Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.06.11) хуралдаан 14 цаг 37 минутад 63.2 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргалан явуулсан бөгөөд таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
Эхлээд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Мурат, Х.Нямбаатар нар ажилласан байна. Хоёр удаа ажлын хэсэг хуралдсан бөгөөд дараах санал, дүгнэлтийг боловсруулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах талаар хуульчлахаар санал гаргасан байна. Ингэснээр иргэн өөрийгөө өмгөөлөх сонголт хийсэн тохиолдолд төсөлд заасан өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргээс тодорхой эрхийг эдэлж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг бүрдүүлнэ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой тодорхой саналыг тусгасан гэв. Өмгөөлөгч нийгмийн хариуцлагын хүрээнд нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөлөх үйл ажиллагааг явуулах бөгөөд зохион байгуулах үүргийг Өмгөөлөгчдийн холбоо хариуцах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Өмгөөллийн үйл ажиллагааны амин сүнс болсон үйлчлүүлэгч-өмгөөлөгчийн хоорондын харилцааг тодорхой болгож үйлчлүүлэгчийн эрхийг хангах талаар тодорхой саналуудыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, иргэд өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар өмгөөллийн үйл ажиллагаа эхэлсэнд тооцдог бус, өөрийн нууцаа, мэдээллээ, хүсэлтээ өмгөөлөгчид гаргаж ярьснаар өмгөөлөгчийн үйлчлүүлэгч болсонд тооцдог зохицуулалтыг оруулахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг томъёолсон байна. Өмгөөллийн нууцлалтай холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарч, өмгөөллийн нууцад үйлчлүүлэгчид үзүүлж буй хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөлөгч-үйлчлүүлэгчийн холбоотой бүхий л баримт сэлт, мэдээллийг хамруулах, өмгөөлөгч өмгөөллийн нууцыг хадгалах өмгөөллийн үйл ажиллагааны зарчим, өмгөөлөгчийн үүрэгт нэмж, үйлчлүүлэгчийг хамгаалах, өмгөөллийн нууцыг задруулахыг хориглохоор төсөл тусгасан байна. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзвэл мэдээлэл, лавлагааг төрийн болон төрийн бус байгууллагаас гаргуулах эрхтэй байх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Энэ хүрээнд холбогдох албан тушаалтан тухайн мэдээлэл, баримт сэлтийг гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэх, холбогдох хуулиар нууцад хамааралтай асуудлаар өмгөөлөгч нууцын баталгаа гаргасны үндсэн дээр танилцах боломжтой байхаар төсөлд тусгажээ.
Иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцааг чанартай, шуурхай үзүүлэх, түүнчлэн өмгөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс өмгөөллийн үйл ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тодорхой тусгах, үүнд өмгөөлөгч хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалан зохих бэлтгэлтэй оролцох, үйлчлүүлэгчидтэй хүндэтгэлтэй харилцах, гарсан нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг үүргийг нэмсэн байна.
Өмгөөлөгчөөс иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах үндсийг бүрдүүлэх үүднээс өмгөөлөгчөөр ажиллах эрх авахдаа мэргэжлийн шалгалт өгдөг байх нь энэ хуульчийн мэргэжлийн шалгалтаас онцлог буюу мэргэжлийн бэлтгэл, ёс зүй, мэтгэлцэх ур чадвар зэрэг өмгөөлөгчөөр ажиллахад шаардлагатай ур чадварыг шалгах агуулгатай байхаар тусгасан болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор нь шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг бөгөөд энэ нь шүүхийн өмнө оролцогчдыг тэгш бус эрхтэй мэт харагдуулдаг тул үүнийг хэлбэрийг хувьд засах, өмгөөлөгч прокурортой тэгш мэтгэлцэж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх, нөгөө талаар иргэний захиргааны хэрэгт мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж байгаа этгээдээс ялгах үүднээс өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Иймд өмгөөлөгчийн тусгай өмсгөлийн загвар, хийц, холбогдох журмыг Өмгөөлөгчдийн холбоо батлах аж.
Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг “нөхөрлөл” байхаар төсөлд тусгасан байсныг өргөжүүлж “хязгаарлагдмал хариуцлагатай компани”, “хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл”-ийн хэлбэрээр эрхэлж болохоор буюу өмгөөллийн хуулийн этгээд зах зээлийн зарчмаараа хөгжих боломжийг нээх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн байна. Мөн Өмгөөлөгчдийн холбооны чиг үүргийг тодорхой болгох, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах нөхцөлүүдийг нэмж тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналыг нэгбүрчлэн хэлэлцэж төсөлд тусгасан гэв. Ийнхүү зарчмын зөрүүтэй 45, найруулгын шинжтэй багцалсан 3, дагалдах бусад хуулийн төслүүдийн талаар 7 саналыг тус тус бэлтгэн томъёолсон байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хувь мэргэжилтэн, байгууллагын төлбөрийн баримтын талаар болон өмгөөллийн хөлстэй холбоотой ямар нэг зохицуулалт төсөлд бий эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан төсөл дэх өмгөөллийн даатгалтай холбоотой зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав өмгөөлөгчдийн ёс зүй, өмгөөллийн нууцыг чандлахтай холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өмгөөлөгчид болон өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын татвар төлөлтийн талаарх дэлгэрэнгүй тоон мэдээллийг тус тус тодруулж, ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Ингээд ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАРЫГ ДЭВШҮҮЛСНИЙГ ДЭМЖИВ
Дараа нь тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Байнгын хороодын дарга нарын сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд бусад Байнгын хорооны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн болохыг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр танилцуулсан. Тэрбээр 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг дүүргэж, 2000 онд Орхон их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2002 онд Орхон их сургуульд боловсрол судлалын магистр, 2008 онд Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистр, 2012 онд Удирдлагын академид төрийн удирдлагын докторант, 2017 онд Хууль сахиулахын их сургуульд хууль зүйн ухааны докторантаар суралцаж тус тус төгссөн байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
ГЭМТ ЭТГЭЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦӨХИЙГ ДЭМЖИВ
Хуралдаанаар үргэлжлүүлэн Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр 2018 онд тус Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Улсын Их Хурал, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн хэд, хэдэн гэрээ байгуулснаа дурдав. Энэ үеэр Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг байгуулахаар тохиролцсон гэлээ. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг. Дээрх гэрээ нь 22 зүйлтэй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд дурдав. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 3 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг энэ үеэр танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН БАТАЛЛАА
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан гурван заалт бүхий “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжлэв. Төсөлд зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор шүүх, прокурор, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад зөрчлийн талаарх цахим бүртгэл, цахим мэдээллийн санг бий болгохтой холбоотой чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байна. Мөн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавьж байгаа прокурорын хяналт, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зөрчил хянан шийдвэрлэсэн шүүхийн мэдээллийг төвлөрүүлэх, харилцан мэдээлэл солилцох дундын нэгдсэн сан бий болгож, холбогдох дүрэм, журмыг батлах, сургалт зохион байгуулах, шаардлагатай бусад арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгажээ. Түүнчлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төсөвт тусган, жил бүр санхүүжүүлж байхыг Засгийн газар /У.Хүрэлсүх/-т, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны даргад тус тус даалгахаар төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илэрхийлээд, зөрчлийн талаарх цахим бүртгэл, цахим мэдээллийн сангийн тодорхой хэсгийг иргэд, олон нийтэд нээлттэй ашиглах боломжтой байлгах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Иргэн, хуулийн этгээд эрх зүйн харилцаанд орж буй иргэн, хуулийн этгээдээ зөрчил гаргасан эсэх, давтан үйлдсэн эсэхийг хянах боломжийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн тайлбарласан. Ингээд түүний уг саналыг тогтоолын төсөлд тусган батлах нь зүйтэй хэмээн үзлээ. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол батлагдав.
Хуралдааны төгсгөлд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ