Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг“Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг“Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг“Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дэх Тавантолгой нүүрсний орд газраас “УБТЗ“ ХХН-ийн Зүүнбаян өртөө хүртэл нийт 414,6 км бөгөөд уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх, дотоодын нөөц бололцоогоор төслийн санхүүжилт, зам барилга, бүтээн байгуулалтад төмөр замын барилгын ажил гүйцэтгэх чадамж бүхий Зэвсэгт хүчний анги, салбар, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.

Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгийн улмаас өрхийн орлого буурч байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт хүүхдийн ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа байна.

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг хөнгөлж, асаргаанд байгаа иргэний өдөр тутмын эм тариа, асаргааны материал авах зардалд нэмэр болно гэж үзэж байна.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь  Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ. Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна. Тэрбээр энэ хугацаанд бүхий л шатны дарга, удирдлага, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас дэмжлэг хүсч хандаж байжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна.

Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой.

  • Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Үндэсний сурын салбар хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
  • Шагайн харвааны салбар хороог Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороог БСШУС-ын дэд сайд
  • Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороог Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороог ЗГХМОНХХ-ийн дарга
  • Тохижилт, засвар, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  • Хэв журмын салбар хороог Цагдаагийн ерөнхий газрын дарга ахалж ажиллана.

Аймгуудын баяр наадмын хугацааг тогтоолоо

Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,

Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,

Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,

Төв аймгийнх долдугаар сарын 8-10

Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10

Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.

Товч мэдээ

  • Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж