З.Дашдаваа: Томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

LiveЗ.Дашдаваа: Томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлнэ

З.Дашдаваа: Томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлнэ
14 : 05
2019-6-13

АТГ-ын дарга З.Дашдаваа: Оюутолгойн хэрэг болон бусад томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлнэ

УИХ-ын чуулганаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийг гишүүдийн 69.6 хувиар дэмжсэн юм.

Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын АТГ-ын ажилтан, албан хаагчдын ачаалал хэт их байгаагаас үр дүн муутай байдаг талаар дүгнэлт гарсан байдаг аж. Иймд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг алба хаагч, ажилтнуудынхаа ачааллыг зохистой түвшинд хүргэх шаардлага бий гэдгийг АТГ-ын дарга хэлж байсан.

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ бүтэц өөрчлөх нэрийн дор гардаг нийтлэг асуудал бий.  Ялангуяа  төрийн  захиргааны төв байгууллагуудтай холбоотой асуудлууд Засгийн газар дээр бий. Мөн Засгийн газарт танилцуулагдахгүйгээр бүтэц, зохион байгуулалт нь өөрчлөгддөг газрууд бий. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд гэх мэт энэ газруудын  бүтцийг өөрчилж, 2-3 хүнд зориулж албан тушаал нэмэхийн тулд 2000 гаруй хүнтэй газрыг өөрчилдөг асуудал бий. Үүнийг бид зарчмын талаас нь өөрчлөх шаардлага бий. Монгол Улс хөгжихгүй  байгаагийн үндсэн суурь  шалтгаан нь бүтцийг өөрчлөх нэрийн  дор хүнээ өөрчилдөг. Ингээд хүнтэйгээ хамт төрийн бодлогын залгамж чанар алдагддаг.  АТГ үндсэн гурван чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн чухал  нь соён гэгээрүүлэх асуудал. Дараа нь иргэдийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах, хэргийг олж ирүүлэх гэсэн  үйл ажиллагаагаар  ажилладаг. Өнгөрсөн хугацаанд АТГ-ыг олон нийт  мөрдөн байцаадаг газар гэдгээр илүүтэй харж ирсэн. Тиймээс АТГ-ын статусыг эргэн харж, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд нь түлхүү ажиллуулмаар байгаа юм. Өнөөдөр манайд мөрдөн байцаалтын статустай төрийн 2-3 байгууллага бий. Энэ нь нэг талаасаа давхардал хийдэл үүсч байгаа юм биш үү. Нэг байгууллагын дор нэгдсэн мөрдөн байцаалт явуулах чиглэлд статусын өөрчлөх шаардлага байгаа эсэхэд Хуульзүйн байнгын хороо ямар бодолтой байна вэ. Нэг чиглэлийн хэд хэдэн байгууллага байснаар давхардал, хийдлээс гадна бие биеийнхээ ажлыг үгүйсгэдэг, чихдэг, өөр өөр шийдвэрүүд гарах зэрэг түгээмэл асуудал өнгөрсөн хугацаанд гарч байсан. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах нь Монгол төрийн бодлогын хамгийн том суурь асуудал байх ёстой. Тиймээс миний бие Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах тухай хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

УИХ-ын Даргын захирамжаар хууль, шүүхийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдсөн, хохирсон асуудлыг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Миний бие ажлын хэсгийг ахалж байгаа. Хоёр удаа хуралдаж, бүх хүчний байгууллагын удирдлагууд ажлын хэсгийн хуралдаанд оролцсон. Цаашид тусгай субъектийн хэрэг шалгах байгууллага  байгуулах шаардлагатай эсэхээр хүчний байгууллагын удирдлагууд саналаа өгнө.  Мөрдөх байгууллагын чиг үүрэг манай улсад ямар байгааг  гаднын улс орнуудтай харьцуулах талаар  Г.Тэмүүлэн гишүүн асууж байна. 2016 онд АТГ-ын чиг үүргийг органик хууль батлах замаар байгуулсан. Үндсэн хуульд АТГ-ын чиг үүрэг, статусыг тодорхойлсон үг, өгүүлбэр орсон нэг ч заалт  байхгүй. Цаашид үндэсний мөрдөх алба байгуулах чиглэлд эрхзүйн хөгжлөө явуулах шаардлагатай гэж хувь хүнийхээ хувьд би үздэг. Ижил чиг үүрэгтэй олон байгууллага байх хэрээр эрдэлтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төрийн албанд нийт ажиллагсдын цалинг ялгамжгүй байх тал дээр нэгдсэн бодлого гаргахгүй бол харилцан адилгүй байна. Цаана нь хувийн хэвшлийнхэн бий. Оюутолгой, Хөгжлийн банктай холбоотой дуулиантай том хэргүүдийг шалгах явц ямар байна вэ?

АТГ-ын дарга З.Дашдаваа:

Том том хэргүүд дээр АТГ-ын ажилчид цаг, наргүйгээр ажиллаж байгаа. Эхнээс нь хэргүүдийг өгч байгаа. Энэ сард багтаан Оюутолгойн хэрэг  болон бусад томоохон хэргүүдийг шүүх рүү шилжүүлнэ.

 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

АТГ-ыг олон жилийн өмнө байгуулсан. Тэр цагаас хойш хэл ам дагуулж ирсэн. АТГ-ыг байгуулснаар авлига буураагүй гэж олон нийт дүгнэдэг. АТГ-ыг авлигатай тэмцдэг болгохын тулд өнөөдрийн тогтоолын төслийг оруулж ирж байгаа гэж ойлгосон. АТГ  том том хэргүүдийн араас явахгүйгээр жараахайны араас хөөцөлдөж хүчээ тарамдаж байгаа тал бий. Орон нутагт бүтэцгүйгээс аймгийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг дуудаж байцаадаг, нөгөө хүмүүс нь хэдэн зуун км-ыг туулж хотод ирж байцаалт өгч байгаа нь маш хүндрэлтэй. Бараг сарынхаа цалинг замын зардлаа өгч байгаа. Энэ мэтчилэн АТГ албан тушаалтныг зэрэг дэвээр нь эсвэл мөнгөний хэмжээгээр нь шалгадаг болгохгүй бол энэ байдлаараа сургууль, цэцэрлэгийн багш нартай хөөцөлдөх нь АТГ-ын ажил биш. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.

АТГ-ын дарга З.Дашдаваа:

АТГ  Хуульзүйн байнгын хороотой хамтарч ажиллах саналаа хүргүүлсэн. Аливаа хэргийг их, бага гэж хэлэх нь буруу. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах үүрэгтэй. Бид сургууль, цэцэрлэгийн багш нартай холбоотой  асуудалд салбарт яамтай нь хамтарч ажиллаж байна. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг нэгтгээд Нийслэлийн боловсролын газар болон салбарын сайдад нь  хүргүүлдэг.

Үүгээр чуулганы хуралдааныг хаалаа.

12 : 31
2019-6-13

Н.Учрал: Нөхөн сонгуулийг явуулахгүй юм бол би Хэнтийчүүдийг төлөөлье

УИХ чуулган uchral

Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, Засгийн газрын нөөц сангаас шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх хүлээж авсангүй.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Цэцийн тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэдгээ би хэлж байгаа. Ээлжит болон нөхөн сонгуулиа ялгадаггүй цэцийн  гишүүд байгааг гайхаж байна. Улсын төсвийн бүрэлдэхүүн Засгийн газрын нөөц сан ордгийг мэддэггүйг нь гайхаж байна. Улстөрийн захиалгатай шийдвэр гарсан нь ойлгомжтой. Иргэдийн эрхийн эсрэг шийдвэр гаргачхаад ичих ч үгүй индэр дээрээс уншиж байгаа Цэцийн гишүүнийг хараад  би гайхаж байна. Цэцийн гишүүний гаргасан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж тэд хариулт өгөхгүй хуулийн зохицуулалт хийснийг нь мөн гайхаж байна. Иргэний эрхийн эсрэг шийдвэр гаргасан цэцийн гишүүдэд хариуцлага тооцдог хуулийн тогтолцоо байхгүйд би гайхаж байна. Хууль эрхзүйн орчныг нь бид нээх ёстой. 42 дугаар тойрог энд төлөөлөлгүйгээс болж нийгэм, эдийн засгийн өч төчнөөн боломжуудыг алдсан. Энэ бол зөвхөн хэдэн төгрөгөөр үнэлэгдэх асуудал биш. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийнхаа эсрэг, иргэдийнхээ эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан бол бид хуульд нь өөрчлөлт оруулж  буруу шийдвэр гаргахад хурлыг даргалсан Цэцийн даргыг огцруулдаг байх хуулийг бид гаргах болсон.Үүнд АН-ын зөвлөл ярилцаж байгаад оруулж ирнэ. Цэцийн нэг ч гишүүн чуулганы хуралдаан дээр хариулт өгөхгүй, хоосон бухимдаад л бид өнгөрч байна. Мансуурсан Цэцтэй байсны ч хэрэггүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Цэцэд гаргасан өргөдөл бүрээр маргаан үүсгэнэ гэсэн хууль байхгүй. Харин Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэнэ. Д.Гантулгыг  гишүүнээсээ чөлөөлөгдсөн  өргөдөлдөө бэлгийн ажлынхаа тухай бичсэнгүй гэж хэлээд түүнийгээ нотолсон шүүхийн шийдвэрийг наасангүй гэж Цэцэд хандсан иргэний гомдлыг Цэц зөв байна гэж яагаад маргаан үүсгэсэн юм бэ. Монголын төрийг доромжилж байгаа юм биш үү. Хуульд томилсон байгууллага нь буцаан татах эрхтэй. Тийм учраас УИХ-ын дарга  хэрэв шударга ёсны зарчим ярьж байгаа бол яаралтай УИХ-аас Цэцэд томилсон хүмүүсээ буцаан татахгүй юм уу. Маш ноцтой. Ардчиллын үндсэн зарчимд ард түмэн засаглалын барина гэдэг. Сонгуулиар засаглалаа байгуулдаг гэсэн үг. Засаглалаа байгуулах энэ эрхэд халдаж байгаа нь гэмт хэрэг биш юм уу. Хоёрдугаарт,  хуулийн зөрчил, Үндсэн хуулийн зөрчил хоёр өөр. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Цэцийн шийдвэрийг дэмжихгүй. Харамсаж байна. Төлөөллийн зарчим алдагдлаа. Хэнтийн 42 дугаар тойргийн Өндөрхааны хүүхэд би. Өнгөрсөн хугацаанд төлөөллийн зарчим алдагдсанаас асар олон зүйл орхигдсон. Би Өндөрхаан аймгийн төвд олон ажиллаж байсан, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Уулзах бүрт залуучууд УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэж хэлж байна.Нөхөн сонгуулийг маргааш ч хийж болно. Маргааш хийчих, Хэнтийчүүд хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Сурталчилгаагаар яах юм бэ.Хэнтийчүүд өөрсдөөсөө ч хэдэн төгрөг гаргаад сонгуулиа хийж чадна. Сонгуулийг яаралтай хиймээр байна. Хэнтийчүүд  төлөөлөлтэй болгож өгөөч гэж үргэлж надад хэлсээр ирсэн. нөхөн сонгууль хийх арга замыг Хууль зүйн байнгын хороо хийх  хэрэгтэй. Хэнтийчүүдийг төлөөлөлтэй болгож өгөхгүй юм бол үлдсэн хугацаанд   би давхар  Хэнтийчүүдийг  УИХ-д төлөөлье.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Нэр дэвшил дундаа явж байхад Цэцийн дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэлт хүндэрч байгаа. Бид хүлээж авахгүй гэдэг шийдвэрээ өнөөдөр гаргах байх. Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэцийн Их суудлын хуралдаан болно. Энэ мэт цаг хугацааны зохицуулалтад нь Хуульзүйн байнгын хорооноос  эргэж харж зохицуулах хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

ҮХЦ Хэнтий аймгийн төлөөлөлгүй тойргийг бусад нь төлөөлчихнө биз гээд яриад байгаа юм. Төсөв батлагдахаар хэн ч хариуцахгүй үлдэж байгааг ҮХЦ зөвшөөрөхгүй байгаа юм. УИХ-ын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явуулна гэсний дагуу УИХ шийдвэрээ гаргасан. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэр захиалгатай зүйл гэдгийг хэлье. 

11 : 26
2019-6-13

Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

чуулган

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-аар тавдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн олонх буюу 65,9 хувийн саналаар хүлээж авсан билээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг бид нягт нямбай хэлэлцэж батлах ёстой. Хэн нэгэн албан тушаалтан, байгууллагад зориулсан хуулийн өөрчлөлт хийх замаар улс төрийн зорилго эрмэлзлээр хандахдаа хуулийг бүхэлд нь байхгүй болгох эрсдэлтэй алхам хийдгээ УИХ болимоор байна. Захиргааны ерөнхий хуулийн өмнө нь хэлэлцэх үед маш хайнга хандсан. Эрх баригч нам өнөөдөр иргэдийнхээ эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд ажилламаар байх юм. Гэтэл эсрэгээрээ дордуулсан, танасан, хянасан байдлаар асуудалд ханддагаа болих хэрэгтэй. Ерөнхийлөгчөөс Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авч хэлэлцэж байгаа нь зөв. Энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ иргэдийнхээ эрхзүйн орчныг сайжруулах, төрөөс гарч буй аливаа эрхзүйн акт шийдвэртэй  холбоотой асуудлаар иргэн, ААН эрхээ хамгаалах эрх нь хааж болохгүй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн төслийг хэт яаруу оруулж ирлээ. Сайтар судалж хуулийн төсөлд хандах нь зүйтэй гэдгийг хэлсэн юм.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 65,4 хувийн саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их  Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, мөн зүйлийн 10 дахь заалтад “… Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах …-ыг хориглоно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, … төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын  гишүүнээс  чөлөөлөх  тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Ингээд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтыг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүний хувьд Байнгын хорооноос өгсөн чиглэл, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоомжийн холбогдох заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

10 : 48
2019-6-13

"Оюутолгойн асуудлаар тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан"

Хаврын чуулган Занданшатар

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт,  Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар яаралтай хэлэлцмээр байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Оюутолгой ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн.  Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.  Хамтарсан ажлын хэсэг төсөл саналаа оруулж ирэх хэрэгтэй. Ажлын хэсгийн даргаар Б.Баттөмөр гишүүнийг томилсон. Ажлын хэсэг Оюутолгой төслийн гэрээг Монголчуудад ашигтай болгох тал дээр ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхлэх нь. 1992 онд баталсан Үндсэн хууль муу хууль байгаагүй. Эрх ашгийн зөрчил, сонирхолгүй ард түмний төлөөлөх болох 400 гаруй төлөөлөл Шинэ Үндсэн хуулийг баталсан. Сайн хууль болсон хэдий ч 2000 онд дордохын долоон өөрчлөлтөөр дордуулсан. Үүнийг бол засах хэрэгтэй. Үндсэн хуулийг хэлэлцээд эхэлбэл бусад хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй. Үндсэн хуулийг намрын чуулганаар хэлэлцвэл яасан юм бэ. Дордохын долоон өөрчлөлтийг засахад  Үндсэн хуулийн цэцээс санал аваагүй гээд маргаан гарч хууль бус өөрчлөлт гэж хэлэхээр байна. Өдөр бүр алдагдал хүлээж байгаа Оюутолгой гэрээг яаралтай хэлэлцмээр байна. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд эхэлбэл Оюутолгойн асуудал хойшлогдоно. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах гээд нэлээд хонолоо. Маш хариуцлагатай ажлын хэсэг.  УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг ажлын хэсгийн ахлагчаар томилсныг сая л мэдлээ. Өөрөө ч мэдээгүй байсан.

Үүгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан тус хуульд өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж