“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ.
Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг өнөөдөр НЗДТГ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хамтран зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга, Захиргаа, хүний нөөц хариуцсан нэгжийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл технологийн ажилтнууд зэрэг нийслэлийн 76 байгууллагын 304 төрийн албан хаагч хамрагдлаа.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хяналтын картын системийг нэвтрүүлж эхлээд байна. Иргэд төрийн үйлчилгээг авах хүсэлт гаргасны дараа тухайн асуудал нь хаана, ямар шатанд, хэн дээр гацсан, шийдвэрлэлт нь ямар түвшинд явж байгааг хяналтын картын тусламжтайгаар шууд мэдэх боломжтой. Хяналтын картыг “eservice.ulaanbaatar.mn”-ээс харахаас гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр очиж хэвлүүлэн авч болно. Ингээд тухайн төрийн албан хаагч дээр шууд очоод уулзаж, асуудлаа ярилцах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахимжуулаад байна. Ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлнэ” гэв.
Хяналтын карт нэвтэрснээр төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, төрийн үйлчилгээ үзүүлэх хурд сайжрах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ