Илүүдэл жинтэй хүмүүс зүрхний шигдээсээр өвчлөх нь элбэг

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Илүүдэл жинтэй хүмүүс зүрхний шигдээсээр өвчлөх нь элбэг

Илүүдэл жинтэй хүмүүс зүрхний шигдээсээр өвчлөх нь элбэг

Монголчуудын дунд сүүлийн үед зүрх судасны өвчин түгээмэл тохиолдож байгаа билээ. Зүрх судасны өвчлөл болоод түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Хаппи Веритас” төвийн зүрх судасны эмч анагаах ухааны магистр А.Наранцогттой ярилцлаа.


Танай төв зүрх судасны эмгэгийг эрт илрүүлж, эмчилгээ оношилгоо үзүүлдэг юм байна. Зүрх судасны өвчлөл монголчуудын дүнд түгээмэл тохиолддог шүү дээ?

-Сайн байна уу. Манай эмнэлэг үндсэн гурван чиглэлээр эмчилгээ, оношилгоо хийдэг. Үүнд зүрх судасны өвчлөл, элэгний өвчлөл, ходоодны эмгэгийн эрт үеийн үзлэг оношилгоо, түүнээс сэргийлэх иж бүрэн үйлчилгээг явуулж байна. Монгол Улсад элэгний В,С вирус нэлээд тархсан. Манай эмнэлгээс элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн даатгалаар В,С вирусийг үнэ төлбөргүй тоолсоор нэлээд хэдэн жилийг ардаа үдсэн. Харин зүрх судасны чиглэлийн өвчнийг бууруулах тал дээр олон ажлууд хийж байна. 2000 оны эхээр зүрх судасны өвчин манай улсад 10 мянган хүн тутамд 16-17 тохиолддог байсан бол өнөө үед энэ тоо 20-25 болж нэмэгдсэн байгаа.

Зүрх судасны өвчлөл дотроо гурван янз. Тухайлбал, даралт ихсэлт, тархины цус харвалт, зүрхний шигдээс гэж ангилдаг. Өнөөдөр 20-25 насны залуусын дунд зүрхний шигдээс өвчин нэлээд газар авах боллоо. Дээхэн үед зүрхний шигдээсээр зөвхөн ахимаг насныхан өвчилдөг байсан бол өнөөдөр тэр ойлголт өрөөсгөл болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл зүрхний эмгэг улам бүр залуужиж тэр хирээр эмнэлэгт хэвтэж, яаралтай тусламж авч буй хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай. Гуравдугаарт, артерийн даралт ихэссэний улмаас тархинд цус харвах өвчин түгээмэл байна.

-Зүрх судасны өвчин нас залуужих болсны шалтгааныг та юу гэж харж байна вэ. Магадгүй стресс, хорт зуршил зүрх судасны өвчний суурь шалтгаан болдог байх?

-Зүрх судасны өвчлөл үүсэхэд хэд хэдэн эрсдэлт хүчин зүйл нөлөөлдөг. Тэр дундаа жингийн илүүдэл хамгийн их нөлөөтэй. Судалгаанаас үзэхэд Монгол хүн тутмын хоёр хүн тутмын нэг нь таргалалттай байна. Жингийн илүүдэл хэдий чинээ их байна тэр хирээр зүрх судасны эмгэгт өртөх эрсдэл их байдаг. Хоёрдугаарт, нийгмийн стресс бухимдал зүрхний өвчлөлийн суурь шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл тухайн хүний эрүүл мэндийн боловсрол, нийгэмтэй харилцаж буй харилцаа санхүүгийн орлого бага байх, өөрийн хэрэгцээтэй зүйлийг хангаж чадахгүйгээс стресст автаж эхэлдэг. Түүнчлэн хорт зуршил, архи тамхины зохисгүй хэрэглээ нь зүрх судасны эмгэгээр өвчлөх зонхилох шалтгааны нэг юм. Манай нийгэмд залуус өсвөр наснаасаа эхлээд хорт зуршилд автаж байгаад би хувьдаа харамсдаг. Нөгөөтэйгүүр хорт зуршилд автсан залуус 5-10 жилийн дараа судасны хатуурал, элэгний өвчлөл зэрэг олон өвчлөлд нэрвэгдэх эрсдэлтэй.

-Тэгэхээр танай эмнэлгийн хувьд зүрх судасны чиглэлээр шинэ технологи нэвтрүүлж байгаа юм байна. Үүний давуу тал нь юу вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Аливаа зүрх судасны эмгэгийг оношлоход энгийн шинжилгээнээс нарийн шинжилгээг өгдөг. Зүрх судасны эмгэгийн тухайд хамгийн эхлээд таны зүрх өвдөж эхэлмэгц зүрхний бичлэг хийлгэхээс эхэлнэ. Хэрэв зүрхний бичлэг хийлгээд өөрчлөлт гарахгүй, онош нь тогтоогдохгүй байвал зүрхний эхо бичлэг хийлгэж болно. Зүрхний эхо шинжилгээ Монгол Улсад нэвтрээд арав гаруй жил болж байна. Тэгэхээр дээрх хоёр шинжилгээг хийлгээд эмгэг онош нь тогтоогдохгүй байвал зүрхний компьютер томографи аппаратад орж болно. Энэ бол маш нарийвчлалтайгаар 3D, 4D технологиор шинжлэн судалдаг оношилгоо юм. Манай төвийн хувьд 2008 онд байгуулагдаж, 2018 онд арав дах жилдээ “Toshiba medical” гэдэг компанитай хамтран “Toshiba Aqiulion” нэртэй компьютер томографи төхөөрөмжийг оруулж ирсэн.

Энэ аппарат нь хамгийн өндөр нарийвчлалтай 3D хэмжээстэй, цацраг идэвхт бодис ялгаруулалт нь 75 хувиар буурсан. Тэгэхээр хүний биед рентген туяа ачааллыг 75 хувь бууруулж чадсанаар харьцангуй хор нөлөө багатай. Мөн зүрхний титэм судасны эмгэгүүд, зүрхний судасны шохойжилт, зүрхний агших чадварын үйл ажиллагаа зүрхийг тойрсон титэм судасны булчинт давхаргаас тусад нь ялгаж судасны боловсруулалт, зүрхний судас бөглөрч үү гэх мэтээр оношийг нарийвчлан тогтооно. Үүнээс гадна хүүхдэд өгөх цацраг идэвхт туяаны порматтай. Мөн металл суулгацын сарнилтыг багасгах үйлдэлтэй, секундэд 60 зураг боловсруулах хурдтай юм. Одоогоор энэ тоног төхөөрөмжид оношоо тодорхойлуулсан хүмүүс эхнээсээ бидэнд талархсанаа илэрхийлж дараачийн шатны эмчилгээгээ хийлгэж байна. Түүнчлэн манай төв ходоодны эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил төлөвлөөд үр дүнг нь үзээд явж байна.

-Зүрх судасны эмгэгт дийлэнхдээ ямар хүмүүс өртөмтгий байна вэ?

-Туршлагаас харахад эрэгтэй хүмүүс зүрх судасны өвчлөлд илүү өртөмтгий байдаг. Эрэгтэй хүн жингийн илүүдэл, хорт зуршлаараа эмэгтэй хүнийг бодвол арай их байдаг. Хамгийн энгийнээр хэлэхэд гэр бүлийн хоёр хүн байлаа гэхэд эхнэр нь жилдээ дор хаяж 1-2 удаа шинжилгээ өгдөг бол нөхөр нь тэр бүр эрүүл мэнддээ анхаарч тогтмол шинжилгээ өгөөд байдаггүй. Тэгэхээр энэ төрлийн өвчинд эрүүл мэндийн боловсрол нь бага, жингийн илүүдэлтэй, өөх тостой, давстай хоол хэрэглэдэг хүмүүс өртөх эрсдэлтэй юм.

-Зүрх судасны өвчлөлд өртөхгүй байхын тулд бид юуг анхаарах ёстой вэ?

-Эрсдэлт хүчин зүйлээс зайлсхийх ёстой. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг телевиз, сайтууд үнэн зөв мэдээлэл өгдөг байх ёстой. Иргэдэд өгөх мэдээллийн давтамж нь олон байх тусмаа иргэд зөв мэдээлэл авч өөртөө тусгадаг. Мөн эрсдэлт хүчин зүйлээс ангид байж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ, жингээ барьж өдөр тутамдаа спортоор хичээллэ, мөн хорт зуршлаас зайлсхий. Дараа нь стресст өртөхгүй сэтгэл санаагаа тайван байлгаснаар зүрх судасны өвчлөлд өртөхгүй байх боломж бий. Үүнээс гадна аливаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүнд хүргэхэд сайн эмч, сайн сувилагч, рентген, техник,  технологи байж тухайн хүнийг бүрэн цогц оношилж эмчилдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж