Таван зуун дамжсан тэмбүүгээ "өвлүүлсээр" байх уу?

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Таван зуун дамжсан тэмбүүгээ "өвлүүлсээр" байх уу?

Таван зуун дамжсан тэмбүүгээ "өвлүүлсээр" байх уу?

“Аальгүйгээс хамаргүй” гэгчийн үлгэрээр “Улаан тариа”-гаар эмнүүлж байсан, монголчуудын гашуун түүх дахин давтагдахад тун ойрхон байгааг Эрүүл мэндийн яамнаас сануулж эхэллээ. 21-р зуунд дэлхий нийтээрээ тэмбүү гэх өвчин байдаг эсэхийг ч мартсан байхад харин бид тэмцэж байна.


1960-ААД ОНД 33 ОТРЯД УЛС ДАЯАР УЛААН ТАРИА ХИЙСЭН

Бид өнөөдөр дэлхийн соёл иргэншил, хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, үнэтэй, ганган машин, гар утас хэрэглэж, дэлхийд ямар шинэ зүйл гарч ирнэ тэр бүхнийг эдэлж, хэрэглэж байна. Эдэлж, хэрэглэж байгаа зүйлээрээ бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна. Харамсалтай нь дэлхий нийтэд хэдийнэ устаж үгүй болсон хамгийн хэцүүхэн нэртэй өвчнөөр хэдэн зуугаараа тусч, төрж амжаагүй бяцхан үрсдээ "өвлүүлж" байгаа нь эмгэнэл юм.

Монголчууд түүхэндээ 1948, 1952-1956, 1958-1960 онд нийт хүн амыг хамарсан эрүүлжүүлэх үзлэг хийсэн. Монгол оронд тэртээ 1924 онд Түшээт хан аймгийн гурван хошууны хүн амд хийсэн шинжилгээ, судалгаагаар төрсөн бүх хүүхдийн 48 хувь нь гурван нас хүрэлгүй нас барж буй дүн гарчээ. Энэ талаар 1928 онд РСФСР-ийн экспедицийн түүвэр мэдээнд 44.5 хувь нь гурван ойндоо хүрэлгүй нас барж, 18-55 насны бүх эмэгтэйчүүдийн 31 хувь нь хүүхэд төрүүлээгүй, амаржсан эхийн гуравны нэг нь амьгүй хүүхэд төрүүлсэн талаар Зөвлөлтийн эрдэмтэд тэмдэглэн үлдээсэн байдаг.

Энэ тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны зөвлөх эмч Х.Даваажав ярихдаа “Монгол улсад 1921 онд Ардын засгийн анхны шийдвэрээр “Яр тэмбүү өвчнөөс ард түмнээ салгая” уриатайгаар эрүүлжүүлэх ажлыг эхлүүлж байсан. Мөн 1927 онд П.Н.Шастин эмчийн хийсэн судалгаагаар Монголын тухайн үеийн 600 гаруй мянган иргэний 50 хувь нь тэмбүүтэй байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэмбүү өвчинтэй тэмцэх Монгол Улсын туршлага асар их бий. Тухайн үеийн ЗХУ-ын ард түмний тусламж болон Монголын Засгийн газрын санаачилгаар 1925-1960 онд таван удаагийн эмнэлэг, ариун цэврийн отряд экспедиц ажилласан байдаг. Үүний үр дүнд нийт хүн амын 95.5 хувийг үзлэг, оношилгоонд хамруулж, тэмбүүгээр өвдсөн иргэдийн 87 хувийг эмчилж, эдгэрүүлснээр тархалтыг зургаа дахин бууруулж чадсан юм. Хамгийн сүүлд 1958-1960 онд л гэхэд улс даяар “Улаан машинтай отряд” нэртэй 33 отряд хоёр жилийн хугацаанд явж, улаан тарианы үйл ажиллагааг эхлүүлж байсан” гэв.

Тухайн үеийн тэмбүү өвчнийг эмчлэх эмчилгээ нь улаан өнгөтэй, гурван найрлагаас бүрдсэн бихиноль тариагаар эмчилж байв. Харин 1960-аад онд тэмбүү өвчний эмчилгээний аргачлал өөрчлөгдөж, пенцлиний группээр эмчилдэг болж, өнөөг хүртэл үр дүнгээ өгч байгааг албаныхан хэлсэн юм.

ТЭМБҮҮ МОНГОЛЫН НЯЛХ ҮРСИЙГ Ч ТОЙРСОНГҮЙ

Тэмбүү өвчин хүний бүх эрхтэн арьс салс, үс, яс, дотор эрхтэн, мэдрэлийн эсийг хүртэл гэмтээдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хамгийн гол хөнөөл нь эхээс урагт дамждаг нийгмийн халдварт өвчин болоод байгаа нь харамсмаар.

Тэмбүү өвчтэй эхээс урагт дамжсан халдварыг төрөлхийн тэмбүү өвчин гэнэ. Гэтэл төрөлхийн тэмбүү өвчин сүүлийн таван жил тутам 30-аас дээш тохиолдол илэрч, зөвхөн 1917-2018 онд 45-59 тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.

Өнгөрсөн 2018 онд гэхэд бүртгэгдсэн 49 тохиолдлын 38 нь жирэмсний хяналтад ороогүй, хяналтад хамрагдсан жирэмсэн эхийн 20 хувь нь тэмбүү өвчинг илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй байгаа нь үнэхээр харамсмаар. Бас нэгэн өр өвтгөм тоог дурдахад нийт бүртгэгдсэн тохиолдлын 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгджээ. Харин 2019 оны эхний таван сард бүртгэгдсэн 29 тохиолдлын нэг хувь нь нас барж, хорвоог орхижээ.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны өрхийн эмнэлэг дээр гэхэд өнгөрсөн 2018 онд тэмбүүтэй 43 жирэмсэн эх хяналтад оржээ. Гэвч эдгээр жирэмсэн ээжүүдийг эмчилгээнд хамруулах нь хамгийн хүндрэлтэй байдаг тухай эмч нь учирлаж байв. Харамсалтай нь тэмбүү өвчтэй гэдгээсээ санаа зовж, хэвлий дэх үрийнхээ амь насыг том эрсдэлд учруулж байгаагаа эс ойлгох аж. Харин 2019 оны эхээр тус хороонд тэмбүүтэй 13 эх бүртгэгдээд байгаа бөгөөд дахин шинэ тохиолдол бүү нэмэгдээсэй гэж хүсдэг тухайгаа эмч нь ярьж байлаа.

Тэмбүүгийн шинжилгээг харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй, өндөр нууцлалтайгаар авах гэнэ. Үзлэг шинжилгээнд хамрагдсанаар гурван удаагийн хүчжүүлсэн пенцлин тариаг зургаан цагийн зайтайгаар долоо хоног тарьдаг. Эмчилгээ дууссаны дараагаар бүтэн жил эмчийн хяналтад байх шаардлагатай юм байна.

АЛТ ОЛБОРЛОЖ БУЙ ИРГЭДИЙН ДУНД ТЭМБҮҮГИЙН ТАРХАЛТ ИХ БАЙНА

Хувь хүний эрх чөлөөгөөр “хамгаалагдсан” тэмбүү өвчин Монголын ирээдүйд заналхийлж байна. Тиймээс Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл бэлгийн замаар дамжих халдварт өвчний нэг тэмбүүг устгахаар “дайн зарлаад” байгаагаа энэ сарын 10-н мэдэгдсэн. Салбар яамны сайд хэлсэн үгэндээ “Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас бэлгийн замаар дамжих халдварт өвчин болох тэмбүү өвчинтэй “дайн зарлаж” байна. Өнөөдөр нийт халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувьтай байна. Жилд ойролцоогоор 50-55 төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол илэрч байна. Монгол Улсад 1990-ээд оноос өмнө нийт хүн амынхаа 95.5 хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан түүх бий. Тиймээс салбар яамнаас хоёр жилийн хугацаанд хоёр том зорилттойгоор тэмбүү өвчинг устгах “Улаан тариа 2” аянг зохион байгуулахаар ажиллана” гэдгийг онцлон хэлсэн юм.

Нийт бүртгэгдсэн тэмбүү өвчний 51-65 хувь нь ил халдвартай хэлбэр байгаа нь өвчин тархах нэг нөхцөл шалтгаан болж байна. Өнөөгийн нийгэмд тэмбүү өвчин тархахад ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд ихээр нөлөөлж байна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Бэлгийн замаар дамжих халдвар тэр дундаа тэмбүү өвчний статистик үзүүлэлтийг хүн ам зүйн байдлаар нь авч үзвэл бүлгийн хүмүүс ихэнх тохиолдлыг эзэлж байгаа бөгөөд тэр дундаа уул уурхай, алт олборлож буй иргэдийн дунд тэмбүүгийн тархалт их байгааг салбар яамнаас мэдээлж байв.

Мөн энэ үеэр зөвлөх эмч Х.Даваажав “Тэмбүү өвчин 60 гаруй хувь нь далд хэлбэртэй оношлогдож, өөрт зовиур шаналгаа мэдрэгдэхгүй болохоор эмнэлэгт ханддаггүй. Энэ нь тэмбүү өвчин нийгэмд тархах нэг шалтгаан болж байна. Өнөөдөр эмч мэргэжилтнүүд тэмбүүтэй өвчтөн хаанаас халдвар авч, эргээд хэнд халдвар тараасныг төдийлөн олж, тогтоож чадахгүй байна. 1990-ээд онд эмч нар нэг хүнээс дунджаар хоёр хүний халдвар тээгчийг тогтоож, эрүүлжүүлдэг байсан бол өнөөдөр нэг ч халдвар тээгчийг олж тогтоож чадалгүйгээр ажиллаж байгаа” гэдгийг нуусангүй.

Тэмбүү өвчин анх 17-р зууны үед Монголд орж ирсэн гэдэг. Түүнээс хойш бүхэн бүтэн таван зуун дамжин монголчуудын дунд "оршсоор", өнөөдөр бидний анхаарлын төвд орж ирэв.

Эцэст нь, дэлхий нийт цаг минутаар хөгжиж, хавдарын эс устгаж, ДОХ хэмээх өвчнийг эдгээх гээд шинэ нээлтүүд рүү тэмүүлж байхад бид 19-р зуунд дэгдэж байсан тэмбүү өвчинтэйгээ "зууралдаж", "дайн" зарлаж эхэлж байгаа нь ичгүүртэй гэмээр. Нэгэнт бий болж, "дайн" зарлахаас өөр сонголтгүй болсон бол тэмбүүтэй дан ганц Эрүүл мэндийн яам тэмцээд нэмэргүй. Албадан шинжилгээ хийж, эмчилгээнд хамруулж, анхааруулсан ч хувь хүний ариун цэвэр, биеэ авч явах соёлд  нийгэм, нийтээрээ нэгдэж байж бид тэмбүүгээс сална.  Ялангуяа тэмбүү тусах эрсдэлтэй хэсэгтээ онцгой анхаарах, өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, бэлийн замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, өөрийгөө хэрхэн хамгаалах гээд нийтээрээ, нийгмээрээ тэмцэж байж бид тэмбүүгүй Монгол болно. Бид өнгөрсөн хугацаанд юуны төлөө юуг орхигдуулсан, ямар ирээдүйг, үр, хүүхдүүдээ хэн болгож өсгөж байна вэ гэдэгт дор бүрнээ тунгаах цаг болжээ.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж