САЙДУУДЫГ ОНИЛСОН ЖАГСААЛУУД

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

САЙДУУДЫГ ОНИЛСОН ЖАГСААЛУУД

САЙДУУДЫГ ОНИЛСОН  ЖАГСААЛУУД

Улс төрийн “халуурал” өдгөө утгаа алдсан. Хөхөө өвлийн хүйтнээр эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагсаж байсан бол өдгөө иргэд  эсЗасгийн газрын сайдуудаас шаардлага, хариуцлага нэхсэн жагсаалуудыг хийж байна.  Үнийн өсөлт, өвчлөл, албан тушаалын наймаа, ашиг сонирхол зэрэг олон асуудлаар олон сайдуудыг дуэльд дуудсан жагсаалууд хаана, яаж явагдаж байгааг сонирхуулъя.

Ц.НЯМДОРЖИЙГ ОГЦРОХЫГ ХОЁР Ч УДАА ШААРДАВ

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд иргэд сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж хоёр ч удаа жагсаал хийгээд байгаа юм.  Өчигдөр /2019.06.12/ Австралид суух Элчин сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг томилохыг Засгийн газрын хурлаар дэмжсэнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өчигдөр болсон. Жагсагчид тус улсын элчин сайдын яамны гадаа цуглаж, Хууль зүйн сайд Ц.Нямдорж өөрийн хүүг Австралийн холбооны улсад элчин сайдаар томилуулах шийдвэр гаргуулсан хэмээн үзэж байв. Мөн түүнийг хүү Н. Анхбаяртайгаа Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж байсан нь нотлогдсон тул энэ бүхнийг анхааралдаа авахыг Австралид суух Элчин сайдад өргөх бичиг хүргүүлсэн билээ. Н.Анхбаярын тухайд 2004 онд төрөөс санхүүждэг Боловсролын Зээлийн Сангийн дэмжлэгтэйгээр Шинэ Зеландад сурч байсан нэгэн юм. Иргэдийн зүгээс түүнийг Австралид суух элчин сайдаар томилогдвол дараагийн тэмцлээ өрнүүлнэ гэдгийг онцолж буй.

Н.Анхбаярын тухайд 2004 онд төрөөс санхүүждэг Боловсролын Зээлийн Сангийн дэмжлэгтэйгээр Шинэ Зеландад сурч байсан нэгэн юм. Уг жагсаалаас өмнө энэ сарын 12-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны үүдэнд Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал болж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл бүхий шаардах бичиг хүргүүлсэн билээ. Жагсагчид Ц.Нямдорж сайдыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан хэмээн үзэж, түүнийг гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирснийг шүүмжилж шаардах бичигтээ  “Тэр худал, хуурмаг, ашиг сонирхлын зөрчлийн мөнхийн “боол” болоод удаж байна. 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид хуульч эмэгтэй амь насаа алдсан явдал нийгмийн цочроосон. Тус яамны харьяа Хил хамгаалах Ерөнхий газрын Увс аймаг дахь хилийн 0311-р ангийн байлдагч Э оргож амиа хорлосон, мөн Зам тээврийн яаманд хүний амь нас хохирсон ноцтой гэмт хэрэг гарсан, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд Цэргийн 336-р ангийн 19 настай байлдагч А амь насаа алдсан, Нийслэлийн томоохон дүүргийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан ажлын байрандаа халдлагад өртсөн, УИХ-ын гишүүн агсан төрийн ордонд амь насаа сэжигтэйгээр алдсан, Увс аймгийн цагдаагийн газрын хоёр алба хаагч бага насны хүүхэд хүчирхийлсэн гээд Монгол Улсад онц хэрцгий гэмт хэрэг удаа дараа гарч байна. Хамгийн ноцтой нь хүний амь нас ноцтойгоор эрсдэх явдал Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага, төрийн алба, тусгай хамгаалалттай газар, цэргийн ангид сүүлийн үeд байнга давтагдах болсон”хэмээсэн билээ.

           ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛЭЭС ХАРИУЦЛАГА НЭХЭВ

Сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хариуцлага нэхсэн жагсаал тавдугаар сарын 23-нд болсон. Түүнийг  ард иргэдээс уучлалт гуйж өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж Эрүүл мэндийн яамны гадна талбайд сүрьеэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл, Ардчилсан намын эрүүл мэндийн бодлогын зөвлөл жагссан юм. Учир нь сүрьеэгийн өвчлөл хяналтаас гарч, өвчлөл Ерөнхий боловсролын сургуулийн орчинд өндөр тархалттай байхад салбар яамнаас дорвитой арга хэмжээ авалгүй цаг алдсанд буруутгаж байв.  Жагсагчид түүнийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нээс өмнө огцрохыг шаардсан билээ.

Сүрьеэгийн халдвартай холбоотой энэ хаврын дуулиан дэгдэхээс өмнө нөхцөл байдал хүндэрч байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд холбогдох мэргэжлийн зөвлөлөөс нь хүргүүлж байжээ. ЭМЯ-ны дэргэдэх орон тооны бус, сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд болох тухайн салбартаа тэргүүлэгч, анагаах ухааны доктор, профессорууд 2018 оны дөрөвдүгээр сарын 9-нд 02 дугаартай мэргэжил арга зүйн дүгнэлт, зөвлөмж хүргүүлсэн аж. Түүндээ өдгөө олны анхааралд өртсөн 15 дугаар сургуульд гарсан сүрьеэгийн халдвар, дэгдэлтийн талаар санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа хүргүүлсэн гэнэ. Уг зөвлөмжид “Халдвартай сүрьеэтэй өвчтөн болох 15 дугаар сургуулийн багш М-ыг өөр хүний нэрээр бүртгэж, эмчилгээний хугацаанд хэрэглэх бүх эмийг гарт нь олгон эмчилгээг хяналтгүй орхиж, эмэнд дасалтай, тэсвэртэй сүрьеэгээр өвчлөх нөхцөл бүрдүүлсэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансерын холбогдох мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох, багш М-ыг хуулийн байгууллагад шилжүүлэх, багш С-д мөн адил арга хэмжээ авах. Хан-Уул дүүргийн 15 болон 32 дугаар сургуулийг 2013 оноос нэгтгэн 3-4 ээлжээр хичээллүүлж, нэг ангид олон хүүхэд суулгахдаа хэвийн агааржуулалтын нөхцөл бүрдүүлээгүй нь халдвар тархахад нөлөөлсөн” гэж үзсэн байна. Тус сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчнөөр өвчилснөөс гадна  Төв аймагт 200, Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд 70 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардсан жагсаал хийхэд хүргэсэн билээ.

                   БОАЖЯ-НЫ САЙД Д.ЦЭРЭНБАТЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ ЖАГСЛАА

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардсан иргэдийн  жагсаалаас хэдхэн хоногийн дараа тавдугаар сарын 27-нд БОАЖЯ-ны гадна талбайд  сайд Д.Цэрэнбатыг огцрохыг шаардсан жагсаал болсон. Энэ жагсаал  Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын хилийн заагийг өөрчлөхийг шаардсан нутгийн иргэдтэй  зэрэгцэн Зайсан орчимд газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэдийн цуглаантай давхацсан юм. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэдийн зүгээс Тост, Тосон бумбын хассан нурууны улсын тусгай хамгаалалттай газраас 160 мянган га газрыг хассанаар уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж буйг зогсоож,  бүс нутгийг буцаан авах ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хийхийг шаардсан билээ. Түүнчлэн Харин Зайсан орчимд амьдардаг иргэд “Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бүх материалыг нь бүрдүүлж өгсөн байхад газар нь давхцаагүй 31 айлын гэрчилгээг олгохгүй, давхцалтай 89 айлыг ч судалж өгдөггүй энэ асуудалд  Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д.Цэрэнбатыг огцрохыг шаардаж, хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлэн ажлаа хийхийг шаардсан юм.

             ХХААХҮЯ-НЫ САЙД Ч.УЛААНЫГ ИРГЭНИЙ НИЙГМИЙНХЭН ЭСЭРГҮҮЦЭВ

"Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлэхээр өчигдөр /2019.06.12/жагсав. Тус хөдөлгөөнтэй хамтран Авто машинтай жагсагчдын хөдөлгөөн болон иргэний нийгмийн хөдөлгөөнүүд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч.Улааныг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг шаардах бичгийг

Тус албан бичигт "Ч.Улаан сайд Сангийн сайдаар дөрвөн удаа, шадар сайдаар нэг удаа ажиллаж байсан. Одоо ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байгаа. Гэсэн ч өөрийн албан тушаалыг ар гэрийнхэндээ ашигтай байдлаар урвуулан ашиглаж байна. Ч.Улаан сайд  эхнэрийнхээ төрсөн дүү О.Даваасүрэнгийн БНХАУ-ын иргэнтэй хамтран байгуулсан Бээжин интосикэйшн интернэйшнл компанид бог мал хөлөөр нь экспортлох давуу эрх олгосон. Мөн таны эхнэр таван жилийн өмнө өөрийн Сүүн уул ХХК-ын нэр дээр олон тооны тендер авч байсан. Малыг амьдаар нь экспортлох шийдвэр нь монголчуудын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно" гэжээ.

СӨРӨГ ХҮЧИН МАН-ЫН ЗАСГИЙГ ОГЦРОХЫГ ШААРДАВ

АН-аас Засгийн газрыг огцорч, УИХ-ыг нэн даруй тарахыг шаардаж “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал”-ыг тавдугаар сарын 30-нд сүр дуулиантай зохион байгуулсан. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга Занданшатарт Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах талаар тусгасан шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхгүй бол хариуцлага нэхэх эсэргүүцлийн жагсаал үргэлжлэх болно гэдгийг мэдэгдэж байв. Жагсагчид  одоогийн эрх баригчид иргэдээ үнийн өсөлтөөр дарамталж, үр хойчоо халдварт өвчнөөр далайлгасан хариуцлагагүй, ёс зүйгүй Засгийн газрыг огцрох ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Нөгөө талаас энэ жагсаалыг Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” ард түмний биш АН-ынхны улс төр болоод өндөрлөж байна гэх шүүмжлэл дагуулсан билээ.

ЖДҮ-ЧДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ШХАБ-Т ЭЛСЭХИЙГ ХОРИГЛОСОН “ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ"

Ардчилсан намаас зохион байгуулсан "Эсэргүүцлийн жагсаал" –д 40 мянга гаруй хүн оролцсон томоохон хэмжээний жагсаал болсон юм. Тус намын удирдлагууд болон жагсаалыг зохион байгуулагчид Засгийн газрыг 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа төрийн эрхийг барин гурван жилийн хугацаанд биелүүлээгүй гэдгийг сануулж, УИХ тарахыг шаардсан билээ. Тус намын зүгээс шударга хуулийг дээдэлдэг УИХ-ыг шинээр байгуулах ёстой хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн билээ. Жагсагчид  ЖДҮ-чдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэхийг хориглох, МАН-ын амлалтыг сануулж, Ерөнхий сайдад хүргүүлж байгаа шаардлагыг хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж,  үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний  өмнө амласан амлалтаа  өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг мэдэгдсэн юм.

ДОТООЖТОЙ ЖАГСААЛ 

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 27-нд болсон. Хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн билээ. Энэ үеэр түүний  "дотоож"-ны асуудал жагсаал болтлоо өргөжиж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон МАХН-аас ҮХЦ-ийн гадаа дотоож барин жагсч, эсэргүүцлээ илэрхийлэхэд хүрсэн билээ. Тэд “Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгч, УИХ хэлэлцэн баталсан байхад иргэн Ганхуяг энэ шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан. Үүний цаад утга нь Д.Гантулгыг буцаан УИХ-ын гишүүнээр оруулж, нөхөн сонгуулийг цуцлах эрх баригчдын явуургүй арга” хэмээн үзэж байна. Тиймээс ҮХЦ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардан, цуглаан хийсэн юм.

“Өшиг” мэдээлэл судалгааны төвөөс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрд энэ оны нэгдүгээр сараас хойш өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулах зорилгоор хийсэн “Улс төрийн барометр-XIII” судалгаагаар иргэдийн олонх нь /83.9 хувь /Засгийн газар огцрох, Авлигын хэрэгт холбогдсон сайд нар хариуцлага хүлээх ёстой үзжээ. Үүнээс “Засгийн газар огцрох ёстой” гэж Улаанбаатар хотын иргэд түлхүү үзэж байгаа бол “Авлигад нэр холбогдсон сайд нар хариуцлага хүлээх ёстой” гэж хөдөө, орон нутгийн иргэд түлхүү үзэж байгаа юм. Энэ удаагийн УИХ 2020 оноос өмнө тарах нь зөв гэж нийт иргэдийн 88 хувь нь үзэж байгаа бол ийм хандлага Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн дунд өндөр байдаг аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж