Хэлэлцээр, протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаан 10 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцож, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн" ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” XXК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Иймээс Засгийн газар 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоол гаргаж, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ үндсэн дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу ‘Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, "Монголросцветмет" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг шинэчлэн баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгүүлжээ. Мөн дээрх чиглэлийн дагуу "Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон "Монголросцветмет" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдийг томилсон байна.
Тиймээс Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газрын дээр дурдсан шийдвэртэй холбогдуулан Улсын Их Хурлаас соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталсан “Протокол соёрхон батлах тухай” 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг тус тус хүчингүй болгох шаардлагатай болсон байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн гишүүний асуултад өгсөн хариултдаа, сүүлийн үед хэвлэл мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал өндөр үнэтэй байр авсан гэсэн асуудал гарч байгаа нь ор үндэсгүй зүйл, би үйлдвэрийн ажилчдын орон сууцанд амьдардаг, цалин хөлсний хувьд 3 сая төгрөгийн цалинтай. Урьд нь тус үйлдвэрийн захирлууд нууцлалын журмаар гэрээ контрактын дагуу нэмэгдэл урамшуулал авдаг, үйлдвэрийн ашиг, үр дүнтэй холбоотойгоор Улаанбаатар болон Москва хотод 4-5 өрөө орон сууц олгодог явдал байсан юм билээ.
Энэ оны гуравдугаар сараас “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгож бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Оны эхний таван сарын байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-гаас дээш хувиар биелж, улсын болон орон нутгийн төсөвт 380 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлын тухайд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан, тэр дундаа 51 хувийг тасалж барьцаалсан асуудал огт байхгүй. Энэ нь эрх зүйн хувьд ч боломжгүй асуудал. Харин Стандарт банкнаас Жаст групп зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулсан гэх асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа. Үйлдвэрт учирч болзошгүй эрсдэлийг арилгах, өдөр бүр өсөж байсан зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах зайлшгүй шаардлагын үүднээс 2013 оноос хойш яригдаж ирсэн зээлийн төлбөрийн асуудлыг талуудын удаа дараагийн яриа хэлэлцээний үр дүнд эцэслэн шийдэж, 40 сая ам.долларыг төлсөн. Одоо зээлийн төлбөрт төлсөн энэ мөнгийг буруутай этгээдүүдээс гаргуулж үйлдвэрийг хохиролгүй болгохор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Гишүүний гаргасан горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжиж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
Үргэлжлүүлэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүний гаргасан горимын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, О.Баасанхүү, Х.Нямбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрт боловсон хүчний болон бараа таваарын шахаас хийдэг, өмч хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг явдлыг цэгцлэх ажлыг үе шаттай, системтэй хийж буйгаа дурдаад ордоос гарсан овоолгыг хувийн компанид ашиглуулж байгаа, мөн үйлдвэрээс 65 тэрбум гаргаж барьсан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлгийг Япон-Монголын хамтарсан хувийн компанид шилжүүлж, зарцуулсан мөнгөө 18 жилийн хугацаанд эргүүлж авахаар гэрээ хийсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх тодорхой саналаа удахгүй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралд оруулж шийдүүлнэ гэдгээ хэллээ.
Харин “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн ерөнхий захирал Б.Мөнхбат тус үйлдвэр нь 2018 оны эцсээр 78 тэрбум төгрөгийн өртэй байсныг одоогийн байдлаар 63.3 тэрбум төгрөг болгож бууруулаад байгаа. Өр төлбөрийг ойрын гурван жил хагаст бүрэн барагдуулахаар ажиллаж байна. Мөн энэ оны эхний байдлаар үйлдвэрийн мэдэлд 35 тусгай зөвшөөрөл байснаас Засгийн газрын шийдвэрээр Асгатын мөнгөний ордтой холбоотой 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Үлдсэн 31 тусгай зөвшөөрлөөс эхний ээлжинд 8 тусгай зөвшөөрлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзээд энэ чиглэлээр ажиллаж байгаа гэдгээ хэллээ.
Уг хуулийн төсөл нь “Монголросцветмет” ХХК-ийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцож, улмаар уг аж ахуйн нэгжийг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд болгож ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Учир нь Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс шилжсэн тул Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан “Хэлэлцээр соёрхон батлах тухай” 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай болсон байна.
Хуулийн төсөл батлагдсанаар "Монголросцветмет" ХХК нь хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж, улмаар “Монголросцветмет ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдах нөхцөл бүрдэнэ юм байна.
Хоёр талт олон улсын гэрээний төслийг зөвшилцөв
Дараа нь Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төсөл-ийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг гэрээний төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийлээ. Мөн уг гэрээний төслийг зөвшилцөхийг хэлэлцэж дэмжсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.
Манай улсын гадаад хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр иргэд гадаадад зорчих нь нэмэгдэж байгаа. Тэр дундаа сүүлийн жилүүдэд Вьетнам, Тайланд зэрэг улсад аялах, сурах, ажил хэргийн шугамаар зорчих иргэдийн тоо ихээхэн өсөх болжээ. Манай улс 2000 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-тай хоёр улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Мөн “”Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-г 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, одоогоор уг гэрээг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар ажиллаж байгаа аж.
Харин “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, БНСВУ хоорондын гэрээ” байгуулахаар 2017 оноос талууд ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн улмаар Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцжээ. Үүний үр дүнд талууд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, улмаар 2019 оны гуравдугаар улиралд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгааг сайд танилцуулсан юм.
Манай улс одоогоор 17 улстай гэмт этгээд шилжүүлэх талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй ажилладаг аж. Энэхүү гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрддэг байна.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Гэмт этгээд шилжүүлэх тухай хоёр улсын хоорондын гэрээний төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээ тогтов.
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсад Вьетнам улсын хоёр иргэн ял эдэлж байгаа, харин тус улсад ял эдэлж буй монгол иргэн байхгүй. Мөн Вьетнам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг гэсэн тоо баримтыг гэрээний төслийн танилцуулгад дурдсан байна.
Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар боллоо.
Эцэст нь Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд орсон 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай горимоор сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ