Монгол Улсад сүүлийн гурван жилд 947 үйлдвэрлэлийн осол болж, 88 хүн нас баржээ. Үүнээс уул уурхайн салбарт 22, барилгын салбарт 17, боловсруулах үйлдвэрлэлд есөн хүн нас барсан байна. 2019 он гарснаас хойш олны анхаарлыг татсан үйлдвэрлэлийн осол гэмтэл шил дараалан болж, эрдэнэт хүний амь эрсэдсээр байна.
ХУУЛЬ ЗӨРЧИН НУУЦААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСНААС НЭГ ХҮНИЙ АМЬ ЭРСДЭВ
Хамгийн сүүлд гэхэд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-ны өдөр ноцтой осол гарсан. Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм. Тэгвэл Онцгой байдлын газрын алба хаагчид 15 хоногийн турш осолдсон ажилтны цогцсыг хайсны эцэст зургадугаар сарын 6-ны өдөр цогцсыг олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн юм. Өнгөрсөн гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг тус уурхайд шалгалт хийн осол гарсан газарт нурах эрсдэл үүссэн гэдгийг мэдэгдээд улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргасан байдаг.
Гэтэл “Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар үйл ажиллагаа явуулснаас үүдэн нэг хүний амь эрсэджээ. Тус компани нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй зэрэг хууль зөрчсөн олон үйлдэл шалгалтын явцад илэрсэн байна.
Ослын шалтгааны дүгнэлт гарсан ч лабораторийн шинжилгээгээр тодорхой болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал болон хүний амь насанд ноцтой хохирол учруулсан гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон байна. Тус хэрэгтэй холбоотой хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.
ГУРВАН ХҮН АМИА АЛДСАН УУРХАЙН ЭЗЭД ХИЛ ДАВЖ ЗУГТЖЭЭ
Нийслэлийн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр осол гарч, гурван хүн нас барж, нэг хүн гэмтсэн. Уг осол болсон уурхай нь БНХАУ-ын иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнийн хөгжил" гэх нэртэй уурхай бөгөөд үйл ажиллагааг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч арванхоёрдугаар сард зогсоосон байжээ. Гэвч осол гарахаас 14 хоногийн өмнөөс уурхайг нууцаар ажиллуулснаас үүдэн гурван иргэн амиа алдсан юм. Талийгаачдын ар гэр өмгөөлөгчийн хамт өчигдөр /2019.06.12/ мэдээлэл хийх үеэр Налайх дүүргийн цагдаагийн газар шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийн бичиг баримтыг хураан авах, саатуулах зэрэг ажиллагаа хийгээгүйгээс уурхайн даргыг Монгол Улсын хилээр гарч явах, гэмт хэргээс зайлсхийж ял завших боломж олгосон гэж үзэж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн. Мөн дээрх хэрэгт өнөөдрийг хүртэл Эрүүгийн хэрэг үүсгээгүйгээс гадна нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгохыг шаардсан юм.
ДӨРВӨН ХҮН АМИА АЛДСАН "ЭКО-АЛТАН ЗААМАР” КОМПАНИ ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИД БАГТАВ
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд уурхайн хана нурж хоёрдугаар сарын 28-ны өдөр осол гарч зургаан хүн нурангинд дарагдсан ч өрвөн хүний амийг аварч чадаагүй юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс “Нуралт үүссэн карьерын дээд талд нь арван метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн. Хиймэл нуурын ус хана руугаа нэвчиж нуралт үүсгэсэн. “Эко-алтан заамар” компани нуурыг карьерын дээд талд байгуулсан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн дүгнэлт гаргасан.
Улмаар тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж төрөөс, компаниас тодорхой хэмжээний мөнгө гаргаж хуулийн дагуу олгох ёстой. “Эко Алтан Заамар” ХХК-ийн зүгээс амь эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдгээ мэдэгдэж байсан ч удалгүй чимээгүй болсон. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг тавдугаар сарын сүүлээр шалгаруулсан. Тэгвэл энэ удаад ТОП гэгдэх 100 аж ахуйн нэгжийн тоонд хариуцлагагүй уул уурхай гэж юу болохыг олон нийтэд харуулж чадсан “Эко-Алтан заамар” компани багтсан байсан нь олны эгдүүцлийг хүргэсэн гэхэд буруудахгүй.
ТАЛИЙГААЧДЫН АР ГЭРИЙНХЭНД ТУС БҮР ХОЁР ӨРӨӨ БАЙР ӨГЧЭЭ
Төв цэвэрлэх байгууламжид дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан. Ослын тухайд төв цэвэрлэх байгууламжийн есөн ажилтан хорт хийнд өртсөн ба тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үзүүлснээр амь насыг нь аварсан байна. Амь насаа алдсан дөрвөн иргэний цогцсыг 16:34-17:23 цагийн хооронд лагаас гарган авсан байдаг. Энэхүү осол Төв цэвэрлэх байгууламжийн насосны станцад гарсан ба урьдчилсан дүгнэлтээр лаг шахах, сорох хоолойн насосыг нээх үед түүнд хуримтлагдсан агаар, ялзарсан метанаас авахуулаад 3-4 төрлийн хорт бодис агуулагдсан учраас хүн шууд ухаан алджээ.
“Хэрэв тухайн байгууллага аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэдэг нь тогтоогдвол гурван мянган нэгжээр торгоно. Мөн үйл ажиллагааг нь түр зогсоодог. Гэвч үйл ажиллагааг нь зогсоох ямар ч аргагүй. 48 цаг зогсооход л Улаанбаатар хот болохоо байна шүү дээ. Тиймээс 48 цаг орлуулах л арга хэмжээ авдаг. Хэн буруутайг тогтоох эсэхийг шүүх шийднэ” хэмээн албаныхан хэлж байсан юм.
Нийслэлийн удирдлагууд тавдугаар сарын 30-ны өдөр талийгаачдын ар гэрийнхэнд тус бүрт нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн. Түүнчлэн талийгаачдын ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох ёстой 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор болсон билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ