Huawei компанийн “тагнуулч” эзэн

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Huawei компанийн “тагнуулч” эзэн

Huawei компанийн “тагнуулч” эзэн

Хятадын бизнес эрхлэгч, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн офицер асан, дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг, ухаалаг утас үйлдвэрлэгч “Huawei Technologies” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Рэн Женфей-ний талаар бид энэ удаагийнхаа “ХҮМҮҮС” буланд онцолж байна.

Рэн Женфей (任正非; Rén Zhèngfēi) 1944 оны аравдугаар сарын 25-ны өдөр мэндэлжээ. Түүний эцэг эх, төрөл төрөгсөд Хятадын Гуйчжоу хэмээх ядуу тосгонд амьдардаг байсан аж.

Рен 30 наснаасаа Хятадын цэргийн армид инженерээр ажиллах болжээ. Олон жилийн дараа үүгээр нь АНУ түүнийг коммунист нам болон тагнуултай холбоотой хэмээн сэжиглэж байсан аж. Гэвч Рен улс төр, бизнес эрхлэх хоёр нь ялгаатай болохыг мэдэгдсэн байна.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд өгсөн нэгэн ярилцлагадаа “Худалдааны үндсэн зарчим бол үйлчлүүлэгч хаан байх явдал юм. Миний хувьд улс төрийн үзэл бодлыг бизнестэй холбох шаардлагагүй гэж үздэг. Би улсаа хайрладаг, Коммунист намыг дэмждэг боловч өөр ямар ч улс оронд хохирол учруулах ямар ч зүйлийг хэзээ ч хийхгүй" гэж өгүүлжээ.

Тэрбээр хоёр удаа гэрлэсэн аж. Анхны эхнэр нь Мэн Жун хэмээх багагүй нэр хүндтэй эмэгтэй байдаг аж. Рэн түүнийг "маш хатуу чанга хүн" хэмээн тодорхойлдог байна. Учир нь Мэн Жун нь Мао Зэдуныг эсэргүүцэгч бүлэг, "улаан хамгаалагчид"-ын комиссар байжээ.

Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд охин нь Мэн Ванжуо, хүү нь Рен Пин юм. Мэн Ванжуо нь Кэти Мэн ээжийнхээ Мэн нэрээр овоглож, хожим “Хуавэй” компаний санхүүгийн ахлах ажилтан болсон аж. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сард Америкийн эрх баригчдын хүсэлтээр Канадад баривчлагдсан билээ.

Мэнийг баривчилсанд Хятадын эрх баригчид хүчтэй эсэргүүцэл үзүүлж, АНУ-ыг түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг зогсоохыг шаардаж буй юм. Одоогийн байдлаар Мэн Ванжоу Канадад байгаа бөгөөд түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх эсэх эцсийн шийдвэр гараагүй байгаа билээ.

Рэний хүү, “Хуавэй” компанид ажилладаг Рен Пиний талаар хэвлэлийнхэн чамгүй мэдээлэлтэй байдаг ажээ. Эцэг нь тус компанийг үүсгэн байгуулсан ч үйл ажиллагаанд нь төдийлөн оролцоод байдаггүй юм байна.

Рэн Женфейн армид ажиллаж байх үедээ хүүхдүүдээ жилд нэг удаа л хардаг байсан тухайгаа ярьсан байдаг. Тэрбээр 1983 онд 39 насандаа армиас хөөгдсөн бөгөөд Хятадын үйлдвэрлэгчдийн гол өрсөлдөгч "Apple" компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 12 жилийн дараа буюу 1987 онд “Хуавэй" компаниа үүсгэн байгуулжээ.

Рэнд бизнесийн шинэ санаа төрж, өдөр бүр 10 цаг ажиллах шаардлагатай болсон учраас хүүхдүүддээ анхаарал хандуулж чаддаггүй байсан аж. Тэрбээр "Олон улсын зах зээлд гарахын тулд, "Хуавэй" компаний амжилттай яваа нь авлигатай ямар ч холбоогүй гэдгийг батлахын тулд гадаадад хэдэн сарын турш амьдарч, хүү, охинтойгоо маш бага харилцаатай байсан" хэмээн ярьсан байна. Түүний хэлснээр, хүүхдүүд нь биеэ дааж, амжилтад хүрэхийн тулд өөрсдөөсөө ихийг шаардаж байсан аж.

Рэн Женфей уйгагүй, шаргуу хөдөлмөрлөсний дүнд “Хуавэй” компаниа Хятадын хамгийн том, технологийн тэргүүлэх компани болгож чаджээ. 2005 онд “Time” сэтгүүл Рэн Женфейнийг оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэрсийн жагсаалтад оруулсан байна. Түүний хөрөнгө 2018 оны есдүгээр сарын байдлаар 1.2 тэрбум ам.доллараар үнэлэгджээ.

Тэрбээр 2015 онд “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө эгэл жирийн гэр бүлд өсөж хүмүүжсэнээ тэмдэглээд, "Манайд давс л байдаг байсан. Тиймээс бид баян амьдарч байна гэж боддог байлаа" хэмээн өгүүлжээ.

Рэн 2019 онд өгсөн ярилцлагадаа залуу байхдаа үе тэнгийнхнээсээ юугаар ч давуу байгаагүй талаараа өгүүлсэн байна. Тэрбээр "Би хэн ч биш байсан. Надад юу ч байгаагүй. Ялангуяа би хичээлдээ сайн байсангүй" хэмээн ярьжээ.

20 жилийн дараа Рэн анхны амьдралдаа цэг тавьж, Яо Линтэй гэрлэсэн байна. Яо Лин олон нийтийн өмнө ил гарахыг төдийлөн хүсдэггүй бөгөөд тэд Аннабель Яо хэмээх охинтой аж. Аннабель Яо Харвардад компьютер технологийн чиглэлээр суралцдаг байна. Түүнээс гадна тэрбээр балетаар идэвхтэй хичээллэдэг нэгэн аж.

Саяхан Рэн Женфей сүүлийн үед хүүхдүүдтэйгээ илүү дотно харилцаатай байгаа тухайгаа ярьжээ. Өмнө нь тэрбээр өөрийн хүүхдүүдээс хэн нь ч “Хуавэй”-г удирдаж, бизнесийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх чадваргүй хэмээн мэдэгдэж, нэгийг нь ч өв залгамжлагчаараа нэрлээгүй аж. Рэн Женфей "Би хэнийг залгамжлагчаараа нэрлэхээ мэдэхгүй байна. Цаг хугацаа харуулах биз ээ” хэмээн хэлжээ.

Канадад өөрийн охин Мэн Ванжоуг баривчлагдсаны дараа илүү хатуу байр суурь илэрхийлэх болсон тэрбээр анх удаа "Охиноо маш их санаж байна" хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ВВС, Xinhua

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж