Эцэг хуулийн шинэчлэлт ба эрх мэдэлтнүүдийн тайлбар

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Эцэг хуулийн шинэчлэлт ба эрх мэдэлтнүүдийн тайлбар

Эцэг хуулийн шинэчлэлт ба эрх мэдэлтнүүдийн тайлбар

Ардын намын боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Г.Занданшатарын парламент хэлэлцэхэд бэлэн боллоо. Улс төрийн тогтворгүй байдлын гол буруутан болсон тогтолцоогоо өөрчлөх асуудал гурван УИХ дамжин яригдаж байгаа бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөх төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Д.Лүндээжанцанг томилсон.  Уг ажлын хэсэг 2016 оноос эхлэн гурван жил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажилласан билээ.

  Маргаашаас буюу тавдугаар сарын 14-ны өдрөөс УИХ-аар хэлэлцэж эхлэх Үндсэн хуулийг өөрчлөх мандат нь  МАН-д бий. Ингээд  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх улстөрчдийн байр суурийг тоймлон хүргэе.


УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Ажлын хэсэг хоёр жил ажилласан. Давхар дээлийг 100 хувь хориглоогүй. Ерөнхий сайд болон дөрөв хүртэлх гишүүн “давхар дээл”-тэй байж болно. 76 дотор таван хүн ороход хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бие биедээ тавих хяналт сулрахгүй гэж тооцож энэ өөрчлөлтийг оруулсан. Байгалийн баялаг хуваарилалтын талаар иргэдээс маш их санал ирсэн. Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүргэх өөрчлөлтийг оруулсан. Төсвийг батлахад УИХ-ын оролцоог тодорхой заасан. Төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй, зарлага нэмэгдүүлэхгүй гэдэг заалтыг оруулж өгч байна. Мөн Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, хариуцлага тооцож, чөлөөлж чаддаг өөрчлөлтүүдийг хийсэн. Ерөнхийлөгчид 55 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын иргэнийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаанд сонгох өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт 2025 оноос хэрэгжиж эхэлнэ. Шүүгчийг томилдог бус сонгодог болно.

 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

-Үндсэн хуулиа өөрчилж, хариуцлага хүлээдэггүй, салан, задгай, назгай байдлаасаа гарч өөрчлөгдөх ёстой. Үндсэн хуулийн төсөл боловсруулаад байгаа өчнөөн олон хүн яваад байна. Нийлж байгаад Үндсэн хуулийн нэг төсөлтэй болж болдоггүй юм уу. Яагаад ганцхан МАН ийм жижиг өөрчлөлт хийдэг юм бэ. Иймхэн өөрчлөлт хийхийн тулд хэдэн жил баахан мөнгө үрэх хэрэг байгаа юм уу. Агуулгын хувьд энэ өөрчлөлтийг хийсэн ч адилхан, хийгээгүй ч адилхан зүйлүүд олон байна. УИХ сайд нараа томилдоггүй болох гэж байгааг дэмжиж байгаа. Ерөнхийлөгч бол зөвхөн сайд нар гэлтгүй ер нь УИХ томилгоо хийхээс бүрэн татгалз гэж байгаа. Шинэ Үндсэн хуулиар УИХ нь Ерөнхий сайдыг томилоод Засгийн газар томилогдсон гэж үзэж байгаа юм байна. Ерөнхий сайд нь сайд нараа Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулаад өөрөө томилоод явчих юм байна. Томилох, чөлөөлөх, өөрчлөх бүх зүйлээ Ерөнхий сайд өөрөө мэднэ гэж байгаа. Энэ зөв.

УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР:

-УИХ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулж боловсронгуй болгох чиглэлээр эхний өөрчлөлтийг хийнэ. 2000 оны долоон өөрчлөлтийн зургаан өөрчлөлтийг нь хэсэгчлэн болон бүтнээр нь сэргээсэн. Энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад үл хамаарах ажил албан тушаалыг хавсрахыг хориглосон. Үүнийг Үндсэн хуульд Ерөнхий сайд, мөн дөрвөн сайд УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хамт хийж болох юм гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шалгуурыг өндөрсгөж, чиг үүргийг нь тодорхой болгож өгөх нь зүйтэй гэж үзсэн. Сум, дүүргийн засаг дарга нарыг ард нийт өөрсдөө сонгодог болчихъё гэж байгаа юм. Сонгогдсон сум дүүргийн Засаг дарга нь баг, хорооныхоо Засаг даргыг томилно.

УИХ-ЫН ГИШҮҮН, АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:

-Үндсэн хуулийг хэлэлцүүлэхэд дутуу байгаа зүйлс дээр УИХ онцгой анхаарах ёстой. Орж ирсэн төслөөр бүгд батлагдаж, олонхын кнопоор явах ёсгүй. Мэдээж, Үндсэн хуулийг хэлэлцэхэд Ардчилсан намын зөвлөл оролцоно. Гэтэл улс төрийн өнцгөөс харах юм бол Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байна. Тиймээс Үндсэн хуульд орж байгаа үг өгүүлбэр, цэг таслал бүрийг хянах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Үндсэн хуулийг хэлэлцүүлэгт оруулахад урьдчилсан нөхцөл байдал хуулийн дагуу бүрэн хийгдсэн байх ёстой. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг нягталж хүлээж авсан уу гэдэг онцгой анхаарал татаж байна. Бид өөрсдийн байр суурин дээр хатуу зогсож хэлэлцүүлэгт оролцох болно.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:

-Одоо баяр дөхөөд эхэлсэн. Үндсэн хууль руугаа гар дүрчих гээд л эхэллээ дээ. Чуулганы дэгийн тухай хуулийг янз бүр болгох гээд, хүн үхтлээ УИХ-ын гишүүн байх шаардлагагүй. Цаг хугацаа хүнийг хязгаарлана. Залуу үе төрж гарна.  Улайраад л хамгийн олон сонгогдсон нь манлайлаад л сүргийн тэргүүн болж ямаа шиг авирлан Үндсэн хууль руугаа гар дүрэх гээд гүйж байна. Үндсэн хуулийг анх баталсан хүмүүс  та биднийг бодоход нийгмээсээ шалгарсан, мөнгөнд автаагүй ийм үед хийсэн. Гэтэл бид сайжрууллаа гээд долоо дордуулсан. Одоо 70 дордуулах гээд улайрч байна.  Эднийг ард түмэн сонгуулиар очихоор нь нам хусах хэрэгтэй шүү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, зүтгүүлж байгаа гишүүдийг сайн тогтоох хэрэгтэй. Тэгээд сонгуулиар очихоор нь хариуцлага  тооц. Надад одоо үүнээс өөр арга алга. Би цөөнх болж байна шүү.

Ж.ЭРХЭС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж