Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболдын тоглосон “Захар беркут” буюу “Дүүлэн нисэх харцага” уран сайхны киноны трейлер цацагдаж эхэллээ.
Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Захар беркут” уран сайхны кино нь 2019 оны аравдугаар сард нээлтээ хийхээр товлосон бөгөөд нийт 110 минут үргэлжлэх гэнэ. Дэлгэцийн уг бүтээлийг Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ.
Киноны үйл явдал 1241 онд өрнөдөг. Тухайлбал, Монголын Бат хааны их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ. Уг кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган тоглосон байна.
А.СҮРЭН