У.Хүрэлсүх ДБЭТ-т Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх ДБЭТ-т Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцов

У.Хүрэлсүх ДБЭТ-т Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцлоо. Хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, 2019-2020 онд  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаа, барилга байгууламжийн байдалтай танилцаж, урлаг соёлын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдийн талаар  оролцогчдод мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Соёл урлагийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй ч Засгийн газрын түвшинд олон асуудал шийдэгдэж эхэлсэн. Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейг шинээр барихаар газрыг сонгож, зураг төсөлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн. Улсын Филармоны хөгжим зэмсгийг шинэчлэн, театруудыг автобустай болгосон зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийдсэн. Ирэх онуудад УДЭТ, ДБЭТ-ыг шинэчлэн хуучин загвараар нь барих, түүхэн болон хүмүүжлийн ач холбогдол бүхий кино захиалгаар бүтээлгэх, соён гэгээрүүлэх ажилд багш нарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын ажлууд хийгдэх болно. Соёл урлаг хүнийг хүмүүжүүлдэг.

Ард түмнээ соён гэгээрүүлэхгүйгээр бид хөгжихгүй. Монголын төрт ёсонд иргэдээ гаднаас засдаг хууль цааз, дотоод сэтгэлийг нь засдаг номын засаг гэдэг хосолмол засаглалаар удирддаг байж. Номын засаглал гэдэг нь хүн ардаа эрүүл биетэй, саруул ухаантай хүнлэг нинжин сэтгэлтэй эх орондоо хайртай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх бодлого аж. Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна. Цаашид иргэдээ соён гэгээрүүлэх явдлыг бүх нийтийн үйл хэрэг болгох ёстой. Үүнд урлаг соёл, спортынхон та бүгдээс Монгол Улсын Засгийн газар дэмжлэг хүсч байна. Соёл урлагийн Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх нийтийг соён гэгээрүүлэх энэхүү ажлыг хийх хэрэгтэй. Засгийн газар бодлогын суурь баримт бичигүүдийг боловсруулан батлуулахаас гадна дэд бүтцийн асуудлууд тэр дундаа барилга байгууламжуудыг шинээр барих, техник хэрэгслийг шинэчлэх гэх мэт богино хугацааны урьдчилсан арга хэмжээг ч орхигдуулалгүй авч ажилласаар байна” гэв.

Засгийн газраас урлаг, соёлын салбарт анхаарал хандуулж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн гэж Мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл, Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн гишүүд мэдэгдлээ. 2019 оноос Мэргэжлийн урлагийн байгууллагууд үйл ажиллагааны орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон нь уран бүтээлчдийн бүтээх туурвих соён гэгээрүүлэх ажиллагаанд  дэмжлэг болж, цаг алдалгүй шинэ бүтээл гаргах боломж олгож, санхүүгийн хүндрэлээс гаргажээ.

Соёл урлагийн Үндэсний зөвлөл Бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Соёлын өвийг хадгалах, түүнийг түгээн дэлгэрүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Сонгодог болон орчин үеийн урлагийг дэмжин ажиллах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагааны чиглэлээ төлөвлөснөөс олонх нь хэрэгжиж эхэлжээ. Дөрвөн дэд ажлын хэсэг байгуулагдан 100 гаруй санал гаргасныг нэгтгэн төлөвлөгөөнд тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж