Жилийн өмнө энэ гудамжинд "шөнө болдоггүй" байв. Залуус тэнд шөнөжин дуулж, бүжиглэж, наргиж, цэнгэж, зугаалж, зугаацаж өнгөрөөдөг байсныг хотын шинэ дарга С.Амарсайханы шийдвэрээр цуцалсан билээ. Хэдийгээр хүүхэд залуусын орой, үдэш зорьж очих хотын нэгээхэн хэсэг болж чадсан ч нөгөө талаар хотын ариун цэвэр болоод, оршин суугчдын амар амгалан байдалд сөргөөр нөлөөлдөг байсан "Шөнийн гудамж"-ийг буулгаж эхэлжээ. "Гэрэлт гудамж"-ны гол хэсэгт очиход техникийн дуу хангинаж, дулааны шугам хоолой ухаж буй дүр зураг угтав.
Эгнэсэн олон сандал байршуулсан хэсгийг тэр чигээр нь нурааж, дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил тус гудамжинд ид өрнөж байна. Шугам сүлжээний ажил хийж буй талбайг тойруулан төмөр тор татаж, “Сөүлийн гудамжны 110 хос метр шугамыг хэсэгчлэн, шинэчлэх ажлыг УБДС ТӨХК-ийн захиалгаар, “Есөнталст Оргил” констракшн гүйцэтгэгч, 2019 оны зургадугаар сарын 2-ноос 27-ны хооронд хийж, гүйцэтгэж байна” гэх мэдээлэл бүхий самбар ч байршуулсан нь ч үзэгдлээ.
Сөүлийн гудамжны дулааны шугамын засварын ажил эхлээд тав хонож. Энэ хугацаанд гэрэлт гудамжид барьж, байршуулсан олон сандал, гадаадын жуулчдад үйлчилдэг хоёр постыг зайчилж, ажлаа эхлүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байсан талаар гүйцэтгэгч компанийн бригадын дарга М.Ганзориг хэлэв.
“ЗАСВАРЫН АЖЛЫН ҮЕЭР ГЭР БҮЛИЙН ХӨШӨӨ ЮМАНД ӨРТЧИХ ГЭЭД БАЙНА”
Тэрбээр “Манай компани Сөүлийн гудамжны хэсгийн насжилт нь дуусаад олон жил болж буй шугам хоолойг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Ажлаа эхлүүлэхийн өмнө гэрэлт гудамжны сандлыг авч, гадаадын жуулчдад үйлчилдэг хоёр цэг барьчихсан байсан нь хүндрэлтэй байлаа. Энэ бүгдийг яг дулааны шугам явдаг хэсэг дээр барьсан байсан. Бид аль болох богино хугацаанд ажлаа хийхээр шахуу төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
Гэрэлт гудамжны гэр бүлийн хөшөө гэхэд л шугам хоолой байршуулж, зөөхөөр юманд өртчих гээд хүндрэлтэй юм. Ерөнхийдөө зургадугаар сарын 27-нд дулааны шугамаа залгаад усаа тавих юм. Тэрнээс хойш гэрэл гудамжны талбайгаа буцааж, янзална. Уг дулааны шугамыг шинэчлэхдээ дангаараа 110 метр урт хосоороо нийлээд 220 метр шугамыг солино. Зарим хүмүүс бидний ямар ажил хийж байгааг ойлгохгүй асуухаар нь олон жил болж, насжилт нь дууссан дулааны шугам сүлжээг сольж байна гэж хэлдэг” гэв.
“ГЭРЭЛТ ГУДАМЖИД АНХНААСАА АМАРХАН УГСАРЧ, САЛДАГ САНДАЛ БАЙРШУУЛСАН”
Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжид хийгдэж буй 11Д магистралын 800мм-ийн голчтой 110метр хос шугамыг хэсэгчлэн солих ажлыг энэ сарын 2-нд эхлүүлсэн. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “УБДС ТӨХК”-аас их болон урсгал засвар хийх хуваарийг Хотын ерөнхий менежерээр батлуулан ажилладаг. Тус хуваарийн дагуу 11Д магистрал шугам солих ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Тус шугам нь 33 жил нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй бөгөөд ашиглалтын хугацаа бүрэн дууссан байсан.
Гэрэлт гудамжийг анх тохижуулах үеэр тус асуудлыг “УБДС ТӨХК”-тай зөвшилцөж амархан угсарч салгах боломжтойгоор сандал байршуулсан. Дулааны шугам шинэчлэх ажлыг гүйцэтгэгч байгууллага нөхөн сэргээж угсарч суурилуулах барьцаа хөрөнгийг Төрийн сангийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд байршуулсан. "Авто зам, тохижилт ногоон байгууламж сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл" олгох ажлын хэсгийн бүрэн хяналтад уг ажлыг хийж байна” гэсэн мэдээллийг өглөө.
"СӨҮЛИЙН ГУДАМЖНЫ ДУЛААНЫ ШУГАМЫН НАСЖИЛТ НЬ ДУУССАН”
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Сөүлийн гудамжны дулааны шугамын засварын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ирэх өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлд энэ зун дулааны шугамын олон урсгал засварыг хийхээр төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд “УБДС ТӨКК”-аас ээлжит урсгал засварыг хийгээд эхэлсэн. Сөүлийн гудамж буюу гэрэлт гудамжны хэсгийн дулааны шугамыг бараг 33 жил солиогүй, ашиглалтын хугацаа ьн дууссан учраас график төлөвлөгөөний дагуу шинэчлэх зөвшөөрөл өгсөн.
Нөхөн сэргээлтийн хувьд гүйцэтгэгч байгууллага нөхөн сэргээж угсарч суурилуулах барьцаа хөрөнгийг Төрийн сангийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд байршуулсан” тухай тайлбарлажээ.
“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД УЯЛДАА ХОЛБООГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА”
Сурвалжлагын үеэр иргэдийн төлөөллөөс санал бодлыг нь сонссон юм. Иргэн Н.Дагирмаа “Төрийн албан байгууллагуудын ажлын уялдаа холбоо огт байхгүй байна. Нэг нь сонгуулиар гарч ирээд нэг ажил хийдэг. Дараа жилээс нь өөр хүн гарч ирээд дахин нэг ажлыг эхлүүлдэг. Мөн анхнаасаа л их хотын гэрэлт гудамж байгуулахад газраа сайн судалж, сайтар төлөвлөх ёстой шүү дээ” гэдгийг ярьж байв.
Харин Ж.Эрдэнэбаяр гэх залуу “Нийслэл хотод шөнийн гэрэлт гудамж болон өөр бусад амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх газар байх ёстой. Гэхдээ гэрэлт гудамжийг байгуулсан газар нь тохироогүй юм шиг надад санагддаг. Бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн 100-гийн гудамж хөл хөдөлгөөн ихтэй газар шүү дээ. Илүү зай талбайтай газар хотын гэрэлт гудамжийг байгуулах хэрэгтэй юм уу гэж боддог. Энэ хавийн оршин суугчдад ч гэсэн хүндрэлтэй, зам хаахаар бас замын хөдөлгөөний ачаалалд ч нөлөөлнө” гэдэг саналыг хэллээ.
ГЭРЭЛТ ГУДАМЖААС ТАТГАЛЗАЖ, НЭЭЛТ ХИЙСЭНГҮЙ
Улаанбаатар хотын захирагчийн албанаас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд өнгөрсөн жил Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн “Гэрэлт гудамж” болгон тохижуулсан билээ.
Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Шөнийн гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй их хотын залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой.
Энэ жишгээр нийслэл Улаанбаатар хот 2017 оны зургадугаар сарын 8-нд шөнийн гэрэлт гудамжтай болсон. Ингэснээр Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж “АСА” циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг “Шөнийн гэрэлт гудамж” хэмээн нэрлэсэн билээ.
Шөнийн гудамж нь тавдугаар сараас эхлэн аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гарагийн 04.00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг байв.
Харин Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 5-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр илтгэл тавьж, өөрийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан. Тэрбээр энэ үеэр “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” гэж хэлсэн байдаг. Тиймээс гэрэлт гудамжийн нээлтийг энэ жил хийсэнгүй ээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ