Эдийн засагч, нийтлэлч, Дефакто нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Манай улсын эдийн засаг өнөөдөр 85-90 хувь нь уул уурхайн салбараас бүрэн хамаарсан хэвээр байна. Тодруулж хэлбэл, зэс, коксжсон нүүрсний дэлхийн зах зээл дэх үнээс Монголын эдийн засаг шууд хамааралтай байдаг. Энэ хоёр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд авлига нэмэгдчихдэг. Нэг ийм чөтгөрийн тойрогт орчихсон байдалтай л байна.
-Тэгвэл олон улсын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн нөхцөл байдал ямар зүгт явж байна вэ?
-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн, Орос-Хятад хоёр улам нэгдэн ойртож байгаа нь дэлхийн эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх суурь болж байгаа юм. Энэ нь Монголын эдийн засагт зөв хөдөлбөл боломж, буруу хөдөлбөл сорил болж байна.
-Монголын эдийн засагт үгүйлэгдэж байгаа бодлогыг та хэрхэн хардаг вэ. Энэ Засгийн газрын нэрийн хуудас болох ажил өнөөдөр Тавантолгойн IPO хийх мөн үү?
-Өнөөдөр Монголын эдийн засагт дутуу байгаа зүйл нь төрөлжүүлэлт. Төрөлжүүлэх гэдэг нь уул уурхайгаас өөр ямарваа нэгэн бизнесийн экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ингэхийн тулд уул уурхайгаас олж байгаа баялгийг бусад салбарын бизнесийг хөгжүүлэхтэй холбох хандлага руу явах нь зүйтэй. Нэг талаас уул уурхайгаасаа түлхүү мөнгө босгох, нөгөө талаас тэрхүү босгосон мөнгөө хувийн салбар нь төрөлжүүлээд аваад явах учиртай.
Тавантолгойн 30 хувийн IPO-г гаргах шийдвэр нь гарсан тул эргэлзээгүй хийх ажил. Харин яарах хэрэгтэй. Учир нь, дэлхий нийт нүүрсэнд хандах хандлагаа өөрчилж байна. Өөрөөр хэлбэл, байгаль экологид нөлөөлж буй нөлөөллөөс шалтгаалан эрчим хүчний болон бусад чулуун нүүрсэнд хөрөнгө оруулалт хийхийг зарим улс өөрийн банкууддаа хорьж байна. Тавантолгой ордын хувьд ган хайлуулах коксжих нүүрсээ олон улсын зах зээлд гаргах хүлээлт байгаа учраас цаг алдалгүй ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
Ер нь IPO гэж юу вэ гэдгийг энгийн үгээр хэлэх хэрэгтэй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг зээлийн биш хувьцааны хөрөнгө оруулалтаар татаж байгаа хэрэг юм. Санхүүгийн зах зээлд мөнгийг зээлж эсвэл хувьцаагаа зарж босгодог. Хамгийн гол нь хувьцаагаа зарахын тулд хувьцаа авч байгаа хүмүүст итгэл бий болгох учиртай. Тэрхүү итгэлийг бий болгосны дараа хувьцаа зарах асуудлыг ярина. Тиймээс итгэл бол хувьцаа зарахаас өмнө яригддаг чухал ойлголт. Морин тэрэгтэй зүйрлэвэл, итгэл бол морь нь юм. Морь байхгүй бол тэрэг урагшаа хөдлөхгүй шүү дээ.
-Бид итгэл төрүүлэхдээ алддаг. Итгэлийг бий болгохдоо юуг илүү анхаарах вэ?
-Итгэл яаж бий болдог юм бэ. Хүн, хөрөнгө оруулагчид, улс хооронд итгэл бий болоход юуны өмнө хүмүүс харилцан ярилцаж, ойлголцох учиртай. Харин ойлголцсоны дараа итгэлцэл бий болж, улмаар хамтын ажиллагаа эхэлдэг. Энэ бүхнийг товчилж яав ч болохгүй. Иймээс бид бусад улс орон, хөрөнгө оруулагчидтай ярилцах хэрэгтэй. Асуудал бий бол яагаад гэдгийг ярих хэрэгтэй. Ийн харилцан ярьж, итгэлцэл бий болгож байж хөрөнгийн зах зээлд урт хугацааны тэвчээртэй байдлыг чухалчилсан ажил хэрэг явагддаг. Жишээлбэл, Тавантолгойн 30 хувийн IPO-г амжилттай гаргавал, дахиад 20 хувийг нь илүү өндөр үнэтэй гаргах жишээтэй. Энэ бол хамгийн сайн менежмент. Ордоо зөв ашиглаж, боломждоо тулгуурлан босгосон хөрөнгөө хэрхэх нь итгэлцлийн асуудал.
Манай улсын хувьд энэ асуудалд болгоомжтой хандах олон шалтгаан бий. Бид бонд гаргасан ч цагтаа төлж чадаагүй. Тиймээс босгосон мөнгөө буцаагаад зөв ашиглах баталгаа хаана байгаа гэдэг нь итгэлцэл төрүүлэх тогтвортой төр, Тавантолгой төслийг авч явах компанийн менежментийн чадварлаг багтай холбогдох асуудал. Дахин тодруулж хэлэхэд аливаа компани хөрөнгийн зах зээлд IPO хийх нь менежментийн багт нь итгэл төрүүлэхүйц хүмүүс байгаа эсэх, улс төрөөс зайтай байж чадаж байна уу гэдэгтэй холбоотой. Ялангуяа Монголын төрийн өмчит компанийн хувьд Засгийн газар нь 1.5 жил болоод л солигдоход дагаад удирдлага нь солигддог. Ийм нөхцөлд тэр байгууллагад ямар итгэлцэл бий болох вэ. Тиймээс ямар ч засаг байсан тухайн компанийн менежментийн баг нь тогтвортой, урт хугацааны гэрээ байгуулж, итгэл төрүүлэхүйц байх гэдэг нь хамгийн гол үзүүлэлт. Өнөөдөр би нэг даргатай ярих гэж байтал маргааш нэг өөр дарга ороод ирэхээр бид яаж ойлголцох юм бэ. Хамгийн гол нь тухайн даргын удирдлагад ажиллаж байсан нэлээн бэлтгэгдсэн доод албан тушаалын өдөр тутамдаа үнэтэй мэдлэгийн капитал хуримтлуулсан мэргэжилтнийг даргын хүн гээд хаашаа ч хамаагүй явуулчихаад байна. Тэр хүн нь гомдоод л явчихдаг. Төр засаг үүнийг анхаарах хэрэгтэй байгаа юм даа.
-Бид том төслүүд гэж ярьдаг. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь хөгжлийн урт түүхтэй бол Оюутолгой төсөл алдаатай, оноотой хэрэгжээд явж байна. Одоо Тавантолгой төслийг зөв авч явах хүлээлт, итгэл бий болоод байна гэж ойлгож байна?
-Оюутолгойн төсөл дээр бүх юм жигд биш байна. Би өнгөрсөн долоон хоногт “Оюутолгой алдаа болсон уу” гэсэн нийтлэл бичсэн. Нийтлэлдээ энэ төсөлгүйгээр Монголын эдийн засгийг төсөөлөх аргагүй. Төслийг зогсоовол гарах үр дүнгийнх нь хариуцлагыг хэн яаж хүлээхийг мэдэхгүй, ханган нийлүүлэгчдийн ажиллагсдыг оруулбал Монголын 45 мянган хүн ажилгүй болно гэсэн санааг гаргасан. Тэд зарчхаад л явчихна. Ер нь сонгууль дөхөхөөр л Оюутолгойн гэрээг зогсооно гэсэн хэдэн баатрууд гарч ирдэг. Энэ синдромоо зогсоомоор байна. Монголчууд улс төрийн сонгуульд ялахын тулд юу ч хийхээс буцахгүй юм гэсэн ойлголт хөрөнгө оруулагчдад очвол IPO яагаад ч явахгүй.
Гэхдээ Оюутолгойн гэрээн дээр анхнаасаа бодож тооцоолоогүй засмаар зүйлүүд бий. Засахдаа хөөж туух маягаар хамтрагчдадаа хандаж болохгүй. Бизнесийн зарчмын дагуу харилцан ашигтай байх хэрэгтэй. Гэтэл сонгуулиас хэдэн сарын өмнөөс л хэдэн баатар гарч ирээд дуртайгаа яриад байвал хөрөнгө оруулагчид итгэхгүй. Өнөөдөр манай дипломат ажилтнууд олон улсад нэр хүндээ яаж алдаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагыг Интерполоор эрэн сурвалжилж байна. Тиймээс энэ төслийг авч явах менежментийн баг итгэл төрүүлэхүйц олон ажил хийх учиртай. Дээр хэлсэнчлэн, ярилцах, ойлголцох хэрэгтэй л дээ.
-Өмнөх төслүүдтэй холбоотой тэр дундаа Оюутолгой төсөлтэй холбоотой маргаанууд бий гэдэгтэй та санал нийлэх байх. Тавантолгой төслийг дараагийн шатанд гаргахын тулд стратегийн нэг төлөөлөлтэй ярихгүйгээр олон улсад IPO гаргаж, нийтийн компани байгуулах нь зөв гарц гэж ярьж байна. Энэ цаг үеэ олсон ажил мөн үү?
-Зарчмын хувьд нэг хүнтэй ч, нийтийн төлөөлөлтэй ч ярих нь яг ижил. Гагцхүү үнэн ярих хэрэгтэй. Жаахан дэгсдүүлж ярьж байгаа хүнд нөгөө тал итгэхгүй, итгэлцэл бий болохгүй. Харин өнөөдрийн нөхцөл байдлаа үнэн зөв, тодорхой ярьж, ойлголцсоны дүнд итгэлцэл бий болно. Нүүрсний хувьд цаг алдах тусмаа төслийн санхүүжилт саатаж байгаа. Тиймээс Тавантолгой төслийн хувьд хурдавчлах тусмаа сайн. Гангийн зах зээлд ч ялгаагүй. Дээр нь энэ том төслийг явуулахын тулд мөнгө их хэрэгтэй. Тиймээс төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Төмөр зам өнөөдөр урагшаа явсангүй, яагаад ч юм зүүн тийшээ явчихлаа. Яагаад ойрхон зах зээл, ойрхон зам руу явсангүй вэ. Хүмүүст эргэлзээ төрчихсөн байдалтай байна. Миний хувьд ингэж л ойлгож байна.
-Нэг талаас уул уурхайгаасаа түлхүү мөнгө босгох, нөгөө талаас тэрхүү босгосон мөнгөө хувийн салбар нь төрөлжүүлээд явах талаар та ярилаа. Таны бодлоор аль салбараа дэмжих нь зүйтэй вэ?
-Өнөөдөр аж үйлдвэрийн 4-р хувьсгал, хиймэл оюун ухааны талаар дэлхий нийт ярьж байна. Энэ бүхэнд хүн төрөлхтөн адилхан бэлтгэлгүй байгаа учраас бидэнд ч боломж бий гэсэн үг. Миний ойлгож байгаагаар боловсролын салбарыг энэ чиглэл рүү түлхүү оруулж, өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлэхэд анхаарсан бодлого баримтлах хэрэгтэй. Энэ бол нийтийн засаглалтай холбоотой шинэ шинэ бүтээгдэхүүн гаргах гэсэн үг юм. Ер нь монголдоо хийсэн программыг орчуулах, олон улсын зах зээлд гаргах зэргээр боловсролын чиглэлд хувийнхнаа дэмжих нь зөв гэж ойлгодог.
-Эцэст нь Монголын эдийн засаг тогтвортой байхад бид юу хийх ёстой вэ, та саналаа хуваалцахгүй юу?
-Юуны өмнө төр засаг авлигын хэргүүдийнхээ учрыг олох хэрэгтэй. Энэ олон авлигын хэргүүд чинь хөөн хэлэлцэх хугацаа нь дууслаа гэх шалтгаанаар хэрэгсэхгүй өнгөрч байна. Ерөөсөө л нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа хэрэг. Төрийн мөнгийг завшсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хэргээс мултарч байна. Тухайлж хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэгт гэхэд л нийтийн өмчийг нийтийн мөнгөөр авчхаад үүнийгээ бид авсан гэж мэлзэж, хууль бус үйлдлээ хаацайлж, хамгаалж байна. Энэ бүхнийг л юуны өмнө цэгцлэх хэрэгтэй байна даа.
Х.МАНДУУЛ
Холбоотой мэдээ