлагаас харахад пропорциональ  тогтолцоо Монгол Улсад ор тас Үндсэн хуульд заагаагүй зүйлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийчихсэн. Сонгуулийн өмнө Үндсэн хуулийн Цэц иймэрхүү байдлаар хандаж байсан нь эргээд Цэцэд итгэх итгэлийг алдуулж байна. Нөгөө талаас улс төр, хууль зүйн өндөр мэргэжилтэй гэдэг зүйлийг хэтэрхий их явцуу хүрээнд  тайлбарлаад ирчихсэн. Зарим тохиолдолд аймгийн намын дарга байсан учраас би улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг юм уу ийм байдлаар явж ирсэн.

Тэгэхээр хуульчдын байр сууринаас харахад улс төрийн нөлөөнд автахуйц хүмүүс Цэцэд орж ирж байгаа учраас Үндсэн хуулийг Цэцийг хуульчдаас бүрдүүлье гэдэг саналтай байна. Тэр дундаа Үндсэн хуулиар мэргэшсэн хуульчдыг томилохдоо олон нийтийн дунд сонсгол хийх хэрэгтэй. Цаашдаа хуульчдаас бүрдсэн процесоо мэддэг тэр дундаа Үндсэн хуулиар мэргэшсэн хүмүүсээс Цэцийг бүрдүүлэх нь зөв юм гэж үзэж байна” гэж ярилаа.

ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Хуульч Т.Мэндсайхан “Хамгийн эхлээд Үндсэн хуулиа хамгаалах Цэцийн асуудлаа сайн яримаар юм билээ. Цэц бол улс төрөөс хараат бус мэргэжлийн түвшинд ажиллахгүй бол дараа нь Үндсэн хуулийн хэрэглээ гарч ирвэл түүнд олон талаас тайлбарлаж байна. Ганцхан жишээ хэлэхэд Үндсэн хуулийн 52.2-т байдаг юм. Үүнд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулахтай холбоотой асуудал байдаг. Гэтэл үүнийг Үндсэн хуульд өөрөөр тайлбарлаж байгаа юм. Жишээлбэл жирийн иргэд шүүгчидтэй хамт хэрэг шийдэж болох заалтыг болохгүй гэж тайлбарлаж байгаа. Ийм байдлаас Цэц ажиллавал яах юм. Цэцийн томилгоог хийхдээ мэргэшсэн хүнийг,  дахин дахин томилогдохгүй байдлаар томилох хэрэгтэй. Цэцийг шийдэхгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад дахиад маргаан гарахад тухайн үедээ эрх мэдэлтэй хүмүүстэй ашигтайгаар шийдэх байх. Дараа нь бид Үндсэн хуулиа өөрчлөхөд Цэц асуудлыг олон янзаар тайлбарлаж болохгүй. Ийм учраас хэрэглэдэг зүйлээ сайн бодох хэрэгтэй. Олон нийтээр сайн хэлэлцэх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг намартаа батлах магадлал өндөр байна гэж харж байна” гэлээ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж