Сүрьеэгийн далд халдвар 10 хувийг эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн далд халдвар 10 хувийг эзэлж байна

Сүрьеэгийн далд халдвар 10 хувийг эзэлж байна

Монголын эрүүл мэндийн үүсгэл /MHI/  судалгааны баг 2015-2019 оны хооронд  “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө”  ямар байна вэ гэдгийг судалжээ.  Судалгааныхаа дүнг өнөөдөр /2019.06.12/ танилцууллаа.

Судалгаанд нийслэлийн зургаан дүүргийн 18 сургуулийн 9814 хүүхэд хамрагдсан байна.

Энэ талаар судлаач, доктор Д.Ганмаа “Нийт зургаан дүүргийн 18 сургуулийн 9814 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлдэг, сүрьеэгийн вакцин хийлгэснээс үл шалтгаалан нарийвчлалтай оношилдог IGRA шинжилгээг хийхэд сүрьеэгийн далд халдвар сургуулийн насны хүүхдүүдийн дунд 10 хувь байна. Харин халдвартай хүүхдүүдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын үзлэгт хамруулахад 129 хүүхэд идэвхтэй  буюу сүрьеэгээр өвдсөн байсныг оношлон, эмчилгээнд хамруулан эдгээсэн байна. Мөн  Д аминдэмийн түвшинг тодорхойлох шинжилгээ хийхэд нийт хүүхдүүдийн 53 хувь нь гүн дутагдалтай, 40 хувь нь дутагдалтай, долоон хувь нь хэвийн гэсэн үзүүлэлт гарсан. Судалгааны урьдчилсан дүнгээр хүний биеийн дархлааны системийн хэвийн ажиллагааг дэмждэг Д аминдэмийн түвшин хэвийн хэмжээнээс бага байх нь сүрьеэгийн халдвар авах эрсдэлийг 23 хувиар нэмэгдүүлдэг. Дам тамхидалт буюу гэр бүлийн хэн нэг гишүүн гэртээ тамхи татдаг тохиолдолд сүрьеэгийн халдвар авах эрсдэлийг дөрөв дахин нэмэгдүүлдэг. Сүрьеэгийн халдвартай хүнтэй хамт байх нь эрсдэлийг дөрөв дахин нэмэгдүүлдэг.  Тиймээс сүрьеэ өвчнөөр халдварлахгүй байхад орчин нөхцөлөөс гадна Д амин дэмийг хангалттай авдаг байх нь чухал байна” гэлээ.

Судалгааны хүрээнд тус байгууллага нь хүүхдүүдэд  156 хоног Д витамин уулгаж, 12 улирал бүр жингээ хэмжүүлж өсөлт хөгжилтөд нь хэр нөлөөлж байгааг мөн судалсан байна. Судалгаагаар витамин Д-гийн төсөлд хамрагдсан хүүхдийн  биеийн өсөлт хөгжилт сайн, ядарч сульдахгүй байх, мөн элдэв төрлийн халдварт өвчинд өртдөггүй зэрэг эерэг үр дүнг үзүүлжээ.

Б. НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж