Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь автомашины түгжрэл. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 530 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлд 73 мянган тээврийн хэрэгсэл шинээр дугаар авч бүртгэгдсэн бол 4300 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагджээ. Ийм байдлаар жил бүр дунджаар 70 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд нэмэгдээд байвал 2025 он гэхэд нийслэлд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлтэй болж замын хөдөлгөөнийг зохицуулж чадахгүйд хүрэх эрсдэл тулгараад буй.
Хүн бүхэн машинтай болох гэж эрмэлзэх болсныг нийтийн тээвэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбон тайлбарлах хүн олон. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжтэй, чанартай болчих юм бол нийслэлийн оршин суугчдын арван хүн тутмын нэг нь л авто машин унадаг болох боломжтой болох юм. Тэгэхээр хотын замын ачаалал, түгжрэлийг одоогийнхоос хоёр дахин бууруулна гэсэн үг. Иймд нийслэлийн иргэдийн цаг завыг хумсалсан түгжрэлийг шийдвэрлэхийн тулд нийслэлийн удирдлагууд 2015 оноос яригдаж эхэлсэн Bus rapid transport /BRT/ буюу тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр одоо ч ярьсаар байна.
ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС 2021 ОНД ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТЭРНЭ
Уг нь тусгай замын автобус нь 2015 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр батлагдсан ч, тухайн үедээ Улаанбаатар хотод метро барих учир, тусгай замын ашиглалт шаардлагагүй гэдэг шалтгаанаар хэрэгжиж амжаагүй гэх. Үүнээс гадна 2017-2018 онд тусгай замын автобусыг барьж байгуулах зураг төслийг боловсруулахаар олон улсын тендер шалгаруулалт зарлажээ. Харамсалтай нь тухайн жилдээ тендер сонгон шалгаруулалт нь амжилтгүй болсон учраас энэ жилээс дахин олон улсын тендер зарлахаар бэлдэж буй. Ямартай ч дээрх асуудал анх яригдаж байсан цагаасаа хойш зургаан жилийн дараа гараанаас гарахаар дуншиж байна. Тус төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа бөгөөд 2020 онд бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2021 онд үйлчилгээнд нэвтрүүлэх гэнэ. Өнөөдрийн байдлаар төслөө боловсруулан, зээлийн хэлэлцээр нь байгуулагдсан байна. Өмнө нь тусгай замын автобусыг өөрийн улсдаа хийж байсан туршлагагүй учраас олон улсын сонгон шалгаруулалт зарлан, зураг төслөө хийлгэх аж.
Ингэхдээ автозамын нэгдүгээр эгнээг бусад эгнээнээс тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулна. Өөрөөр хэлбэл, автобусны нэгдүгээр эгнээг замын голд, автобусны буудлыг мөн замын голд шилжүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар 90 чиглэлд 845 автобус өдөртөө 600 гаруй мянган хүнд үйлчилж буй. Тусгай замын автобус нь үйлчилгээнд нэвтэрснээр автобус ямар ч саадгүй явж, иргэд ч цаг алдахгүй хэмээн албаныхан онцоллоо. Эхний ээлжид “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбайгаас долоон буудал хүртэлх коридорыг сонгожээ. Коридор гэдэг нь одоо байгаа зам дагуу, нэг түвшинд автобус зорчих эгнээг хэлдэг аж. Мөн “Энхтайвны өргөн чөлөө”-ний хэсэгт коридор барих барилга угсралтын ажил эхлүүлэх юм байна.
ДҮҮЖИН ТЭЭВЭР 2020 ОНД НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТЭРНЭ
Сонирхуулахад, 2020-2021 онд Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр Кабел Кар буюу дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна. Нийслэлийн уулархаг хэсгүүдэд зам, дэд бүтэц бага хөгжсөн учраас дүүжин тээвэр хэрэглээнд нэвтэрснээр хотын хойд суурьшлын хэсгийн иргэд хурдан шуурхай зорчих боломж бүрдэх гэнэ. Ингэхдээ дүүжин тээврийг кабелаар холбох бөгөөд 2020 онд ашиглалтад орох боломжтой хэмээн албаныхан үзжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ