Ч.Улаан сайд баталсан хуулиа зөрчив

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Ч.Улаан сайд баталсан хуулиа зөрчив

Ч.Улаан сайд баталсан хуулиа зөрчив

Төрийн алба төрлийн алба боллоо гэх нэршил бий болоод  уджээ.  Төрийн алба бол УИХ-ын гишүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд болон намын гишүүд, сонгуульд ажиллагсдын “төлбөр” гэж хэлэхэд хилсдэхгүй. Өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр төрийн албыг төрөлжүүлсэн эрх баригчид одоо төрийн үйлчилгээ, төрөөс зарлаж байгаа тендер авах гээд жинхэнэ утгаар нь “эзэрхийлж” байна.

Үүний хамгийн тод жишээ бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан. Түүний эхнэрийн төрсөн дүүг өөрийн зөвлөхөөр ажиллуулдаг бол бас нэг дүү нь Засгийн газраас хэрэгжүүлэхээр бэлтгэлт ажлаа базааж буй бог мал амьдаар нь экспортлох “Бит монголиа” компани байгуулсан, нэг дүү нь Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж буй. Энэ бол зөвхөн нэг сайдын, нэг гишүүний л хамаарал бүхий этгээдүүд. Ялангуяа сүүлийн үед олны анхааралд өртөөд буй мал амьдаар нь экспортлох үйлдвэр баригдаж, тэр үйлдвэрээр дамжуулан энэ ажил хэрэгжих гэж байгаа нь олны анхаарлыг татаад буй. Харин сайд энэ асуултад “Эхнэрийн минь нэг дүү зөвлөх хийдэг, нэг дүү нь мал экспортлох компани барьж байгаа нь үнэн. Гэхдээ миний эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй” гэдгийг хэлэв. Мөн тэрбээр би хууль зөрчөөгүй, ямар нэг буруу зүйл хийгээгүй гэдгийг тодотгов.

Мал амьдаар нь гаргах, гаргахгүй асуудлыг энд түр орхиё. Харин Ч.Улаан сайдын  хэлсэн үгэнд ганцхан л хариулт өгий. 2012 онд УИХ-аас баталсан Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсан байдаг. Энэ хуульд хамаарал бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байна.

Хуулийн 3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” хэлнэ гэж маш тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, түүний өөрт нь хамааралгүй гээд буй эхнэрийнх нь дүү нар хамгийн их хамаарал бүхий этгээд нь болж буй юм.

Нэг зүйлийг тодотгоход 2012 онд ч Ч.Улаан сайд УИХ-ын гишүүн байсан бөгөөд энэ хуулийг ч мөн батлалцсан гэсэн үг.

Түүнээс гадна хуульд хамаарал бүхий этгээдтэйгээ ямар харилцаа үүсгэж болохгүй вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Тодруулбал,

6.3.Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.

11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

14.3.Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй:

  • 3.1.өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө;
  • 3.2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;
  • 3.3.албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө.

Ч.Улаан сайдын хувьд олон жил парламентад сууж байсан, ахмад, туршлагатай улстөрчдийн нэг гэж намынхан нь дүгнэдэг. Тэгвэл иймэрхүү байдлаар тэрбээр өнгөрсөн хугацаанд ажиллаад ирсэн юм биш биз гэж хардах сэтгэл төрнө. Угтаа бол төрд ажилласан туршлагаараа тэр хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын асуудлаас хамгийн их татгалзах туршлага, буурьтай байх учиртай. Гэхдээ тэрбээр өнгөрсөн хугацаанд гүрийх, ёс зүйгүй авирлах, өөртөө л “боломж” олгохыг  улс төрөөс цуглуулж, хуримтлуулсан бололтой.

Яг ийм байдлаар өөрийн хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосоор, ёс зүйгээ уландаа гишгэж байгаа сайд нартаа хариуцлага тооцооч, эрх баригчдаа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж