AP Photo/Tim Ireland
Британийн ханхүү Жорж хатан хааны төрсөний албан ёсны баяр дээр бүх нийтийн анхааралд байлаа. Ирэх сард хоёр нас хүрэх хатан хааны гуч хүү ийм ёслолд анх удаагаа оролцож байгаа гэнэ.
Жоржийн охин дүү Шарлоттаг эцэг эх нь ёслолд авчраагүй байлаа. II Елизаветагийн жинхэнэ төрсөн өдөр нь дөрөвдүгээр сарын 21 бөгөөд энэ жил хатан хаан 89 нас хүрч байна. Гэхдээ XVIII зуунд тогтсон уламжлалын дагуу хааны албан ёсны төрсөн өдрийг зургадугаар сарын тэнгэр цэлмэг, дулаанхан бямба гаригт тэмдэглэдэг.
1748 оноос хойш хааны төрсөн өдрөөр Лондонд хааны гвардийн парад болдог. Анх парадыг тулалдааны өмнө хийн цэргүүдэд тугийг танилцуулдаг байж. Тулалдааны үеэр өөрийн тугийг таних хэрэгтэй учраас тэр ёслолыг хийж байжээ. Харин сүүлийн парадуудыг лондончууд болон жуулчид үзэж сонирхдог.
Хатан хаан өөрийн нөхөр Эдинбургийн жонон Филипийн хамт сүйх тэргээр Букингемийн ордноос морин цэргийн талбайд ирэв. Түүниг хүүхдүүд нь Уэльсийн жонон Чарльз, гүнж Анна мөн ач хүү Уильям дагалдан явав. Уильям нь гвардийн хорооны дарга юм. Хатан хааны гэр бүлийн бусад гишүүд өөр сүйх тэргээр хойноос нь явлаа.
Дараа нь Моллын өргөн чөлөөгөөр морьт болон явган 1100 гвардичууд баавгай арьсан хар малгай, улаан мундиртайгаар өнгөрөв. Талбайд морин цэргийнхэн хатан хааны өмнүүр өнгөрлөө. Жил бүр парад дээр гвардийнхан өөрийн ямар нэгэн ангийн тугийг авч жагсаалын манлайд алхадаг. Энэ удаа тэр туг нь Уэльсийн гвардийн нэгдүгээр сумангийн туг байлаа.
Ёслолын ажиллагааг ордны дэргэдэх өргөн чөлөөний дээгүүр ниссэн дээд нислэгийн Red Arrows багийн нисгэгчид дуусгав. Хааны гэр бүл Букингемийн ордны тагтнаас агаарын парадыг харж байв. Ханхүү Жорж эцэгтээ тэврүүлэн байж онгоцнуудын нислэгийг харлаа.
Хатан хаан II Елизаветагийн зарлигаар Британийн нийгэм, улс төр, олон нийтийн зүтгэлтэн, төрийн албан хаагчид зэргийн 1000 гаруй хүнийг тэрийн дээд одон медаль, цол хэргэмээр шагнажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР