А.Ганбаатар: Ази, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж Монголын багт ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

А.Ганбаатар: Ази, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж Монголын багт ирлээ

А.Ганбаатар: Ази, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж Монголын багт ирлээ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Бруней Даруссаламын багийг 3:2-оор хожиж, “Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглох эрхийг авсан билээ. Ази тивийн 40 баг найман хэсэгт хуваагдах бөгөөд сугалаа ирэх долдугаар сарын 17-д Катарын Доха хотод болно.

ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны эхний давааг давж, цааш тоглох эрхээ аваад байгаа Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг өчигдөр эх орондоо ирлээ. Баг тамирчдын сэтгэгдлийг хүргэе.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар

-Та бүхэнд маш их баярлалаа. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хийсэн холбооны хамтын ажиллагааны үр дүн байлаа. Монголын шигшээ баг анх удаагаа ДАШТ-ий урьдчилсан шатанд шалгарч одоо группийн сугалаанд орох боломжтой боллоо. Ирэх долдугаар сарын 17-д сугалаа явагдана. ДАШТ-д дээгүүр амжилт үзүүлдэг Азийн топ багуудтай тоглоно. 4-5 багтай нэг хэсэгт багтана. Бид өөрийн талбайдаа 4-5 удаа тоглоно гэсэн үг. Одоо Ази, дэлхийн тэмцээнд өрсөлдөх боломж Монголын багт ирлээ. Бид үнэхээр баяртай байна. Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

Монголын шигшээ багийн төлөө нийт 37 удаа тоглож, 2006, 2010, 2014, 2018, 2022 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтад оролцож хоёр гоол оруулсан тоглогч бол Б.Гарьдмагнай билээ. Тэрбээр Брунейд хийсэн тоглолтын дараа зодог тайлсан юм. “Анхны гоолоо Гуамын багийн хаалганд талбайн голоос цохиж оруулж байснаа би хэзээ ч мартахгүй. Залуучуудынхаа сэтгэл санааг дэмжээд дараагийн шатанд шалгаръя гэж зорьсон. Энэ хүсэл зорилго маань сүүлийн мөчид биелэсэн. Брунейд хийсэн сүүлийн тоглолт сайхан боллоо. Миний хувьд зодог тайлж, дасгалжуулагчийн ажлаа хийнэ. Монгол Улсад хэрэгтэй залуучуудыг бэлтгэхэд хүчин зүтгэх болно” гэж 34 насандаа зодог тайлж байгаа хөлбөмбөгчин хэллээ.

Шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал

Сэтгэл маш өндөр байна. ДАШТ-ий эхний шатыг анх удаагаа давж үзлээ. Брунейтэй хийсэн тоглолт их хүнд болсон. Тоглолтын эхний үе 2:0-оор өндөрлөж, бидэнд амар байсангүй. Хоёрдугаар үед багаараа тайван байхыг хичээсэн. Нэг гоол оруулж багийн уур амьсгал өөр болж, бид дараагийн шатанд шалгарч чадлаа. Сэтгэл үнэхээр хангалуун байна. Брунейн тоглогчдын хувьд ч өөрийн талбай дээр давуу байдлаа гаргаж чадсан. Бид нийлбэр дүнгээрээ цааш өрсөлдөх боломжтой болсон. Тайландад болсон 10 хоногийн бэлтгэл нөлөөллөө. Жинхэнэ  тоглолтууд эхэлнэ. Энэ тэмцээнд хоёр жилийн хугацаанд бэлтгэсэн. Залуучууд маш сайн байгаа.

Монголын шигшээ багийн дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс

Бид маш хүнд тоглолтыг хийсэн. Амьд зүлгэн  дээр тоглох өөр байдаг. Мөн 20 мянган үзэгчийн суудалтай талбайд тоглоно гэдэг амаргүй байсан. Тоглолт эхлэхэд манай тоглогчид сайн нэгдэж чадаагүй байсан. Тиймээс эхний гоолыг эрт алдсан. Тэгээд хаалгачаа сольсон байгаа. Энэ нь зөв шийдвэр байсан. Бид үлдсэн хугацаанд нэг гоол оруулж, цааш өрсөлдөх боломжоо авсан. Одоо бидний дараагийн тоглолтын зорилго бол тодорхой. Бид бүхий л тоглолтод хүч чадлаа дайчлах болно. Ялангуяа өөрийн талбайд хийсэн тоглолтод сайн тоглож, хожил авахын төлөө байна. Тэмцээний үеэр залуу тоглогчдыг түлхүү оруулна. Брунейтэй хийсэн тоглолтод А.Дөлгөөн гэсэн залуу тоглогчийг тоглуулсан. Цааш цаашдаа залуучууд түлхүү тоглуулснаар сайн шигшээ багийг бүрдүүлнэ. Ямар ч байсан бид унаж эцэстлээ явах болно. Бид хожихын төлөө урагшлана. Мэдээж өөрийн талбайд хийх тоглолт чухал учраас хожил авахын төлөө тэмцэх болно.

Шигшээ багийн тоглогч П.Энхбилэгийн ээж Ш.Тунгалаг-Оюун

Манай хүү Сүхбаатар дүүргийн 58-р сургуулиас спортын замналаа эхлүүлсэн. Бага байхын хөлбөмбөг тоглож байсан. Анхандаа бид дургуйцэж байсан. Өөрөө үнэхээр дуртай болохоор нь хорьж чадаагүй. “Дуулиан 2010”-д орсноос хойш явсаар байгаад өдий зэрэгт хүрлээ. Өнөөдөр хүүгийнхээ найман настай тэр мөрөөдлийг нь хориогүйдээ баярлаж байна. Анхандаа дургуйцэж байсан ч хүүгийн хүсэл мөрөөдлийг нь дагасан. “Хасын хүлэг” багт явж байгаад “Гоёо”-д орсон. Хамгийн сүүлд “Андууд сити” багт нэгдсэн. Монголд болох эхний тоглолтыг гэр бүлээрээ цэнгэлдэхэд ирж үзсэн. Брунейд хийсэн хариу тоглолтыг гэртээ үзсэн. Үнэхээр их баяртай байна. ДАШТ-ий урьдчилсан шатанд том багуудтай тоглоно гэдэг бол бүх гайхалтай шүү дээ. Хүү маань шигшээ багт багтаад тоглож байгааг харахаар бахархмаар байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж