Гандантэгчинлэн өнгө оржээ

Хуучирсан мэдээ: 2019.06.12-нд нийтлэгдсэн

Гандантэгчинлэн өнгө оржээ

Гандантэгчинлэн өнгө оржээ

Монголын үүх түүхийн үнэт өв болсон Гандантэгчинлэн хийд өдгөө Улаанбаатар хотын төв цэгт оршдог ч гэр хорооллоор хүрээлүүлэх болсон нь энэхүү түүх соёлын дурсгалт газрын үнэ цэнийг алдагдуулах болоод олон арван жилийг элээж буй. Айлуудын банзан хашаа, модон жорлон, навсархай гэр, нүүрсний утаа, үнс шороо бужигнасан орчны нөлөөгөөр улам саарал болж гундсан энэхүү дурсгалт газар саяхнаас хуучин муу тэрлэгээ сольж, өнгө нэмжээ. Хэзээ хамгийн сүүлд будаж байсан нь мэдэгдэхгүй шавар нь ховхорч унасан хана нь улбар шар өнгөтэй болж, хашаанд ид бүтээн байгуулалт өрнөөд хүн бүр толгой өндийх завгүй байгаа нь есхөн хоногийн дараа болох Азийн буддистуудын Энхтайвны Бага хуралд бэлтгэж буй нь энэ  юм.

Буддын шашинтны хамгийн том арга хэмжээний нэг болох энэ уулзалтад 30 орны 500 зочид, төлөөлөгчид оролцох ба тэд энэ сарын 21-нд Улаанбаатар хотод Гандантэгчинлэнд шинээр байгуулагдаж буй Батцагаан дуганд хуралдах учраас зочдыг хүлээн авах бэлтгэл дотор болон гадна талбайн  бүтээн байгуулалтын ажил олон сарын өмнөөс эхэлсэн байна. Одоогоор бэлтгэл ажил 90 хувьтай байна. Өчигдрийн байдлаар Батцагаан дуганы гадна талбайн тохижилтын ажлыг Хууль сахиулахын их сургуулийн оюутнууд Монголын бурхан шашинтны төвийн сурагч, оюутнуудтай хамтран гаднах талбайн тохижилт цэвэрлэгээний ажилд сайн дураараа оролцож буйг Гандантэгчинлэн төвийнхөн тодотгож байв.

Дуганын хойморт бурхан багш хоёр шавийн хамт байх ба хоёр талын танхимд 1000 орчим лам хуварга сууж ном хурах орчныг бүрдүүлэхээр тохижилтын ажлыг хийж буй. Таазны оронд монгол гэрийн тооно байх нь монголчуудын уламжлалт зан заншил, нүүдлийн соёл ахуй, өв соёлын утга агуулжээ. Нийт 21 мянган метр квадрат талбай бүхий Батцагаан дуган ирэх намар албан ёсоор үүдээ нээх ба энэ удаа гаднын зочид төлөөлөгчид хуралдана гэдгээрээ Гандантэгчинлэн хийдийнхэн онцгой анхаарал хандуулж буй нь нүдэнд ил тусна. Барилгын таазны хээ угалз нь буддын шашны гүн утга агуулгыг илэрхийлсэн ба монгол сийлбэрчдийн ур ухаан сэтгэл зүрх шингэсэн байна. Зочид төлөөлөгчдийн суух олбогийг сайн дурын болон тус хийдийн уран гартууд өөрсдийн гараар шаглан урлаж байх бөгөөд нийт 380 олбогийг өөрсдийн гараар урлажээ.

Батцагаан дуганы шавыг 2008 онд тавьж, барилгын бүтээн байгуулалтын ажлыг 2010 оноос эхэлсэн байна. Шинэ дуган үзэсгэлэнгийн гурван танхим, хурлын гурван заалтайгаас гадна хоёр давхрын тагтнаас Гандангийн дэнжийн бүрэн тольдох орчныг ч бүрдүүлжээ. Дуганы оройгоос Гандангийн дөрвөн өөр  өнгө төрх харагдана. “Модны-2” орчмоос харвал, тэр олон гоё байшингийн цаана арзайж сарзайсан олон хашаа гэр байшин байна гэж төсөөлөмгүй. Гандан доторх шинэ бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй хүмүүс, хийд рүүгээ алхаж буй лам хуварга, сүсэгтэн олон харагдах ба хашааны цаана Тасганы овоо тодхон ба түүний цаана хотын төв дэх тэнгэр баганадсан барилга сүндэрлэнэ.

АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХТАЙВНЫ БАГА ХУРАЛ БАТЦАГААН ДУГАНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮЕСТЭЙ ТААРЧ БАЙНА

Олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД: 

-Азийн буддистуудын Энхтайвны Бага хурал тун удахгүй болно. Энэхүү хурал нь Батцагаан дуганыг бүтээн байгуулж буй үестэй таарч буй онцлог үйл явдал болж байна.Энэ хурал бол буддын шашны түүхэн өв уламжлалыг хадгалах даян дэлхийд энх тайвныг уриалах зорилготой байгуулагдсанаасаа хойш 50 жил өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд 11 хуралдахдаа дэлхий нийтэд энх тайван хүний эрх чөлөөг уриалж байв. Монголчууд бид уламжлалт буддын шашинтай ард түмэн учраас ийм хүндтэй байгууллагад албан ёсны бүртгэлтэй гэлээ.

Буддын шашин 2500 гаруй жилийн өмнө үүссэн ч Монголд хөгжөөд 20 гаруй жил болж байгаа нийгмийн ажлын хөгжилд, тэр дундаа нийгмийн ажлын сургалтын хөтөлбөрт Монголчуудын соёлын өвийн нэг чухал хэсэг болсон Буддын уламжлалт соёл, мэдлэг,  үнэт зүйлс, улмаар Азийн уламжлалт соёлд тулгуурласан нийгэм, хүмүүнлэг, сайн дурын ажлын туршлагаас тусгах,  практик үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч Азийн бүс нутгийн үндэсний соёл, уламжлал, Буддын шашнаас улбаатай соёл, мэдлэг ухаан, үнэт зүйлс болон хүмүүнлэгийн үйл ажиллагааны тухай ойлголт, мэдлэгээ  нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж