Чуулган: Стратегийн ордуудыг баялгийн сантай холбоно
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, мөн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн. Гэтэл энэ мөнгө Стандарт банкинд ороогүй гэж байна” гэдгийг тодруулсан юм. Тус асуултад “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн хариулт өгөхдөө “Стандарт” банктай холбоотой асуудал олон жил яригдсан. Үндсэн өр, хүү торгууль нэмэгдээд нийт төлбөрийн асуудал 115 сая ам.долларт хүрсэн. Энэ асуудлыг нэг мөр болгохын тулд бид шууд хэлэлцээ хийж үзсэн. Дараагаар нь зуучлагч компаниар дамжуулах нь Монголын талд хэрэгтэй гэж үзсэн. Ингээд “Ocean Partners” компаниар дамжуулж Стандарт банкинд шилжүүлсэн. Одоо бол "Стандарт" банкны хуулийн компани, “Ocean Partners” хуулийн компани актаа хийж байгаа. Энэ бичиг баримт бүрэн хийгдэж, олон улсын Арбитрын шүүхээр орсноор эцэслэгдэнэ. Гэмт буруутай этгээдээр хохирлоо төлүүлэхээр ажлын хэсэг болон хууль хяналтын байгууллага ажиллаж байна гэв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Эрдэнэт үйлдвэрийг цаашид хэрхэн ажиллуулах вэ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой нэлээд маргаан болсон. Одоо шүүх дээр маргаан эцэслэн шийдэгдэнэ. Засгийн газар хохирлыг тооцоод холбогдох байгууллагад өгсөн. Олон жил яригдсан стратегийн ордуудыг баялгийн сантай холбож эрхзүйн орчныг сайжруулна.
Үргэлжлүүлэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төсөл нь өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг хангах тогтолцоо бүрдэж, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцэд заасан иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг баталгаатай эдлүүлэх хууль зүйн баталгаа нэмэгдэх аж. Хуулийн төсөл батлагдсанаар Монголын Өмгөөлөгчдийн холбоог дахин зохион байгуулж, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай харилцааг хуульчлан зохицуулах боломж бүрдэх мөн шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх үүрэг баталгаажиж, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг мэргэжлийн өмгөөлөгч хамгаалж, өмгөөллийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд явагдах боломж бий болох аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин:
-С.Зоригийн хэрэгтэй холбоотой түр хорооны хуралд сууж байхад, тэр хэрэг дээр өмгөөлөгчийн огт оролцоогүйгээр шүүх болоод явчихсан байна лээ. Тэгэхээр энэ хуулиар ямар дэвшил гарч байна вэ? өмгөөлөгчийн оролцоогүй болсон шүүх хурлын шийдвэрийг хүчингүй болгох гэсэн заалт бий юу?
Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил:
-Дээрх тохиолдолд бол хууль зөрчиж байгаа болохоос хуулийн цоорхой байгаа учраас ийм зүйл болж байгаа биш. Мөн ТЕГ-ынхан чинь өөрсдийнхөө хүнийг өмгөөлөгчөөр оруулсан асуудал байгаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Өмгөөлөгчдийн холбоо болон Хуульчдын холбоог нэгтгэх талаар зохицуулалт орсон уу.Тэтгэвэрт гарсан шүүгч, прокурорууд өмгөөлөгч хийж болох уу?
Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил:
-Хууль батлагдсанаар дээрх хоёр холбоо нэг холбоо болно гэсэн ойлголт байхгүй. Тус тусдаа үйл ажиллагаа явуулна.
Иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцааг чанартай, шуурхай үзүүлэх, түүнчлэн өмгөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс өмгөөллийн үйл ажиллагаа дахь өмгөөлөгчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тодорхой тусгах, үүнд өмгөөлөгч хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалан зохих бэлтгэлтэй оролцох, үйлчлүүлэгчидтэй хүндэтгэлтэй харилцах, гарсан нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг үүргийг нэмсэн байна.
Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг “нөхөрлөл” байхаар төсөлд тусгасан байсныг өргөжүүлж “хязгаарлагдмал хариуцлагатай компани”, “хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл”-ийн хэлбэрээр эрхэлж болохоор буюу өмгөөллийн хуулийн этгээд зах зээлийн зарчмаараа хөгжих боломжийг нээх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэжээ.
Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулснаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.
Хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Уг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Ерөнхий сайдын 2018 оны 06 дугаар сарын 22-ны 123 дугаар захирамжийг үндэслэн байгуулаад байна. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу тус хэлэлцээрийг Улсын Их Хурлаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр соёрхон батлуулсан. Төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3 дугаар зүйлд заасны дагуу “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II” төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлж өгнө үү гэж байлаа.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 41 гишүүний 73.2 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үүгээр чуулганы хуралдааныг хаалаа.
Л.Оюун-Эрдэнэ: Чанаргүй контент бэлтгэж байгаа телевизүүд шахагдана
УИХ-ын чуулганы хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн , ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:
-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Монгол улс хүн амынхаа тоотой хуваахад дэлхийд байхгүй олон телевизтэй. Өнөөдөр 142 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ хууль гарснаар эмх замбараагүй мэдээллийн сувгуудын тоо цөөрөх үү. Мөн телевизүүдийн контентын чанар яаж сайжрах вэ. Энэ хуулиар телевизүүдийн программын бодлого өөрчлөгдөх үү. Тэгэхгүй бол захиалгатай, иргэдийг буруу мэдээлэлд хөтөлсөн сурвалжилга, мэдээ их гарах юм. Та бүхэн анзаарч байгаа байх. Өнөөдөр ордны коридорт сэтгүүлчид бөөнөөр ингэсэн гэнээ, тэгсэн гэнэ, энэ үнэн үү гээд сэтгүүлчдээс яриа авч түүнийгээ бүтэн хариултыг нь бус тасдаад нийтэлчихдэг. Энэ байдал арилах уу. 142 телевизийн заримыг нь түгжмээр байна. Сонгож үзнэ гэсэн үг. нэг бол бүгдийг нь үз, эсвэл огт бүгдийг нь үзүүлэхгүй гэсэн бодлого барих юм. Энэ зохицуулагдах уу.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Өнөөдөр үндэсний контентууд огт үнэлэгдэхгүй байгаа. Тийм учраас гаднын контентууд худалдан авах нь телевизүүдэд илүү ашигтай байгаа юм. Тиймээс энэ хуулиар үндэсний контентуудыг үнэлнэ. Сайн контентууд хийж байгаа телевизүүдэд рейтинг тогтоож тэр контентоосоо сар бүр төлбөр боломж нь энэ хуулиар бий болно. Зах зээлийнхээ чөлөөт зарчмаар муу контент хийж байгаа телевизүүд шахагдана. Энэ хуулиар үнэ нэмэгдэхтэй холбоотой ямар ч зохицуулалт ороогүй. Хэлэлцэхийг дэмжвэл Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж тал талуудыг оролцуулна.
Ажлын хэсэг:
-Үзэгч тухайн сувгийг үзэхээс татгалзаж болох уу гэдгийг асуулаа. Телевизүүд өргөн нэвтрүүлгийн контентуудаа бэлтгээд олон сувгийг дамжуулах сувгаар дамжуулж эцсийн хэрэглэгчдэд контентуудаа хүргэж байгаа. Тухайн сувгийг хэрэглэгчдэд хүргэх үгүй эсэхэд олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд сувгийг түгжих техникийн зохицуулалт бий. Тухайн суваг, өргөн нэвтрүүлгийн телевизийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнээс шалтгаалан газар зүйн байршлаар түгжих хязгаарлалт бий.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Гэмт хэргийн тухай мэдээллийг хүүхдүүд телевизээс авч, соён гэгээрүүлэх холбоотой мэдээллийг авч чадахгүй байгаагаас гэмт хэргийн сэдэлжүүт бий болж байна. Өнөөдөр хамгийн их үзэгчтэй телевиз бол “Dream box” телевиз. Хүүхэд бүхэн үздэг учраас бусад эцэг эхчүүд хов живийн мэдээллийг сонссоноос дээр гэж үздэг. “Dream box” телевиз бол кабелийн суваг. Гэтэл өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд рейтинг тогтоож сайн контент гаргавал мөнгө өгье гэвэл “Dream box” телевиз хамаарагдахгүй. Зах зээлийнхээ зарчмаар телевизүүдийн тоог багасгах нь зөв. Гэхдээ үзэгч тухайн телевизийг энэ өргөн нэвтрүүлгийн суваг, энэ кабелийн суваг гэж хэзээ ч ялгадаггүй. Үүнийг ойлго. Сувгаа сольж байгаад л таарснаа үздэг. Асуудалд бодитой хандмаар байна. Та нар өргөний суваг, кабелийн суваг хоёроо яаж ялгадаг юм бэ. Рейтингээ яаж тогтоох юм бэ. 100-хан айлд төхөөрөмж байрлуулсан судалгааны байгууллагад итгэх үү эсвэл Телевизүүдийн холбооны удирдлагуудад найдаад эхний 10т орсон телевизэд нь мөнгө өгөх юм уу . Эхний 10-т “Dream box” телевизийг гүйцэх телевиз үнэндээ байхгүй. Аж ахуйн шинжтэй буюу санхүүтэй холбоотой хууль битгий оруулж ир. Хүүхдийг мэдээллээс хамгаалах тухай миний санаачилсан хуулийг оруулж ирвэл би дэмжье.
Ажлын хэсэг:
-Энэ хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүлээж авч байгаа бүх нийтийн эрх ашгийг хамгаалсан, мөн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжсэн хууль юм. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ гэдэгт олон нийтэд нэгэн зэрэг хүргэж байгаа үйлчилгээг хамруулдаг учраас өргөн нэвтрүүлгийн телевизүүд, кабелийн сувгууд тэдгээрийг дамжуулж байгаа олон сувгийн сүлжээг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын харилцааг уг хуулиар тусгасан. Хүүхдийн зохисгүй агуулгатаа контентоос хамгаалах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах газар хариуцах нь маш тодорхой болно.
Ажлын хэсэг:
-Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлж энэ ажлын хэсэгт ажиллаж байгаа. Н.Учрал гишүүний хэлж байгаа үнэн. Өнөөдөр контентуудыг бий болгож байгаа хүмүүсийн контентыг олон нийтэд хүргэж байгаа нь Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид юм. Өөрөөр хэлбэл зам нь гэсэн үг.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Өргөн нэвтрүүлгийн тухай энэ хуулиар байрны мөнгө өсөх үү? Эсвэл байрны мөнгөн дэх телевизийн хураамж өсөх үү? 20 хувь гэж яриад байна. Хоёрдугаарт нь сонгуулийн хуулиар нэг секундийн төлбөр өсөх юм. Манай Эрдэнэтэд нэг секунд нь 1000 төгрөг болсон байлаа. Үүнийг зохицуулах уу? Хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө захиална гэх зарчмаар явдаг.
Ажлын хэсэг:
-Олон нийтийн радио телевиз, арилжааны суваг энэ хуулиар нэгэн ижил зохицуулагдаж байгаа. Арилжааны телевизүүд нэмэлт төлбөр авахгүй байгаа. Санхүүжүүлэх нэг үүсвэр улсын төсөв байна гэдгийг энэ хуулиар зааж өгсөн. Сонгуулийн сурталчилгааны нэг секундийн тарифыг Сонгуулийн хуулиар тухайн радио, телевизийн сүүлийн 6 сарын зар сурталчилгааны ханшаар тогтоодог. Байрны төлбөр өсөхгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
– “Хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр орлого нэмэгдэж байгаа. Тиймээс үнэ ханшаа нэмэхгүй шүү. Нэг секундийн 10 мянган төгрөг яриад сууж байдаг телевизийг мэднэ шүү. Тэгээд таван минут яривал гурван сая төгрөг. Үзэгдэл маягаар хандаж болохгүй. МҮОНРТ-ийг хувьчлаач ээ. Хууль зүйн сайдынхаа гар хөл болсон, айдаг телевиз хэрэггүй.
Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төсөл батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэнэ; өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага тодорхой болж, радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болно; сэтгүүлч болон редакцын зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна. Өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам тодорхой болж, өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцолло
Х.Нямбаатар, С.Бямбацогт нарыг байнгын хорооны даргаар томилов
УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.06.12/-ийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН:
-Миний бие УИХ-ын тухай хуульд, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй. Гадаадын захиалгат хуулиудыг эсвэл тодорхой нэг бүлэглэлийн наймаа, ашиг хонжоог хамгаалсан заалт бүхий хуулиудыг өдрийн дотор нь хоёр цагийн дотор хэлэлцээд баталчихдаг. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болоход би зальжин битгий байгаарай, бусдыг битгий ялгаж харьцаарай гэж ерөөж байсан. Гэтэл та өнөөдөр наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ. Миний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй юм бол би өнөөдрөөс эхлэн тэмцэл зарлаж байна. Миний санаачилсан хуулийн төсөл Монголын түмэн олны захиалсан хууль. Өнөөдөр Монголд шүүх, Үндсэн хуулийн цэц, УИХ-д модон алх барьсан хэдэн хүн байна. Та нар худлаа хэлж, хулгай сэтгэлтэй ийм муухай зүйлээрээ алх цохиж Монголчуудыг хохироохоо боль. Та нар наад алхаараа өөрсдийнхөө толгой руу цохицгоо. Төрийн ордныг нүүлгэх юм уу эсвэл арц хүжээр утахгүй юм уу. Бузартсан байна. Алтан амиа хүн алдаж байна. Өөрсдийгөө та нар лам бөөгөөр засуулаад явдаг атал Монголынхоо төрийг засахыг хэзээ ч боддоггүй. Эсвэл нүү, эсвэл Төрийн ордондоо арц хүжээр утаж, ном уншуул. Өнөөдөр махны үнээ хар, хэдэн сайд нарынхаа байж байгааг хар. Нэг ч болж,бүтэж байгаа зүйл алга.
Үргэлжлүүлэн xэлэлцэх асуудалдаа орлоо. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах тухай УИХ-ын тогтоолын дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 64.3 хувиар дэмжлээ. Дараа нь байнгын хороодын даргыг томилох саналыг хэлэлцэн баталлаа.УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг томилохыг 86.7 хувиар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг 84.4 хувиар дэмжлээ. Үүгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, С.Бямбацогт нар байнгын хорооны даргаар томилогдлоо.
Яг одоо чуулганы хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.